Sunday, October 26, 2008

Бэрхийг давж амьдар Н.БАГАБАНДИ (2008-10-13)

Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.

Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна.

Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай.

Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.
Солонгосын нисэх буудал дээр нэг монгол залуу намайг таниад гүйгээд ирлээ. Тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нэг. Хөдөөний залуу гэнэ. Өмнө хэзээ ч хийж үзээгүй хүндхэн ажил хийдгээ хуучиллаа. Анхандаа ийм хүнд ажил хийж дийлэх болов уу, удаан тэсэх болов уу гэж шантарч байж. Хүний газрын хоол унд, цаг агаарт нь дасахад эхэндээ хүндхэн л байсан. Бусад хүмүүс болоод л байна. Би тэднээс юугаараа дутуу юм бэ? Гүрийх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулсан.

Хүндрэл бэрхшээлтэй үеэ давсан. Одоо дажгүй. Чамлахааргүй мөнгө олж байгаа. Хамгийн гол нь энд ирснийх бэрхшээлийг сөрж, ажил сурч, тархи толгойдоо жаахан мэдлэг цуглуулж аваад нутаг буцах санаатай гэж хэвлүүхэн, хэрсүүхэн надад хэлээд инээж байна. Солонгос хэл сурч байна уу гэж асуулаа. Энд юу ч мэдэхгүй, таг ирсэн. Одоо өөрийгөө болгочихно оо. Цаашдаа овоо болчих байх гэж нүүр бардам хэлж байна. Би энэ бүхнийг сонсоод овоо доо гэж дотор сэтгэлдээ баяртай байлаа. Тэр залуу дийлэхгүй болов уу гэж айж байсан ажлаа дийлэн хийдэг болжээ. Мэдэхгүй байсан харь хэлийг мэддэг болж байна. Чадахгүй байснаа чаддаг болж. Хамгийн гол нь өөрийгөө ялж чаджээ. Тиймээс тэр хүчтэй ялагч.

Саад бэрхшээлээс айх, хулчийх хэрэггүй. Аймхай, хулчгар байж саад бэрхшээлийг амжилттай давж туулна гэж бодохын ч хэрэггүй. Хүн “нэг удаа хулчийсан бол дараагийн удаа бас хулчийдаг” гэнэ. Хулчгар зантай бол түүнийгээ үтэр түргэн засахыг оролд. Хулчгар занг засч болно. Зөвхөн өөрөө зориглон хичээх хэрэгтэй. “Хулчгар амьтан өдөртөө зуу дахин үхдэг” гэдэг юм. Хулчгар зан айдсаас үүдэлтэй. Хүн зөвхөн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Аливаа айдсыг мэдлэгээр ялдгийг мэдэж ав. Цаг ямагт айдсаас чичрээд байх юм бол хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Түүнчлэн мөнхийн айдастай амьдарч буй хүнийг эрх чөлөөтэй гэж хэлэх аргагүй.

Аймхай хулчгар зангаа хаях эр зориг чамд хэрэгтэй. Зөвхөн өрсөлдөгчөө ялсан төдийгүй, өөрийн сул тал болох аймхай хулчгар зангаа ялж чадсан тэр хүн эр зоригтон. Эр зориг чамд бэрхшээл саадыг улаан нүүрээрээ угтахын тулд ч хэрэгтэй, улмаар саад бэрхшээлийг даван туулахын тулд ч хэрэгтэй. Их, бага гэлтгүй бэрхшээл саадыг шантралгүй, залхууралгүй даван туулах явцад эр зориг чамд өдрөөс өдөрт хуран хуримтлагдаж төлөвшинө.

Бэрхшээл саадыг давахад тэвчээр хэрэгтэй. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чадна”. Тэвчээргүйгээс болж саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх тохиолдол цөөнгүй. Би үүнийг хийх ёстой, хийж чадна гэж зорьж тэмүүлсэн л бол ямар ч бэрхшээл саад тулгарч байсан тэвчин давахыг эрмэлз. Саад бэрхшээл чиний эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг сорьж шалгах шалгуур болно. Шалгуурыг амжилттай давснаар дараа дараачийн саад тотгорыг хялбар давах тэвчээрт сургаж, сэтгэлийн тэнхээ суулгаж, дархлаажуулж өгнө. Тэвчээр гэдэг нь зүгээр л тэвчээд суугаад байхын нэр биш. Цаг нь ирэхээр бүтэж л таарна гээд нүдээ аниад, гараа хумхиад хэвтээд байх ч хэрэг биш. Тэвчээр гэдэг нь чадахгүйгээ чадахын төлөө, сураагүйгээ сурахын төлөө, хийгээгүйгээ хийхийн төлөө бүх чадлаараа мэрийн хичээж, уйгагүй хөдөлмөрлөхийг хэлж байна.

Ийнхүү хөдөлмөрлөх явцад тохиолдох элдэв саадыг тэвчин давж, цаана нь гарч, урагш тэмүүлэхийг хэлж байна. Том үйлийг бүтээе гэж зорьсон хүнд том тэвчээр хэрэгтэй. Том хэргийг бүтээхийг зорьсон хүн жижиг зүйлээр оролдвол том саад бэрхшээлтэй учирч болохыг мэд. “Үржил шимгүй элс, марааг тэвчээр л цэцэгт тал болгон хувиргана”. Хүнд бэрхийг давж гарахын тулд боломжтой бүх оролдлогыг хийж, бололцоотой бүх аргыг ашиглах хэрэгтэй. Харин ашиглах хэрэгтэй, гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны дүрэм байдгийг мартахгүй байх нь чухал. Хүнд бэрхийг туулж өнгөрөөхдөө бусдад муу зүйл хийхгүй байхыг эрхэмлэ. “Ямар нэг муу зүйл хийчихсэн бол чи түүнийгээ нууж болно гэж бодохын ч хэрэггүй. Учир нь чи бусдаас нуулаа ч өөрийнхөө хүн чанараас нууж чадахгүй шүү дээ”. Гагцхүү тэсвэр тэвчээртэй хүн л эхэлсэн үйл хэргээ дуусгана, тэсвэр тэвчээргүй хүн замын хугаст шантран зогсоно.

Бэрхийг гэтэлж чадалгүй шантарсан бол сэтгэлээр унан, доош орох хэрэггүй. Хэдийгээр амжилт олоогүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг буруутгах, өөлөх хүн төдийлөн байдаггүй юм. Хүч ухаанаа хуримтлуулан, алдаагаа давталгүй, дахин оролдоод, дахиад чармайгаад үз. Чи гарцаагүй чадна. Чармайлт бол амжилтын эх булаг байдаг юм. Холыг зорьж, алдрын оргил өөд тэмүүлж байгаа бол саад бэрхшээлгүйгээр тэнд очно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Цэцэг бүрхсэн зам хэзээ ч алдарт хүргэхгүй”.

Бэрхэд бүү цухалд. Хий цухалдсанаас олох олдвор, хожих хожвор байхгүй. Эхнээсээ л тэр хүнд бэрхийг би гэтэлж дийлэхгүй гээд цухалдан бодчихвол сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж давж гарахад хүнд болно. Тиймээс уужуу тайвуу, ухаантай бай.
Бэрхийг давж цаана нь гарч чадсан хүн урамтай. Би чадлаа шүү дээ гэж өөрөөрөө бахархах сэтгэл аяндаа төрнө. Бэрхшээлийг давах болгонд чамд шинэ эрч хүч хуримтлагдана, шинэ мэдлэг, чадавхи нэмэгдэнэ. Туршлага сууна. Хэрсүүжнэ. Няцашгүй эр зориг хуримтлагдана. Няцашгүй зоригтой байвал чи ямар ч саадыг давах хүч чадлаар сэлбэгдэж байх болно.
Бэрхийн өмнө хүлцэнгүй сөгдөх биш, бэрхийг хүчлэн давж амьдар.

Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн Н.БАГАБАНДИ (2008-09-15)

Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.

Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах сумны өд наах хэсгийг “мөс” гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй, сумны мөн чанар нь алдагдана.

Монгол хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр хөлийн чигчий шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс хоёрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй, муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ёстой. Хүний мөс муудаад, муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.

Хүн мөсний дээд жишигийг үр хүүхдээ хайрлах эхийн сэтгэлээр илэрхийлсэн домгийн өгүүлэмжтэй байх нь элбэг. Ганц хүүтэй, сайхан сэтгэлт элбэрэлт эх байжээ. Хүү нь ханиа буруу сонгож шуламтай нөхцөв. Эхнэр нь болсон шулам хүндээр өвдсөн болж, баашлан хэвтжээ. Ямар ч эм тан өгч, эмч отчид очоод заслыг үл олов. Хүү нь эхнэрээсээ чиний амийг аврахад юу хэрэгтэй байна вэ, би чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж учирлан аргадав. Шулам эм, миний бие заслыг олоход ганцхан л зүйл хэрэгтэй.

Даанч чи түүнийг авчирч өгч чадахгүй гэж уйлагнав. Түүнийгээ хэлээч дээ гэж хүү учирлав. Ээжийнхээ зүрхийг авчирч өгвөл би эдгэнэ гэж эхнэр нь хэлэв. Хүү ээждээ очиж эхнэрийнхээ хэлснийг хэлэхэд ээж нь хүүд минь хэрэгтэй байгаа юм бол миний зүрхийг ав даа гэжээ. Эхийнхээ зүрхийг бариад яаран гүйж явсан тэнэг хүү чулуунд бүдрэн ойчжээ. Тэгэхэд ээжийнх нь зүрх “хүү минь, чи өвдөөгүй биз?” гэж хайрлан, халаглан асуусан гэх домог бий. Энэ домог хэдийвээр гунигтай, сонсоход хэцүү хүнд ч эх хүний хүүгээ гэсэн цэвэр ариухан сэтгэл, хүн мөсний мөн чанар, утга учрыг яруу тод илэрхийлсэн байдгаараа онцгой юм.

Шүүдрийн усыг цуглуулан цай чанаж өгвөл шөнө ганцхан удаа босч хөхүүлсэн ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэнэ гэх зүйрлэл бий. Энэ бол манай ухаант ард түмний хүн мөс, ёс суртахууны агуу зүйрлэл мөн билээ. Саяхан би “Шартсан найзынхаа шарыг тайлах нь ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэхүйц ач мөн” гэх сонин марзан зүйрлэл сонслоо. Цаг үеийн ханшийг илтгэж, өнөө үеийн өнгийг заасан зүйрлэл бололтой юм.

Гэхдээ энэ хэллэг ёс суртахуун, хүн мөсний ямар их өндөр зэрэглэлтэй байсан ард түмний зарим хэсгийнх нь ёс суртахууны ханш ямар их шалдаа ортол дордож байна аа гэх сэтгэл түгшээсэн зовлон гунигийг дагуулж байгаа нь харамсмаар. Хүний мөс гэдэг нь их үнэтэй зүйл. Хүн мөсөө хадгалах нь өөрт байгаа сайн сайхан бүхний охь дээжээ муутгаж дордуулалгүй, хаяж гээлгүй хадгалж байна гэсэн үг. Хүний мөс чанар сайхан сэтгэлийн үйлдлээр өөрийгөө таниулж байдаг юм. Сайхан сэтгэлтний хүн мөс муудаж дордоно, муруйж тахийна гэж үгүй. Хүн мөсийг дор­дуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм.

Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгө будагтай. Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг. “Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй”.

Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ёстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг.

Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж “баяр хүргэе” гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоёрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв.

Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий. Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл.

Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг чинь дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.

Чамд атаархаж ердөөн ч хордохгүй ээ гэх чин зүрхний цагаахан сэтгэлээр өөрийгөө чимж яв.

МЭДЛЭГ БОЛ ХҮЧ Н.БАГАБАНДИ (2008-09-01)

Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч.

Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол, мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм. Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурхны хишиг байдаг бол, доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал.

Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл.

Мэдлэг-үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. “Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. Хүн аль болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна.

Хүн ер нь яахын тулд мэдэх хэрэгтэй байдаг юм бэ? Зөвхөн мэдэхийн тулд мэдэхээр эрмэлзэх хэрэгцээ үгүй. Мэдлэгийг амьдралдаа хэрэглэхийн тулд олж авдаг. Хэрэгцээгүй хураасан мэдлэг, агуулахад ашиглалтгүй хураалттай байгаа бараанаас онцын ялгаагүй. “Чи олон зүйлийг мэдээд, мэдсэнээ өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол юуных нь ашиг байх билээ” гэж хэлсэн ухаантай хүний үг санаанд чинь тодхон байж байг.

Ямарваа зүйлийг мэдэхийг хүсч байгаа бол бүр сайн мэдэж, цаана нь гарахыг хичээх хэрэгтэй. Дутуу дулимаг мэдэж, зэрэмдэглэх нь ашиг тусаа өгөхгүй. Юм юмыг мэдэх гэж хөөцөлдөөд алийг нь ч мэдсэн юм байхгүй дутуу хаяхгүй байхыг амьдралдаа мөрдлөг болго.

“Юмыг муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр”. Юм юмыг мэдсэн, сурсан байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж үздэг хүмүүс бий. Үүнийг буруутгах учиргүй. Тийм хүнийг юм юмны дөртэй, аль ч юманд эвлэгхэн сайн хүн гэж магтан ярилцдаг. Олон зүйл мэдэх гэж биеэ зовоогоод юу хийнэ.

Амьдралд хэрэг болохыг нь л мэдэхийг оролдвол чамд хэрэгтэй гэж хэлж зөвлөх хүн гарна. Үүнийг ч буруутгах аргагүй. Тэгвэл “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйлийг мэддэг хүн мэргэн ухаантай байдаг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Мэргэн ухааны нэг шалгуур нь хэрэгтэй зүйлийг мэдэхийг эрмэлзэх явдал ажээ. Хүүхэд, залуус та нар амьдралдаа хэрэг болох зүйлийг юуны түрүүн мэдэхийн төлөө мэрий. Ихийг мэдэх нь буруу гэж чамд хэлж зөвлөх хүн тааралдахгүй байх.

Гэхдээ ихийг мэдэх гэж мэрийснээс сайныг мэдэх нь илүү чухал шүү гэх зөвлөгөөг хүлээн авах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэгсийн дунд хог ургамал ургадагтай адил хэрэг болох сайн мэдлэгтэй хамт хэрэгцээ шаардлагагүй хортой муу мэдлэг холилдон байх нь цөөнгүй. Буруу зүйлийг мэдэх, эзэмшсэн зөв сайн мэдлэгээ буруу зүйлд ашиглахын аль аль нь хортой муу үйл мөн. “Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас долоон дор”.

Мэдэхгүй байгаагаар нь хэнийг ч өөлж голж, өөнтөглөж хажиглах хэрэггүй. Тэртэй тэргүй хэнд ч мэдэхгүй, чадахгүй юм мянга түмээрээ бий. “Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой” гэдэг юм. Харанхуй бүдүүлэг байхыг хүсдэг эрүүл ухаантай хүн энэ хорвоод үгүй. Харанхуй бүдүүлгийн гурван төрөл байдаг гэнэ. Огт юу ч мэдэхгүй байх.

Мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхэд залуус та нарт юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг байх эрх байхгүй. Мэдлэг хэмээх их хүчийг биедээ шингээж авахын төлөө бүхнээ дайчлан хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголын залууст Тангадын хараал хүрчих вий гэж би арваад жилийн тэртээ сэрэмжлүүлэн хэлж байлаа. “Бүү мэд. Мэдсэнийг бүү ав” гэх энэ хараалыг адгийн адаг хараал гэж дээдэс үздэг байжээ.

Хоёр. Мэдвэл зохих зүйлийг мэдэхгүй байх. Залуу хүн бүр зайлшгүй мэдэж байвал зохих хамгийн наад захын энгийн зүйлс бий. Залхуурч суусаар, биеэ дайчлахгүй зөнд нь орхисноос, хайран цаг зав, нөөц боломжоо буруу зүйлд зарж төөрч будилснаас мэдвэл зохих зүйлийг мэдэлгүй өнгөрч, харанхуй бүдүүлгийн эгнээнд хоцорч үлдсэн бол туйлын харамсалтай. Тиймээс залуу хүн болгон зайлшгүй мэдвэл зохих зүйлээс илүүг мэдэхийг өөрийнхөө наад талын зорилго болгох хэрэгтэй.

Гурав. Бүхний мэддэг зүйлийг буруугаар болон тэнэгээр мэдэх. Бусдын мэддэг зүйлийг тэднээс дутуугүй, магадгүй илүү мэддэг хэрнээ үйлдэл нь дандаа буруу, тэр ч бүү хэл тэнэг гэмээр үйлдэлтнүүд цөөн бус байдаг. Хэдийчинээ их уншина, төдийчинээ бага мэддэг хүмүүс ч байх. Тэд уншсан, судалсан бүхнээ буруу зүйлд зарцуулна, бүдүүлэг байдалдаа зэвсэг болгон ашиглана. Тэдний ёс суртахууны боловсрол шалдаа унатал доошилсон байдаг юм. Тийм хүмүүс харанхуй бүдүүлгийн хүлээснээс салж чадахгүй зовно. Ямар ч боловсрол ёс суртахууны боловсролоос дээгүүрт тавигдах ёсгүй. Ёс суртахууны үндэсгүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш, хуурамч мэдлэг. “Мэдэхгүйгээсээ бүү ай. Харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс эхтэй” гэж аугаа ухаантан сэрэмжлүүлсэн байна.

Сайн мэдлэг чам дээр өөрөө явж ирээд тархи толгойд чинь шингэн хуримтлагдана гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй” гэдгийг ой ухаандаа бат тогтоож авцгаа. Мэдлэг хүнийг чимнэ. Зөв сайн мэдлэг хүнийг өөд нь татна. “Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог” юм.

Сайн мэдлэгтэй болоход чамд тавигдах анхдагч шаардлага нь мэдлэгт тэмүүлэх чиний хүсэл. “Суралцах хүсэлгүй сурагч бол далавчгүй шувуутай адил”. Мэдлэгт тэмүүлэх чиний сонирхол чамайг мэдлэгийн хязгааргүй далайд аялахад чигийг заагч луужин, аян замын чинь хөтөч болно. Мэдлэгт тэмүүлэх сонирхолгүй бол ямар ч хүч чамайг зогссон байрнаас чинь хөдөлгөж дийлэхгүй.

Ихийг мэдэх сонирхолтой байж ихийг мэдэх боломж нь нээгдэнэ. Ямарваа мэдлэг боловсрол зөвхөн өөрийгөө дайчилж, өөрийгөө шахаж, өөрөөсөө шаардаж, өөрөө хичээж, өөрийгөө боловсруулах замаар л олдоно гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож явцгаа. Хэнээс ч хараат бус эрх чөлөөтэй байя гэж хүсч байгаа бол мэдлэг боловсролтой бол. “Мэдлэг боловсрол эрх чөлөөг буутай цэргээс илүү манадаг” юм.

“Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт байдаг” гэж эртний Герегийн нэгэн их хүн хэлсэн байна. Ухааны жаргал эдэлье гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол мэдлэгт шунан дурлаж тэмүүл.

Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго Н.БАГАБАНДИ (2008-08-18)

Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай.

Чиний хамгийн ойрын хүрээлэлд байгаа хүмүүс чинь хэн бэ? Тэд ямар хүмүүс вэ? Итгэж, найдаж болох хүн үү? Нарийн нандин зүйлээ тэдэнд нууж хаалгүй ярьдаг уу? Чамд бусдын зөвлөлгөө хэрэгтэй үед тэд чин сэтгэлээсээ хэлж, зөвлөдөг үү? Эгзэгтэй мөчид хуурчихгүй, худалдчихгүй байх болов уу? Чамаас хэзээ ч, ямар ч үед урвахгүй хань нөхөр чинь байж чадах уу? Буруу зөрүү зүйлд уруу татах муу зан, зуршилгүй биз? Ойрын хүрээний хүмүүсээ энэ асуултуудын дагуу үе үе шинжиж байхад буруудахгүй.

Чиний хамгийн ойрын хүрээний хүмүүс – гэр бүлийнхэн чинь. “Уг сайтыг харж урагла” гэж залуучуудад хандан захиж хэлдэг үгээ давтан хэлье. Энэ туйлын чухал шүү. “Уг муутыг усан дотроос ч түймэр авна”. Сайн яваа эр болгоны цаана зайлшгүй нэг хүчирхэг эмэгтэй байдаг нь гарцаагүй. Сайн эхнэргүй эр амжилтад хүрч байсан тохиолдлыг бодож олох гээд үзээрэй. Олдохгүй л болов уу. Олдсон ч өдрийн од шиг ховор үзэгдэнэ биз ээ.

Чиний ойрын хүрээний хүмүүс – найз нөхөд чинь. Хүний амьдрал богинохон. Аливаа хүн өөртэйгөө харилцахад таатай тийм хүмүүсийг олж нөхөрлөдөг. Нэг ангид гуч гаруй хүүхэд байлаа гэхэд тэднийхээ хоёр, гуравтай нь л илүү дотно үерхэж, сэтгэл юугаа уудлан ярилцдаг байх жишээтэй. Ажлын хамт олны дотроос ч бие биенийгээ ойлголцох, үзэл бодол ойр, итгэл даах тийм цөөн хүмүүстэй найрсаг харилцаатай байж, ойртон дотносдог. Сайн нөхөд хувь тавилангаараа уулзан учирдаг юм. Хүнийг ханилж яваа нөхрөөр нь шинж гэдэг ухаалаг үг ч бий. “Бүх зүйлээ ярьж болох тэр хүн миний нөхөр мөн”. Жинхэнэ найз нөхөд байхын тулд бие биендээ итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл эвддэг найз – хамгаас аюултай дайсан байдгийг мэд. Баялаг бол нөхөр биш, харин нөхөр бол баялаг. Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин итгэж үл болох замын хань байдаг учир хашир хянуур бай. Чиний амжилтанд өөрийн ололт мэт чин сэтгэлээсээ баярлаж, эрч хүч нэмдэг нөхөд – жинхэнэ нөхөд.

Дутагдлыг чинь хаацайлаад дуугүй өнгөрдөг хэтэрхий тэвчээртэй буюу мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй дүр эсгэдэг хэтэрхий хайнга хүрээллийг бүү сонго. Дутагдлыг чинь нүднээс далд шивнэн ярьдаггүй, нүүрэн дээр чинь ил хэлдэг хүмүүс жинхэнэ нөхөд. Дутагдлыг сануулан хэлж өгч буй хүнд тухайн үедээ хэн ч дуртай, таашаалтай байх нь ховор. Тэгсэн хэрнээ эд нар итгэж болох хүн мөнөөс мөн учир чиний ойр хүрээлэлд шалгаран үлдэх нь гарцаагүй.

Хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нэг хүрээлэлд багтан нэгэн зорилгын төлөө тэмүүлж байна. Аль хүрээлэлд нэгдэн нийлэх нь хүний өөрийнх нь эрх хийгээд сонирхлын асуудал юм. Гэхдээ өнөөдөр нэг хүрээлэлд байгаа нь үүрдийн нөхөд байх баталгаа биш. “Чиний нөхөр мэт дүр эсгэдэг дайсан илүү аюултай”. Ер нь жинхэнэ дайснууд өөрсдийн чинь дотор байдгийг мартаж болохгүй. Хорт могой ойроос хатгадаг гэдэг. “Ойр дотно хүмүүсийн хоорондын дайсагнал онцгой эвлэршгүй байдаг” тул аль болохоор тийм байдалд хүрэхгүй учир явдлаа олж байх нь чухал.

Хүмүүс сонирхол, дуртай зүйлсээрээ сүжрэн нэг хүрээлэлд багтах нь элбэг. Сонирхсон зүйлдээ хүч боломжоо төвлөрүүлж, нэгдэн нийлж түмэн олны нийтлэг тусын тулд хамтран зүтгэвэл нэн сайн. Дотоод, гадаад холбоо харилцаа сайтай, итгэлт түншүүдтэй, хөрөнгө мөнгөний бололцоотой иргэд янз бүрийн клуб, иргэдийн байгууллагад нэгдэн, нэг хүрээлэл бүрдүүлж, нийтийн тусын төлөө ашгийн бус үйл ажиллагаа өргөнөөр эрхлэх болсон нь буянтай ажил. Сурч мэдэх, хийж бүтээхийн төлөө сонирхол юугаа нэгтгэн, нэг хүрээлэл үүсгэж, санал бодлоо солилцон, дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж, бие биенээ нөхөн сэлбэж яваа бол бүр сайн.

Мөрийтэй тоглоомонд сонирхол нийлж, дөрөө харшуулан хатирч яваа бол тун муу. Олсноо дуусгаж, хурааснаа барж, өр зээлийн хар ангал руу сайн дураар ойчих бэлтгэлийг хангаж өгдөг адгийн хорлол бол мөрийтэй тоглоомны дон шүглэх гай барцад юм. Түүнийг нүдэндээ үзэж, гартаа барих нь бүү хэл чихэндээ үл сонсохыг хичээн холын хол яв. Архи, тамхины андууд болж өөрийгөө болон ойр тойрныхноо хордуулж, сэтгэлийн дарамтанд зовоож яваа бол бүр ч муу. Архи, тамхины хүрээлэлд анд нөхөд мэт хамт сажлах тэд аюулт дайснаас ч долоон дор урт удаан хугацаанд тарчлаан зовоох хор цацаж явна гэдгийг эрхбиш ойлгох хэрэгтэй.

Мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асуухдаа бүү ичиж зов. Чиний эргэн тойронд ухаантай олон хүн бий. Бусдаас сайн яваа тэр хүмүүс өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, тусалж дэмжихэд хэзээд бэлэн байдаг юм. Чиний ажиллахыг хүсч байгаа салбарт чинь их амжилт гаргасан хүмүүсийн хойноос уйгагүй хөөцөлдөж хайж ол. Энэ хүн чиний багш. Амьдралын бүхий л чиглэлээр ийм багшийг олж болно. Бизнес, амьдралаа зөв авч явах арга ухаан, спорт, удирдахуйн ухаан, бичиг цаасны ажил гэх мэт. Багшаа яаж олох вэ? Тогтсон бэлэн жор би хэлж чадахгүй. Гэхдээ нэг зарчим хэлж өгье.

“Сурагч бэлэн болсон бол багш өөрөө аяндаа гараад ирдэг” гэсэн зарчим. Юуны өмнө юу сурч, ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа эргэлзээ тээнэгэлзээгүй тогтож, бие хийгээд сэтгэл зүйгээ бэлдсэн байх шаардлагатай. Өөрөө бэлэн биш бол зуун сайн багш байгаад тус нэмрээр бага. Сайн багш чиний юу чаддаг, юу чаддаггүйг эхлээд шалгана. Багш чамайг ирлэж хурцалж өгнө. Миний улс төрийн ажлын гараа Төв аймгаас эхтэй. Гуч шахам жилийн тэртээ дөнгөж их сургууль төгссөн инженерийн дипломноос цааш юу ч үгүй шахам намайг хүлээж авсан хамгийн том дарга маань Төв аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэндийн Адьяа хэмээх эрхэм хүндтэй хүн.

Хурдны морь уяж байгаа хүн морио давхар хөлслөх гэдгийн утга учрыг сайн мэднэ. Сайн дарга нар ажилтнаа давхар хөлсөлж шалгадаг байсан юм. Нэг өдөр Ц.Адьяа дарга дуудаж байна гэв. Даргын өрөөнд орлоо. Хэдэн хуудас бичгийн цаас өгөөд зөвлөлгөөн дээр хэлэх үгийн төсөл миний өрөөнд, наанаа суугаад бич гэлээ. Төсөл монгол, орос хэл дээр байх ёстой гэнэ. Үзэг, цаас хоёроос өөр ашиглах зүйл байхгүй.

Энэ хүний бэлэн байгаа чадвар ямар юм бэ? Тархи толгойд нь юу байна? Чиглүүлээд, заагаад өгвөл гайгүй ажилтан болох найдвар байна уу, үгүй юу гэдгийг өөрийн биеэр шалгаж байгаа хэрэг. Тулхтай, туршлагатай мундаг хүмүүс ингэж л хүнээр хүн хийх зам мөрийг нь зааж, зөв тавилын суурь үндсийг бат суурилуулж өгдөг байсан юм. Ц.Адьяа дарга бид бүгдийн багш. Хэлж ярихыг нь хүндэтгэн сонсоно. Үйлдэл хөдлөлийг нь дагаж дууриахыг оролдоно. Түүнээс сүрдэнэ. Мэдлэг чадвараараа ч, дадлага туршлагаараа ч, зангарагаараа ч давамгайлна. Удирдах хүнд зангарага гэж нэг маш чухал юм бий. Зангарага багатай удирдагч өргөн олны хүндлэлийг хүлээхгүй.

Бусдаас илүү хүнээс хүрээлэл нь айна, хүндэтгэнэ, дальдчина. Дутуугийн айдас хэзээд ичгэвтэр бөгөөд адгийн айдас байдаг юм. Ц.Адьяа даргын хэлдэг үг нь үнэн бөгөөд далайцтай, хийдэг үйл нь зөв бөгөөд даамай, бусдыг биеэрээ үлгэрлэн дагуулна. Хувийн дутагдал үгүй. Байсан ч хүрээлэлдээ эс харуулна. Эрүүл саруул хүрээлэл бий болгоно. Ерөн нас дөхөж яваа энэ эрхэм хүний ухаан санаа нь сав саруул. Хэлэх ярих нь цэгцтэй. Биеэ авч явах байдал нь эрхэмсэг, цэвэр цэмцгэр хэвээр. Ц.Адьяа дарга одоо ч бидний хамгийн сонирхолтой, ухаантай харилцан ярилцагч, зөвлөгч хэвээр.
Амьдралынхаа бүхий л салбарт чамайг үнэн сэтгэлээсээ дэмжих, урам зориг, эрч хүч нэмэх, зорилгодоо хүрэхэд чинь түлхэх, ирлэж хурцалж байх, бурууг чинь шүүмжилж, зөвд чинь баяр хүргэн урам хайрлах тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Урам магтаалын элэгсэг үгийг өөрийн хүрээллийнхэндээ харамгүй хэлж бай. Нэг, хоёрхон элэгсэг үг хүнийг аз жаргалтай болгоно. Сайн хүрээлэл бүрдүүлж чадсан бол чи амжилт, ололтдоо эргэлзэх хэрэггүй, азтай хийморьтой байх болно.

Монголд ЦӨлжилтӨӨс сэргийлэх хӨдӨлгӨӨний амжилтад хҮрсэн тохиолдол
БНСУ-ын “Ногоон Ази” Төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга У Ки ЧҮл


“Цөлжилт явагдаж буй газарт мод болон өвс ногоо таривал ургах уу, боломжгүй биш үү”, “Монголчууд нүүдлийн уламжлалтай ард түмэн учраас мод тарих туршлага багатай биз дээ”
Дээрх асуултуудыг манай “Ногоон Ази” (Green Asia Network-Иргэдийн мэдээллийн төвийн шинэ нэр) төрийн бус байгууллага өнгөрсөн 10 жилийн турш Монголд цөлжилтөөс сэргийлэх хөдөлгөөн өрнүүлж байхад гадны олон хүн тавьж байсан юм. 10 жилийн турш би эдгээр асуултууд нь буруу гэдгийг нотлохын тулд ихээхэн чармайж ирсэн билээ. Үүний үр дүнд Монголд цөлжилтөөс сэргийлэх хөдөлгөөнийг амжилттай явуулж болох юм гэдгийг нотолсон төдийгүй бодитой хэрэгжүүлсээр ирэв.
Ингээд цөлжилтөөс сэргийлэх хөдөлгөөнийг өрнүүлж байхад бидэнд учирсан бэрхшээл болон амжилтын талаар Та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

2008 оны дөрөвдүгээр сард “Ногоон Ази” ТТБ нь Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Булган аймгийн Баяннуур сумын оршин суугчдын дунд “Мод тарьж буй талаар миний бодол” хэмээх судалгаа явууллаа. Судалгаанд нийт 100 гаруй хүн оролцсон бөгөөд мод тарих ажил эхэлснээс хойш иргэд ямар ойлголттой болсон талаарх асуултад нийт судалгаанд оролцогчдын 88 хувь нь “Мод тарих нь агаарын бохирдол болон цөлжилт зэрэг байгаль орчны асуудлыг шийдэхэд зайлшгүй хэрэгтэй” гэж хариулсан бөгөөд гурван хувь нь “Модыг хүн тарьдаггүй, байгалийн жамаар ургадаг” гэсэн хариулт өгсөн байлаа. Харин “Мод тарих нь бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд хор нөлөө учруулдаг учраас мод тарьж болохгүй”, “Мод тарих нь чухал гэдгийг мэддэг боловч заавал тарих шаардлагагүй” гэсэн хариултыг сонгосон хүн нэг ч байхгүй байв. Энэ судалгааны үр дүн нь нүүдэлчин монголчууд мод тарихыг муугаар боддог гэсэн гадны хүмүүсийн нийтлэг ойлголтоос огт өөрөөр гарч байлаа. Ялангуяа Булган аймгийн Баяннуур сумын нийт 332 өрхийн 235 нь мал аж ахуй эрхэлдэг. Энэ ажлыг биеэрээ хийж мэдэрсэн иргэдэд мод тарих нь харин ч амьдралд сайнаар нөлөөлнө гэдгийг харуулсан нотолгоо болсон юм.

Эрдэмт хүн даруу

Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энгсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтдаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ.

Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтдаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтдоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй. Зэмлэж хэлсэн үг ямагт үнэнд ойр байна. “Давс шорвог ч идээний амтанд тустай.

Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай” учир шорвог ч гэсэн хатуу үгийг сонсож, тусган авч сурах нь чамд өлзийгөө өгнө. Хийсэн сайн үйлийнхээ төлөө магтаал сонсох сайхан. Харин ханаж бялууртлаа магтуулах нь хүсмээр сайн зүйл биш. Үнэн сэтгэлээсээ хэлсэн магтаалын зэрэгцээ үгээр тоглох бялдуучдын хор цацагдаж байдаг тул магтаалд ажрахгүй байхын хамт анхааралтай хандаж, авах гээхийн ухаанаар тусгах нь л чухал. Магтуулахын тулд сайн үйл бүтээх, хуурмагаар магтуулахын аль аль нь хөгийн бөгөөд хөөрхийлөлтэй. Ер нь “магтаалд ажирдаггүй хүн бус, харин зэмлэлд анхааралтай ханддаг хүн даруу байдаг” юм.

Амьдралынхаа бүхий л асуудалд ухаантай ханд. Ухааныг даруу зан дагалдах нь тугал эхээ дагахтай адил. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх. “Даруу зан хүний эрхэм нандин чанарыг нэмэгдүүлж, хэр тааруухан байдлыг уучилна”. Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан нь энгийн даруу зан байдгийг залуу хүн бүр ухаан санаандаа бат тогтоож аваг. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай байдаг”.

Гайхамшгийг бүтээсэн хүмүүс ихэвчлэн энгийн даруухан амьдардаг байжээ. Их эрдэмтэн А.Эйнштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан хэвээр хариулсан гэх дурсамж бий. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэх үг үнэн ажээ. Даруу байлаа гээд чамд учрах хор хохирол нэг их байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аргал, хомоолыг дээш хаявч доошоо унана.

Аргал, хомоолын галыг доош даравч дээшээ бадарна. Түүний нэгэн адил хийсэн бүтээсэн сайн үйл бүхэн чинь даравч дардайна гэдэг шиг хэчнээн даруу байлаа ч бүхнээ ил, дээш гэрэлтэн бадрах болно. Даруу хүн бусдын хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч авна. Бүтээлч хүмүүс даруухан. Тэд хэлж ярихаасаа хийж бүтээхийг чухалчилдаг. “Энгийн даруу байдал. Энэ чанар бол би бусад зүйлээс илүү ихээр олж авахыг хүсдэг тэр зүйл юм” гэж их зохиолч Л.Н.Толстойн хэлсэн үг бий. Энгийн даруу байдлыг хуурамч даруу багнаас ялгаж салгаж харахыг их зохиолч сургамжлан захиж хэлсэн бас нэг үг байна. “Энгийн байж харагдахыг хүсдэг хүмүүс тийм ч их энгийн даруу байдаггүй. Зориудын энгийн даруу байдал хамгийн том, таагүй, хуурамч чанар мөн шүү” гэж сэрэмжлүүлсэн байна. Тийм болохоор жинхэнэ даруу занг хуурамч даруу дүрээс ялгаж салгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ даруу зан хүнд байх хамгаас сайн шинж чанаруудын нэг яах аргагүй мөн тул түүнийг эзэмшихийг эрхэмлэн хичээцгээ.

Жинхэнэ даруу зан ямар ч үед хувирч өөрчлөгддөггүй юм. Онгироо сагсуу, ичгүүр сонжуургүй, хэтэрхий бардам зан авир нь залуу хүн бүрийн үл тэвчих шинж чанар тул түүнээс хол байхыг хичээ. Даруу хүн ичгүүр сонжуургүй байж чаддаггүй юм. Гэхдээ бүх зүйл дээр даруу байдлаа эгнэгт хадгал гэж би зөвлөхгүй ээ. Яагаад гэвэл “Бүх зүйлд, түүний дотор даруу занд ч хэмжээ хэрэгтэй”. “Даруу бус байдлын хувьд даруу байх нь сэтгэлийн хамгийн ноцтой даруу биш зан мөн” гэж нэгэн их сэтгэгч хэлсэн байна. Би даруухан хүн гэж өөрийнхөө тухай ярьж бодсоноос хүмүүс чиний даруу занг мэддэг, хүндэлдэг байх нь хавьгүй дээр. “Хүн өөрийнхөө сайн чанарыг хэдий чинээ бага боддог юмуу бага мэддэг бол тэрбээр бидэнд төдий чинээ их таалагддаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгийг үе үе санаж байхад илүүдэхгүй.

Даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин өөнтөглөх хүн цөөнгүй. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах аргагүй үнэн билээ. Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй. Хуурмаг даруу зан ихэрхэг зан шиг жигшүүр төрүүлдэг тул тийм дүрд богино хугацаагаар ч болов хувирахыг хүсээд байх юм биш. Жинхэнэ даруу зан ямагт агуу их үйлсийн эх ундарга байсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ алтан үсгээр бичин мөнхөлсөн аугаа их эрдэмтэн И.Ньютоны хэлсэн, даруу зангийн тод жишээ болон цуурайтсан нэгэн үгийг хүүхэд, залууст өмнө нь дамжуулан хэлж байснаа давтая. “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж маш даруухнаар өгүүлжээ.
Эрдэмт хүн даруу.

Залхууг зайлуулъя Н.БАГАБАНДИ (2008-06-21)

Дайсантайгаа хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж доройтуулна.

Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш. Тэрхүү атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд баригддаг юм.

“Залхуурал бол хүн хийж чаддаг зүйлээ мартаж, чаддаггүй зүйлдээ суралцдаггүй хортой бүхний эх юм” гэж олон зууны тэртээ Украйны нэгэн зүтгэлтэн хэлжээ. Үнэн үг. Мянган жилийн тэртээ залхуурал хэмээх энэ дотоод дайсан хүн төрөлхтнийг зовоож байж, одоо бүр ч их зовоож байна. Залхуурал нэгэнт муу муухай, хортой бүхний эх ундарга юм бол түүнийг дайснаа гэж үзэн, жинхэнэ дайн зарлах учиртай. Энэ хатуу ширүүн тэмцэлд ялж чадсан хүн, өөрөөр хэлбэл залхуурлыг давж гарсан хүн амжилтад лавтай хүрнэ. Залхуу хүн онцгой амжилт олж, оргилд гарч байсан баримт хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнгүй.

“Залхуу хүний мөн чанар нь бүх салбарт хэр тааруухан явдал байдаг”. Залхуураад зүгээр суугаад байвал хамгийн гайхамшигтай авьяас билэг ч унтран мөхдөг гэдэг нь нэмэлт тайлбаргүй үнэн. Хувийн зохион байгуулалт, замбараа муутайхан хүмүүс залхуу байх нь тэдний нийтлэг дүр төрх. Залхуу хүн цагийн үнэ цэний талаар тун маруухан ойлголттой. Залхуучууд ямагт ямар нэгэн зүйл хийхээр завдаад ёс юм шиг алгуурлан хойш тавих нь тэдний нийтлэг шинж. Маргааш, дараа болъё гэдэг үг залхуучуудын амны уншлага. Залхуучуудын хөдөлгөөн аажуу, босч суух нь хүртэл удаан. Үг яриа нь бүр залхуутай. Түүнээ дагаад сэтгэлгээ нь хүртэл удаан, ойлгоц нь ч алгуур. Хүний араар суух нь тэдний ёс юм шиг түгээмэл араншин.

Ажилсаг, завгүй хүний дэргэд залхуу хүн байх шиг тээртэй юм үгүй. Ажилсаг хүнд залхуучууд нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах адил үзэгдэнэ.
Ажилсаг хүний дэргэд удаан байсан хүн залхуу болчих явдал бий. Ажилсаг хүн юм юманд хурдтай. Ажлыг нь шүүрч аваад хийчихдэг болохоор дэргэд нь байгаа угийн залхуу маягийн нөхөр улам хойш суух буруу зуршилтай болчихдог гэмтэй. Харин авхаалжтай сүйхээтэй нэгэн ажилтай анхиатай хүнээс ажилсаг чанарыг нь өвлөн авдаг сайн талтай. Хүн ер нь сайн зүйлийг тусган авахаасаа муу юманд амархан дасамхай. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрэн уусдаг гажгуудын нэг нь яах аргагүй залхуурал мөн.

“Биеэ тоох болон залхуурах нь бүх гажгуудын хоёр эх булаг болдог” гэсэн санаж явууштай үг байна. Хүнд бий болдог бүх гажгуудын эх булаг болох бие тоох, залхуурах муу зан авираас холхон явахыг залуу хүн бүр хичээцгээ. Ажилсаг хүнд бурханы ариун мутар өөд татаж туслахад бэлэн, хажууд нь дэлгээтэй байдаг бол залхуу хүнд бугийн бузар савар уруу татаж услахад бэлэн, дэргэд нь сарвайж байдаг юм. Тогтоол ус амархан бохирддог шиг залхуу хүний тархи нь сэтгэхгүй байсаар атаршиж, бие нь ажилгүй байсаар хөшнө. Залхуурал бол хүнд шүглэсэн босоо ороолонгийн сүнс, өөдлөх замд нь тээглэсэн хар гай. Залхуурал авьяас билгийг хөгжүүлэхэд хамгийн том саад тотгор, амжилт ололтыг ахиулахад хамгийн адгийн тээг билээ. Сурч мэдэхэд тархи багласан чөдөр тушаа, судалж танихад замд тээглэсэн бул хар чулуу, жаргах замын садаа бол залхуурал.

“Залхуурлыг эх гэж үзвэл түүний хүү нь хулгай, охин нь өлсгөлөн байдаг” гэж нэрт зохиолч бичжээ.
Залхуугаас заяа зайлдаг гэдэг. Хувь заяагаа төөрүүлж зайлуулахгүйн тулд залхуурлаа таягдан хая. Залхуурал нь давж гаршгүй даваа, туулж баршгүй гол мөрөн огтоос биш. Ямар нэг сайн үйл, үнэнч шударга зүйл бүтээчихээр сэтгэл тэнийгээд хэчнээн сайхан болдгийн адилаар хүн өөртэй нь зууралдсан хамгийн адгийн гажиг болох залхуурлыг даван туулж чадвал үнэхээрийн баяр жаргалыг энэхэн биедээ төдийгүй эргэн тойрны ойр хавийнхандаа омог бардам авчрах болно. “Залхууг эмчлэх сайн эм бол байнгын шударга хөдөлмөр мөн”. Өглөө сэрээд “Би юу хийх ёстой вэ?” гэж, орой унтахынхаа өмнө “Би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асууж бай гэж нэгэн мэргэн хүн сургасан. Энэ сургаалийг өдөр бүр мөрдөх гээд үз. Ялангуяа “Би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асуугаад, юу хийснээ эргэцүүлэн бод. Бүтээсэн хийсэндээ бүрэн сэтгэл ханамжтай байгаа бол залхуу хэмээх дотоодын хөнөөлт дайснаас зай барин холхон байна гэж өөрөөрөө бахарх.

“Дэлхий дээр юу ч хийхгүй байхаас илүү хөнөөлтэй, тэсвэрлэшгүй зүйл байхгүй шүү” гэж халагласан суу билэгтний үгийг сургамж болгон тогтоож ав. Хөдөлмөр-баяр баясгалан, залхуурал-гай гамшиг. Ажил хөдөлмөр хүнийг аймшигт гурван хороос ангижруулж өгдөг гэнэ. Тэр хор нь уйтгар, гажиг, гачигдал гурав болой. Гурван хорын нэг болох гажгийн хамгийн адгийнх нь залхуурал. Ажилтай хүн уйтгарлахгүй ээ. Зүгээр суулт уйтгарлалын эх нь. “Зүгээр суулт ноёрхож байгаа тэр газар суу билгийн туяа гялалздаггүй, үхэлгүй мөнхийн алдар өөд тэмүүлэл байдаггүй, буяны талаарх төсөөлөл болон бүр түүний бараа нь ч харагддаггүй”. Ажил хөдөлмөр гачигдлын хорыг үндсээр арилган анагаах шидэт үрэл мөн билээ. “Гагцхүү ажил хөдөлмөр л хүмүүсийн сэтгэлийн мананг арилгаж, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдлыг төрүүлэх замаар тэднийг аз жаргалтай болгоно”.

Залхуу зангаа ялан дийлэх сэтгэлийн хүчээ хураан хуримтлуул. Ийм хүчтэй болж байж өөрийн сул талыг ухаарч мэдрэн, даван туулж, засч залруулна. Өөрөө өөрийгөө эрэлхгээр даван туулах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох хамгийн гайхамшигт ололтуудын нэгэн яах аргагүй мөн. “Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй”. Залхуу хэмээх гай түйтгэрийг эгнэгт орхихын тулд өөрийгөө албадаж сурах хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө албадаж, өөрөөсөө өөрөө шаардаж чадахгүй байвал дэргэдээ зуун эрдэмт багш байлгаад ч, тэд хүчгүй байх болно хэмээсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг байна. Өөрийгөө чанга албадаж, өөрийгөө чанд захирч, өөрөөсөө хатуу шаардаж байж залхуурал хэмээх дотоодын дайснаа даран ялж, дийлнэ. Бас дээр нь залхууг дийлэх зориг тэвчээр чамд хэрэгтэй. Албадаад, тэвчээд, зориглоод үз. Чи залхууг төвөггүй ялж чадна. Залхууг ялж чадвал бараан үүлээ хөөсөн тэнгэр цэлмээд ирэхийн адил барайж байсан амьдрал чинь дэвжээд ирэх баяр жаргалыг үзнэ.

Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав (2008-06-02)

Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтад хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно.

Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэх нь сэтгэн бодох зам-энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам-энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам-хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа-зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан.

Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

Бидний өвөг дээдэс “Биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу” хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан.

Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. “Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй” гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг” хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” гэдэг үнэн аж.

Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрхбиш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг”.

Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх булгууд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх.

Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. “Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй” юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв.

Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.

Сайхан сэтгэлээр сайн үйл хий Н.БАГАБАНДИ (2008-05-19)

Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан.

Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг”.

Чиний эрхэлж буй ажил үйлс чинь өөдрөг сайн байгаа юу. Хамтран зүтгэгчид, удирдлагын зүгээс ажлыг чинь хэрхэн үнэлдэг вэ. Хийсэн бүтээсэн болгоныхоо үр дүнд сэтгэл тэнүүн, ханамжтай байж чадаж байна уу. Энэ асуултуудад өөрөө чин үнэнээр нь хариулах гээд бодоод үз. Хангалттай бус, сайн биш гэж бодогдвол шалтгааныг нь даруйхан хайж ол. Тэгэхдээ бурууг бусдаас хайлгүй эхлээд өөрийн буруу зөрүүг сайтар тунгаа. Олон, олон учир шалтгаан тодроно байх. Хийсэн ажлын чинь үр дүн тааруу байвал нэг л зүйл түүний үндсэн шалтгаан болсон байдаг нь анзаарагдана. Үнэн сэтгэлээ өгч хийгээгүй ажил үйл бүхний үр дүн үжиршиж урагдах дөхсөн бөс даавуутай адил хэврэг байдгийг чи аяндаа ойлгоно. Тиймээс том бага гэлтгүй аль ч ажилд ухаанаа зарахаас дутуугүй сэтгэлээ шингээж төгс сайн хий.

Сайн үйлс бүтээе гэж байгаа бол алгуурлаж хойшлуулах хэрэггүй. Аливаа алгуур нуршуу бүхэн ухаалаг бус, үр дүн нь од шиг хол. Сайн үйл хийе гэж сэтгэлдээ бодон суух нь сайн үйл бүтээчихсэн ч хэрэг биш. “Сайн үйл хийхийн тулд хэтэрхий удаан боддог хүнд сайн хүн байх хугацаа байхгүй” гэж хэлсэн сургамжит үг байна. Сайн хүн байж чадахгүй байсаар насаа барж болох тул алгуурлаж болохгүй. Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь. Эрт боссон шувуухай өт олж иднэ гэсэн үг ч бий. Сайн үйл бүтээх өөдрөг үзлээ ямар ч бэрхшээл тохиолоо гэсэн хаяж гээж бүү орхи. Чамд хэчнээн боломжгүй мэт бодогдсон ч боломж үргэлж байдагт эргэлзэх хэрэггүй. “Өөдрөг үзэлтэн аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг нь олж хардаг”. Та нарыг зөвхөн боломжийг нь олж хардаг өөдрөг үзэлтэн байгаасай гэж үүнийг хэлж байгаа юм шүү.

Яг одоо чамд хэцүү, зүтгүү байвал үүрдийн зовлонт хувь тавилан мэтээр гуниглан бүү хүлээж ав. Нар байнга нэг газраа тусдаггүй. Өнөөдөр сүүдэртэй байгаа чиний эргэн тойронд нар тусч л таарна. Зүүний сүвэгчин чинээ нүхээр ч сайн үйлсийн гэгээ тусна. Гагцхүү сайн үйлс бүтээх хүслээ орхиж болохгүй, залхуурч хэрэггүй. Залхуу хонинд ноос нь хүртэл тээг болдог гэсэн үг бий. Залхуу хүнд тээг болох зүйл захаас аван байна. Юу ч хийхгүй залхуурч суугаа хүн сайн үйл хийх нь байтугай муу юм хийхэд биеэ алгуур бэлдэж суудагаа мэд. Хүн сайн үйлийг шагнуулах захиалгаар юм уу шийтгүүлэх айдсаар хийхийн аль аль нь зохисгүй. Аль ч тохиолдолд сайн үйл нь үнэлгээгүй, ялих шалихгүй зүйл болон үлдэнэ. Чиний тусын тулд сайхан сэтгэлээр үйлдэж байгаа сайн үйлсийг чи ашиглах хэрэгтэй. Гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны алтан дүрмийг зөрчихгүй байх ёстой.
Муу хүмүүс, тэнэг хүмүүст сайн үйл хийснээр чамд сайн зүйл авчирна гэж хүлээх хэрэггүй. Тэнэг хүмүүст сайн зүйл хийх нь нуур цөөрөм рүү аяга ус нэмж хийхтэй л адил. “Муу хүнд сайн үйл хийх нь сайн хүнд муу үйл хийхийн адил аюултай”. Аман дээрээ сайн хүн, ажил амьдрал дээр сайн хүн хоёрыг ялгаж салгаж сур. Зөвхөн аман дээрээ сайн хүн давхар давхар олиггүй байдгийг мэд. Бас, сайн мууг ялгадаггүй хүнд сайхан сэтгэлийн тус хэрэггүйг ойлго.

Ганцхан хар толгойгоо хоохойлоод, хорхойд хоргүй гэлдэрч явах нь тийм ч бахархмаар үйл биш. Хүмүүс чиний төлөө сайхан сэтгэлээр тоолж барахгүй сайн зүйл хийсэн, хийх ч болно. Хамгийн наад зах нь эцэг эх тань улаан нялзрай байхаас чинь өдий хүртэл чиний төлөө хиргүй тунгалаг, ариун хайр сэтгэлээ зориулж ирсэн нөр их хөдөлмөр нь үнэлгээгүй, үнэ байхгүйдээ биш, үнэлэх аргагүй далай мэт том байдагт утга учир нь байгаа юм. Дор хаяж үүнийг ухаар. Тэгэхээр чи юуны урьд “хүний төлөө хийх ажил байдаг” гэдгийг сэтгэлдээ бат суулган тогтоож ав. Тэгээд зогсохгүй хүмүүсийн төлөө хийх ажлаа чин сэтгэлээсээ сайн хий, хүнд тусла! Бусдын тусыг авах, бусдад туслахдаа бодож хэрэгжүүлэх нэг чухал зарчим бий. Энэ нь “өөрт чинь үзүүлсэн тусыг бүү март, харин чи өөрөө бусдад үзүүлсэн тусаа мартах хэрэгтэй” гэсэн зарчим. Өөрийнхөө буянт үйлсээр ихэрхэн бүү гайхуул. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс ихэд болгоомжил. Чиний үзүүлсэн тусыг чи өөрөө бус, тусыг хүртсэн хүн санаж явах ёстой. Зөвхөн санах, санагалзах бус талархаж явах ёс суртахууны үүрэгтэй. Харин чи бусдын үзүүлсэн тус нэмэрт сэтгэл зүрхний угаас талархахаа мартуузай. Өгөөмөр бөгөөд сэтгэл харамгүй байх нь хүний сайн чанаруудын нэг мөн.

Бусдад сайн үйл бүтээж байгаа хүн өөртөө ч сайн үйлийг хамт бүтээж, буян хурааж байдаг. Хүний төлөө хийсэн сайн сайхан үйлийнхээ үр дүнг харж, эрэгцүүлэн бодохоор асар их хөөр баярыг сэтгэл зүрхэндээ хураан мэдэрнэ. Энэ нь өөрт нь ирж байгаа сэтгэл ханамж, баяр баясгалан, сайн сайхан үйл мөн билээ. Сайн хүн муу юм хийнэ гэдэг хамгийн аймшигтай. Тийм болохоор сайн хүнээр муу юм хийлгэж хэрхэвч болохгүй. Хүмүүсийг сайн үйлс бүтээснийх нь төлөө хүндэтгэх ч хэрэгтэй, хайрлах ч хэрэгтэй. Мөн, сайн үйлс төдийлөн бүтээгээгүй боловч хүмүүст хор хүргэж, муу зүйл авчраагүй тэр хүмүүсийг бас хүндэтгэх нь зүйн хэрэг. Сайхан сэтгэлтэй хүний сайн үйлс гагцхүү магтаал хүлээх гавьяатай. Сайн үйлст жижиг зүйл гэж байдаггүй. Бага гэлгүй, сайхан сэтгэлээр сайн үйлийг алхам алхмаар бүтээцгээе.

Бага боддог хүн их алддаг Н.БАГАБАНДИ (2008-04-21)

Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурхны шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.

Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг.

Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй.

Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.

Залуус та нар том бага гэлтгүй аль ч ажлыг сайтар бодож, тунгааж, төлөвлөж байж эхлэх хэрэгтэй. Бэлтгэлийг хангаагүй, яаруу сандруу эхэлсэн ажил үйл бүхэнтэй хамт алдааны хорт үр хогийн ургамал мэт цацагдаж байдгийг мэд. Тэрхи толгойдоо олон талаас нь сайтар бодож тунгаасан ажил алдаа мадаг багатай. Ер нь “Бага боддог хүн их алддаг” гэдгийг санаж явцгаа.

Бидний өвөг дээдэс “хэрээ мэдэж, бяраа таньж” байхыг сургамжлан захисан нь гүн гүнзгий утга учиртай. Хэрээс хэтэрсэн зүйлтэй зууралдвал томоос том алдах бэлтгэлээ базаалаа гэсэн үг. “Хэрээ мэдэхгүй илүү авирлах нь хамгийн том алдаа” гэж мэргэд сургасныг санаж явахад илүүдэхгүй.

Алдаанаас айгаад, бэргээд суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй. Гэхдээ алдахын тулд зориглох хэрэггүй. Нэг алдана, хоёр алдана, гурав дахиа ононо гэж хөөрцөглөх нь зоригтой золбоотой хүний үйлдэл биш, бодлогогүй, болчимгүй хүний л хийдэл. Гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож сурах нь алдаа гаргахгүй буюу хамгийн бага алдаж ажлаа амжуулах шалгарсан арга.

Өөрийгөө алдаа эндэгдэлгүй хүн гэж сайрхан бодох тусам санаж сэрэмж буурч, алдах магадлал ихэсч байдгийг тооцоорой. Хүн алдаж болно. Хэн ч алдаанаас бүрэн хамгаалагдах иш шидийг олоогүй. Алдсан алдааг давтахгүй байх нь л бүхнээс чухал. Алдааг давтахгүйн тулд түүнийг сайн санах хэрэгтэй. Өчигдрийн алдаагаа санаж, ухаарч чадсан хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийж дөнгөнө. Аливаа алдааг жижиг гэлтгүй газар авахуулалгүй засч байх нь дахин алдахгүй байх дархлааг чинь сайжруулна.

“Засагдаагүй жижиг алдаанаас том гажигт амархан хүрч болно”. Алдаагаа ухамсарлахгүй гөжүүдлээд байгаа хүн улам томоор алдах гүн ангалын ирмэг дээр дэгэнцэн зогсч байна гэдгээ ухаар. “Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг байдаг, харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг” гэсэн ухаантны үгийг анзаараарай. Алдаанаас сэргийлэх чамд өөрт чинь бэлэн байгаа нөөц боломж бол ухаалаг болгоомж мөн. Ухаалаг болгоомжтой хүн бага алдана, алдсан ч тэр алдаагаа дахин давтахгүй. Хашир хүн бага алдана, алдсан ч хор хохирол нь бага. Тиймээс хашир суун хэрсүүж.

Өөрийн алдаа хийгээд буруутай үйлдлийг цагийг нь олж мэдрэх нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж. Яагаад гэвэл “алдаа ухаан хайрладаг” юм. Алдаа, төөрөгдлийг даван туулж үнэн рүү зорьж ирсэн хүн ухаантай, мэргэн хүн. Харин мунхаг хүн л өөрийнхөө алдааг давтан, төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг. Өөрийн алдаанаас сургамж авахын зэрэгцээ бусдын алдаанаас суралц. “Нэгийнх нь алдаа нөгөөд нь сургамж болдог” юм. Өөрөө алдахгүй байхыг хичээхийн хамт бусдыг алдаанаас сэрэмжлүүлэн зайлуулж бай. Өөрийн чинь алдаанаас илүү бусдын алдаа чамд гай тарьж мэднэ. Ганц надад л сайхан байвал хорвоо тэр чигээрээ түймэрт хуйхлуулсан ч хамаагүй гэсэн бодолтой хүн дөрвөн зүг найман зовхисын хааш нь ч газар тамгалан хол алхахгүй ээ.

Алдаанаас учрах хор хохирол янз бүр байна. Энгийн ардын гаргасан алдаа, эрх мэдэлтний алдах алдааны хор уршиг өдөр шөнө мэт ялгаатай. Хэдий чинээ их эрх мэдэлтэй байна, тэдний гаргасан алдаа төдий чинээ их хор хохиролтой, нөхөж баршгүй. Шийдвэр гаргагчдын хийсэн алдаа нийт олонд хохирол дагуулдгаараа хор аюул ихтэй. Тийм ч учраас алдаа бага гаргаасай хэмээн найдаж шидгийн шилдгээс шигшин сонгож, шийдвэр гаргах эрхийг олгон, итгэл хүлээлгэдэг билээ.

Удирдагчдын гаргасан алдаанаас болж улс орон уруудан доройтож, улмаар мөхөж сөнөсөн түүхийн гашуун сургамжийг эгнэгт санаж, сэрэмжилж явах учиртай. Шийдвэр гаргагчдын шийдвэргүй дорой байдал, шижээргүй болхи алдаанаас болж улс орон сэхэл авахгүй туйлдан доройтох зам руу хальтран ордгийг огоорч болохгүй. Эрх баригчид алдаанаас өөрсдийгөө хамгаалах гэхээсээ төөрөгдөлдөө ташууран гөжүүдлэхгүй байх нь илүү чухал. “Их ухаантай хүмүүсийн алдаа нь бусад олон хүний сэтгэлгээгээр хийгддэгээрээ аюултай байдаг” хэмээн нэгэн сэтгэгч хэлжээ. Анхаарч болгоомжилж явах зүйл яах аргагүй мөн.

Азгүй явдал чиний эргэн тойронд алдааг чинь анан отож, ойрхон эргэлдэж байдгийг зөнгөөрөө мэдэр. Алдсан бол алдаагаа тэр дор нь ухаарч засах нь л ухаалаг хүний зан араншин. “Үйл хэргийг засрахын аргагүй болгосноос өөрийн алдааг ухаарах нь нэн буянтай хэрэг”. Алдаагаа ухаарах нь өөрт болон бусдад үйлдэж байгаа буянтай үйл ажээ. Алдааг уучилж болно. Борогхон амьдралд бодлогогүй, болчимгүйгээс үүдэн болоод өнгөрсөн аар саархан алдааг болгоож уучилж бололгүй яахав.

Харин уучилж болшгүй алдаа гаргахгүй байхыг ухаан бодолтой бат шингээж ав. Гаргасан алдаагаа давтсан хүнийг уучлаад өршөөгөөд байх нь ухаалаг үйлдэл биш. Уучилж болшгүй алдаа гаргасан хүнийг хайрлах аргагүй. Хайрлахаа больсон тэр хүмүүсийн алдааг уучлахын аргагүй ээ. Алдсан алдааны жин хэмжээгээр дор хаяж ёс суртахууны шийтгэл хүлээж байх нь шударга ёсонд нийцнэ.

“Орь залуу нас алдаа гаргадаг, идэр нас түүнтэй тэмцдэг, өтөл нас түүний талаар харамсдаг” хэмээн Английн нэгэн зохиолч бичжээ. Алдсан алдааныхаа төлөө өтөл насандаа шаналан харамсахгүй байхын тулд багахан шиг алдахыг хичээцгээе.

Итгэл Н.БАГАБАНДИ (2008-04-07)

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун, ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна.

Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.

Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.

Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”.

Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?

За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.

Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.

Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”.

Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ.

“Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.

Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар.

Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.
Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!

Өөрийгөө хүндэтгэ Н.БАГАБАНДИ (2008-03-26)

Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ.

Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү, давуу хүндлэх хэрэгтэй. Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.

Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн. “Шударга ёс байхгүй газар эрх чөлөөгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс байдаггүй”. Тэгэхээр эрх чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ёсыг энгийн олон магнайдаа дээдлэн хүсэмжилдэг, эрх мэдэлтнүүд уландаа гишгэн дэвсэлдэг. Хүмүүс шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга ёс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг өөрчлөх шаардлагатай.

Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох гаж тогтолцоо улам бүр батжин, газар авах осолтой. Өнөөдөр шударга бусын золиос болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын давалгаа хэнийг ч ялгалгүй хамна. Тийм учраас шударга ёсны төлөө тэмцэлд хойш суулгүй оролцох нь хожмын амьдралд чинь хэрэгтэй. Өөрийгөө хүндэтгэж байгаа бол, өрөөл бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлэ.

Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж, өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоёр эргэх холбиромтгой хүн ч, нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар муутан бялдууч байх нь ёс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах арчаагүй арга нь.

Тэгэхдээ хамгийн бузар бусармаг арга. Бялдуучид магтан зулгуйдах, муулан хов зөөх хорон муу үйлдэлтэй. Увайгүй зусарч улаан нүүрэн дээр нь магтана. Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас аван бий. Ховч бялдуучдаас холын хол бай, хорон муухай үгэнд нь хэзээ ч бүү авт. Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул. Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучдаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах учиргүйг сана.

Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даанч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс. Хариуцлагатай хүний алдах нь бага, онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав.

Хариуцлагагүйн зуд нөмөрсөн газрын ажил хайш яйш, хам хум. Амжилт бүтээлийн тухай бодох мөрөөдөх ч хэрэггүй. Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ёсны талаасаа зүй ёсны асуудал. Хариуцлага алдсан үйлдэл бүхэнд хариуцлага тооцож байж хариуцлагажина. Жижиг ч гэсэн хариуцлагагүй үйлдэл гаргахад толгойг нь илээд дуугүй өнгөрвөл дараагийн томоос том хариуцлагагүй үйлдлийнх нь бэлтгэлийг найр тавин хангаж өгч байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай.

Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас аймшигтай” гэж зохиол бүтээлээрээ олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Буруу хэрэг үйлдсэн хүн буруутан байдаг бол, буруу хэргээсээ ичдэггүй этгээд хоёр дахин буруутай байдаг гэнэ. Муу муухай үйл үйлдэгчид ядаж дотроо гэмших хүн чанараа ор тас хаяж гээж болохгүй. Дотроо гэмших нь муу явдалтны хувьд үлдсэн ганц буянт үйл нь байдаг юм шүү. Ичих улайх чадвар нь хүний бүх сайн чанаруудаас хамгийн хүмүүнлэг нь.

Ичих нүүргүй бол гайхалтай өндөр боловсролтой байгаад ч гавьтай хол явахгүй. Буруу хэрэг үйлдчихээд ичих ч үгүй, улайх ч үгүй суугаа хүний хажуугаас харахад яс хавтайм, хөлс цутгам, ар нуруун дээгүүр хорхой арваганан гүйх мэт зэвүүн. Бусдын өмнөөс ичнэ гэдэг хүний дээд мэдрэмж, дотоод сэтгэл цэвэр ариун байгаагийн шударга шүүх юм. Залуус та нар ичих улайх мэдрэмжээ алдаагүй, түүнчлэн бусдын буруу үйлдлийн төлөө үнэхээр ичиж зовж байгаа бол өөрийгөө хүндлэн улмаар бусдын хүндлэлийг хүлээж нэр хүндтэй явж байна гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байж болно. “Хүн хэдийчинээ ичимтгий байна төдийчинээ хүндэтгэл хүлээдэг” гэдэг юм. Дээр, дор ялгаагүй хүмүүсийг хүнийх нь хувьд дээд зэргээр хүндэтгэ.

“Хүмүүсийг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг”. Хүнийг хүндэтгэх тухайд нэг л зангаараа, нэг л аашаараа байхыг хичээ. Бусдыг хүндэтгэхдээ хаврын тэнгэр шиг хувьсамтгай хүний хүндлэл хүлээх чадвар нь тос нь дуусаад бөхөж байгаа дэнгийн гэрэл шиг бүүдийн бүүдийсээр унтарна. “Бусдыг хүндлэхээ амархан больдог хүн юунаас түрүүн өөрийгөө хүндэтгэдэггүй” гэдгийг санаж явцгаа. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх шалтаг болдог” хэмээсэн алдарт гүн ухаантны үг та нарын сэтгэлд эцэг эхийн сургаал мэт хоногшиг.

Эрхэлсэн ажилдаа эзэн бол

Эрхэлсэн ажилдаа эзэн бол Хүний амьдрал бол зөгийн бал, цөсний хослол мөн гэсэн үгийг Та лавтай сонссон байх аа. Зөгийн бал жигтэйхэн сайхан амттай. Цөс жигшим муухай гашуун. Амьдралд бал шиг амт, цөс мэт гашуун хоёр заримдаа ээлжлэн, хааяа холилдон сүлэлдэн байдаг ажээ. Бал мэт амт нь яавал ахиу, цөс шиг гашуун нь яавал дутуу байж болох вэ? Хөнгөн хийсвэрийг зөгнөн, төөрөг тавиландаа найдаж, гар хумхин суугаад гайхалтай сайхан амьдралыг туулна гэж бодож санахын ч хэрэггүй.

Тархиа гашилтал бодож, чөмгөө дундартал сууж, гар хөлөө цуцтал хөдөлмөрлөдөг хүний амьдрал амттай, баяр хөөртэй, утга төгөлдөр. Ажилгүй анхиагүй, залхуу хойрго, ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг хүн цөс шиг гашууныг ярвайн амталж, ганцхан олдох амьдралаа гуниг зовлонгоор дүүрэн, утга учиргүй өнгөрөөнө. Эрчимтэй хөдөлмөрийн үрээр л амьдрал амьд бөгөөд амттай сайхан байна. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай, цэвэр сайхан амьдрал байхгүй”.

Аль ч газар оронд ажлаа эзний ёсоор сайн хийдэг хүмүүс агаар ус мэт хэрэгтэй. Улс орон яавал хөгжих вэ? гэдэг асуултыг хүмүүс байнга тавьж, бэлэн хариултыг тэр дор нь сонсохыг хүсдэг. Уулын ам бүрээс урсах жижиг булаг горхи нийлэн том гол болдогийн адилаар түмэн янзын, олон хүчин зүйл нэгдэж, хүн ард нь хамтдаа нэг зорилготойгоор нэгэн буулганд орон зүтгэж байж улс орныг хөгжил дэвшилд хөтөлнө.

Төр засгийн зөв мэргэн бодлого, хөрөнгө мөнгө, дэд бүтэц, мал сүрэг, тариа будаа, байгалийн баялаг бүгд мэдээж чухал. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь боловсролтой, чадавхитай, дадлагатай дээр нь нэмээд сэтгэлтэй монгол хүн шийдвэрлэх үүрэгтэй. Хүн бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн бол. Жинхэнэ ёсоор эзэн бол. Хүн бүр өөрт ногдсон ажлаа эзний ёсоор, нүүр бардам, хэний ч дор орохгүй, чадмаг хийчихдэг болсон цагт улс орон гарцаагүй хөгжин дэвжинэ. Тэр цагт ард олон ч хүний гар харж, алгаа тосолгүй амьдрах тэгш таван хүслээ гүйцэлдүүлэх болно. Хэрэв чи ямар нэг юм хийвэл маш сайн хий. Тэгж чадвал хүний дор орохгүй амьдарч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гагнуурчинаас чи юу хийж чадах вэ гэж биш, юу чадахгүй вэ гэж асуу. Би муу гагнаж, муухай гагнаж, удаан гагнаж чадахгүй, дутуу хийж, гологдол гаргаж сураагүй гэж омог бардам хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж чадаж байвал тэр гарцаагүй сайн гагнуурчин. Алтан гартай гагнуурчин алтнаас дутахгүй үнэлгээтэй. Тэгвэл хоолой давахын эцэсгүй хоол хийхчээн болдог тогооч хэнд ч хэрэггүй. Төв аймагт бага ангийн гоц сайн багш нар цөөнгүй байлаа. Багшлах ажлаа маш сайн хийдэг тэдний нэгнийх нь ангид хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийн цуваа хэдэн анги дүүргэх хэмжээнд хүрдэг сэн. Бүх хүн энэ багш шиг, дээрхи гагнуурчин шиг ажилладаг сан бол улс орон удаж төдөлгүй хурдан түргэн хөгжинө.

Том ч бай, бага ч бай, албаны ч бай, амины ч бай хариуцсан ажлаа ямар ч үед яс сайн, хэний ч дор орохооргүй, хэн ч өөлж голохооргүй чанартай сайн хийж сур. Энэ бол залуу хүн бүрийн хувьд мах цусандаа шингэтэл ойлгон хэрэгжүүлэх ажилсаг сайн чанар, насан туршид хэлбэрэлтгүй мөрдөх зарчим байх ёстой. Ажлаа ингэж хийдэг хүний амьдрал бал шиг амттай, бахдам амжилтаар дүүрэн байна. Хариуцсан ажлаа сайн хийх үүргээ хүн болгон хатуу ухамсарлах хэрэгтэй. Үүргээ хатуу ухамсарлах нь хүний зан араншингийн ноён оргил нь байдаг юм.

Амар хялбар, дөт ойр замаар үсрэн дүүлэн явсаар эрхэлсэн ажилдаа эзэн болох хэмжээнд оччихно гэвэл хэтэрхий хөнгөн гоомой төсөөлөл. “Очих ёстой газарт чинь хүрэх дөт зам ер байдаггүй” гэдгийг мэдэж ав. Тэвчээр шалгасан хүнд бэрхийг даван туулж байж очих ёстой газраа арайхийж дөхөж очно. Харин “Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг” гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж болно. Залуус та нар эрдэм боловсролд шамдахтайгаа хамт тэсвэр тэвчээртэй болох зан чанарт биеэ дайчлан суралцах хэрэгтэй. Тэсвэр тэвчээр эрдэм боловсрол эзэмшихэд чинь хөтөч болон хөтлөхийн хамт сурсан эрдмээ ажил амьдралдаа хэрэглэх үед чинь тулгуур болон түшиж өгнө. Тийм болохоор “тэвчээртэй хүн навчнаас торго, сарнайн дэлбээнээс бал гаргаж авч чадна” хэмээн Азийн нэгэн нэрт яруу найрагч онож шүлэглэсэн байна.

“Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг” болохоор чихэр мэт амтыг амтлахын тулд тэвчиж сурах л хэрэгтэй. Ялангуяа удирдагч хүн маш их тэвчээртэй байх шаардлагатай. Болгоомжгүй, бодлогогүй хэлсэн үг хүний урам зоригийг мохоож, тэр ч бүү хэл амьдаар нь алж чадах учраас удирдагчид илүү тэвчээртэй байх үүрэгтэй. Ер нь ялалт амжилт өөрөө гүйгээд ирдэггүй, харин чамайг тэвчээртэй нь аргагүй хүлээж байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эрхэлсэн ажилдаа эзэн байна гэдэг нь зөвхөн дуулгавартай үнэнч гүйцэтгэгч байхын нэр биш.

Гүйцэтгэх чадвар сайтай хүн хаана ч үнэлгээ сайтай байдаг. Тэд найдвартай сайн хүмүүс. Гэхдээ өгсөн үүргийг яг таг ёсчлон биелүүлээд түүнээс илүү гардаггүй ажилтан өнөө үед хангалттай бус. Сайн гүйцэтгэх чадвар, гүйцэтгэх ухамсрын зэрэгцээ хүн бүрт шинийг эрэлхийлэх чадвар, санаачлага, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа, бие даах чадвар гээд олон сайн шинж чанар зайлшгүй хэрэгтэй. Цаг үе харавсан сум шиг хурдан өөрчлөгдөж байна. Бид дор хаяж өөрчлөгдөж байгаа цаг үеэсээ хоцрохгүй байж наад захын амжилтанд хүрнэ. Цаг үеэ мэдрэх мэдрэмж суларвал өөр ертөнцөд өнө удаан байгаад буцаж ирсэн мэт төсөөрнө.

Түргэн өөрчлөгдөж байгаа орон зайд сурч дадсан хуучин аргаараа, хуучин байдлаараа ажиллаад олигтой амжилтыг олохгүй. Шинэ, дэвшилтэт бүхний эрэл хайгуулыг цаг ямагт хийж, шинэчлэгч сэтгэлгээгээр бүхий л асуудалдаа хандах нь ононо. Яавал илүү сайн хийж, яаж богино цагт ихийг амжуулах вэ гэдэг бодлыг тархи толгойноосоо хэзээ ч салгаж болохгүй. Санаачлага, бас дахин ажил хэрэгч санаачлага. Энэ үнэхээр чухал шүү. Санаачлага бол бүтээлч урам онгодын эх ундарга юм. Санаачлагагүй хүн амжилтаас үргэлж хоцордог.

Буцалж бургилсан санаачлагатай, шинийг сэдэгч ухаан нь булгийн ус шиг мөнхийн ундаргатай ажилтан ёстой л эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэгтэй адил ховор нандин баялаг мөн. Өнөөдөр бусдын энтэй буюу бусдаас илүү байгаагаа маргааш, түүнээс цааших он жилүүдэд үргэлж тийм байх мэтээр сэтгэн, хэтэрхий эрт, хий хоосон цадаж болохгүй. Хүн байнга өөртэйгөө ажиллаж, хоцрохгүйн тулд мэргэжил чадвараа тасралтгүй дээшлүүлж байх хэрэгтэй.

Удирдлагынхаа үгийг сонсож, үүргийг биелүүлэлгүй яахав. Гэхдээ аливаа асуудалд дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөх бус өөрийн бодолтой байж сур. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдын санаа бодлыг ямагт сөрж байх муйхар бодол огтхон ч биш. Зөвийг хүлээн зөвшөөрөх чадвартай, бурууг сөрөн буруушаах тэнхээтэй байхыг хэлж байгаа хэрэг. Бусдын бодлоор хүн хэзээ ч хол явж, хосгүйг бүтээж чаддаггүй юм. Бусдын тус дэмэнд найдалгүй яахав, гэхдээ ямар ч үед бие даах чадвартай байх нь залуус та нарын хувьд зайлшгүй эзэмших дадал шүү. Бие даах чадвартай хүн л амжилтанд хүрнэ. Хайртай, халамжтай эмээ нар гал дээр гарсан зээдээ бүхнээ зориулдагийн адилаар бусад хүмүүс чиний сайн сайхны төлөө санаа тавина даа гэж төдийлөн найдах хэрэггүй. Ихэнх хүмүүс чамд ашигтай зүйлийн төлөө бус харин өөсдөдөө ашигтай зүйлийг л бодож түүний төлөө л тэмүүлж байдаг гэдгийг мартаж болохгүй.

Амьдрал нэгэнт амтат бал, гашуун цөс хоёрын хослол болохоор өөдлөн дэвжих, уруудан доройтохын аль аль нь тохионо. Аль алинд нь бэлэн байх хэрэгтэй. Өөдлөн дэвжих үедээ биеэ тоож, бялуурч сагсуурч хэрэггүй. Уруудан доройтох цагтаа унжийж урвайх хэрэггүй. Бэлтгэлтэй, бэлэн байхаар тооцоолсон бол хамгийн хэцүү хар үеийг ч амжилттай даван гарч дөнгөнө. Ажлаа бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэх явцдаа гарцаагүй учрах бэрхшээл саадыг урьдчилан харж тооцож сурвал туйлаас сайн. Тэгж сурвал эрч хүч, хөрөнгө мөнгө, цаг заваа дэмий үрэхээс сэргийлэн, саад бэрхшээлийг тойрч чаддаг болно. Ажилдаа дуртай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнээс бүтээл гарах нь тодорхой. Эрхэлсэн ажилдаа жинхэнэ ёсоор эзэн болсон хүн урамтай, бахархалтай, үлгэр дууриалтай. Тийм хүмүүс л хөгжил дэвшлийн хөтлөгч байх тавилантай.

Чин сэтгэлээсээ талархаж суръя Н.БАГАБАНДИ (2008-02-25)

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд.

“Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Талархах чадвар нь эрч хүч, сэтгэлийн тэнхээг давхар илэрхийлнэ. “Талархалгүй байдал нь сул доройн шинж. Гарамгай хүмүүс хэзээ ч талархалгүй байдал гаргадаггүй”. Тэнгэрт тултал магтах, газарт шургатал муулах нь талархал хийгээд талархалгүйгээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш. Жин, тун нь таарсан талархал жинхэнэ талархал болдог. Цагаа олж таларха, үгээ онож хэл. Эв хавгүй талархлын үгс элэг доог ч болгож мэднэ. Талархлын үг сонсохыг хүсч байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Талархлыг дагаж сайшаал магтаал урсана. Хаана, хэнд, ямар магтаал, сайшаалын үг хэлэх вэ гэдэг нь чиний ухаан, мэдрэмжийн хэр хэмжээний асуудал.

Адгийн тэнэг авгайгаа магтана гэх тэнэгийн цаадах тэнэг хэллэг тэнэж явдаг. Хэзээ гарсан, хэн эхэлж хэлснийг бүү мэд. Хавьтсан ойртсондоо хямгагүй чулуудаж байдаг магтаал сайшаалын үгсийг хань ижилдээ хэлэхээр тэнэг болчихдог нь ч юув дээ! Бодол ухааны шүүлтүүрээр ороогүй болчимгүй золбин үг гэдэг нь л тодорхой. Үр хүүхдийг чинь тээж төрүүлж өгсний төлөө, нойр хоолоо хасч хөхүүлж, хуурайлж өсгөснийх нь төлөө, хоёр нарны хооронд борви бохис хийлгүй зүтгэдэгийнх нь төлөө, гэр орноо аль болох өнгөтэй өөдтэй авч яваагийнх нь төлөө тэдэнд насан туршдаа талархахын дээдээр талархаж явах үүрэгтэй бид. Үе үе үүнийгээ үгээр хэлж, үйлдлээр илэрхийлэн, үзүүлэн мэдүүлж байх хэрэгтэй.

Зоогийн газар хааяа нэгхэн хоол идээд гарахдаа “баярлалаа” гэж хэлдэг талархлын үгийг гараа гарган, сэтгэлээ шингээн өдөр бүр хоол унд хийж өгдөг эхнэртээ хэлж болдоггүйн учир юу вэ? Та бидний төлөө сэтгэл итгэлээ зориулдагийнх нь, санаа тавьдагийнх нь, санаа зовдогийнх нь төлөө үргэлж талархах ёстой. Үглэж, загнадагийнх нь төлөө, үггүй зэмлэн тунирхдагийнх нь төлөө ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл та нарыг илүү сайн сайхан, хүний дайтай, бусдаас дутахгүй байлгахын төлөө хайраа дотроо, халаа гаднаа гарган, өргөс шиг ширүүн мөртлөө өд шиг зөөлөн үгээ хэлж, үйлдлээ илэрхийлж байгаа нь тэр. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сургамжтай үг бий. Эмэгтэй хүн урмын үгээр тэжээгдэх уяхан сэтгэлтэйгээр бүтээгдсэн байдаг юм. Эмэгтэйчүүд дотночилон хэлсэн үг бүхэнд дотогшоо баярлан уйлж, гадагшаа баясан инээж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс.

Ангаж цанган хорчийн хатаж байгаа өвс ургамлын үндсэнд ус чийг өгөхөөр сэргэн ургаж цэцэглэдэг шиг урам хайрын ончтой үгс хөшсөн сэтгэлийг сэргээн, хөөр баяслыг төрүүлнэ. Доройтсон сэтгэлийг сэргээх шидэт эм адил урам магтаалын үгийг сонсоход өлссөн хүн цадаж, ундаассан хүний цангаа нь тайлагдах шиг болдог билээ. Талархлаар дутуу хүний амьдрал ямагт дутуу дундуур байдаг юм. Хамгаас хайртай хүмүүстээ урам талархлын шидэт үгсийг хямгадаж харамлахгүйгээр хэлж бай. Дутуу дундуур амьдрал дүүрээд ирнэ аяндаа.

Дээшээ хандсан магтаал хэтэрвэл зусар болно. Улаан нүүрэн дээр нь магтана гэдэг увайгүй зусрын шинж учир болгоомжтой ханд. Харин удирдлага дороо байгаа хүмүүсийнхээ зөв үйлдэлд урам хайрлаж, урамшуулан магтаж бай. Тааруулж хэлсэн талархлын үг хийж бүтээх идэвхийг нь бадрааж, хүч чадлыг нь сэлбэж өгнө. Хамаа болгоомжгүй хатуу ширүүн үгээр хавьтснаа хадарч болохгүй. Голдоо ортол гомдон, сэтгэл нь шархалж мэднэ. Мэсний шарх эдгэхэд амар, үгний шарх эдгэхэд бэрх. Бусдын дургүйг хүргэсэн үгийг дутуу хэлэхийг хичээ. Элс рүү асгасан усыг эргээд савлаж болдоггүй шиг бураад өнгөрсөн үгсийг буцаан залгих аргагүй. Гэм зэмгүй хүнд андуу ташаа зэмлэл хүртээхгүй байхыг эрхэмлэ. Насан туршаа эргэн санагалзах голыг зурсан гомдлыг үлдээж мэднэ. Хаврын шар ус цасыг хайлуулан урсгах шиг цаг хугацаа гомдлыг тайлан мартагнуулан урсгаж болох ч намар хагдарсан өвс хавар болохоор соёолон ургадаг шиг голд орсон гомдол эмзэг аргагүй сэргэдэгийг сана. Модны навч шарлавч үндэс нь шарладаггүй гэдэгтэй адил өнгөн дээрээ өршөөж болох ч үндэс язгууртаа хүртэл гомдоллох үгэн мэсээр бусдыг бүү далайлга.

Талархал бол талархах хүний үүрэг байдаг болохоос, талархуулах хүний эрх биш байдгийг санаж яв. Боловсролтой, соёлтой аль ч хүн талархах, талархуулахын аль альд нь тэгш тэнцүү хандах учиртай. Өөрсдийнхөө ачийг бодох учиртай хүнтэй уулзахаараа талархалтай байх ёстойг сайн санацгаадаг мөртлөө өөрсдөө мэхийн талархах ёстой хүмүүстэй уулзахаараа энэ тухай юу ч бодоцгоодоггүй байж таарахгүй. “Талархал шаардах нь тэнэг зан, талархалгүй байх нь бүр ч өөдгүй явдал болой” гэсэн үгийг марталгүй бодож явбал зохилтой.

Ухаантай хүн тал засаж зулгуйдаагүй, илүү ч үгүй, дутуу ч үгүй шударгаар өгүүлж байгаа талархалд таатай хандаж хүлээж авна. Байгаа юмыг байгаагаар нь хэлж, үнэн юмыг үнэнээр нь дүгнэх нь талархлаа илэрхийлж байгаа шударга бөгөөд зохистой арга. Шударга бус үнэлгээ талархалгүй байдлын адгийн шинж, талархалгүй байдал хамгийн өөдгүй гажиг мөн. Талархалгүй хүмүүс байдаг нь мэдээж сайн зүйл биш, тэдэнд зэвүүрхэх үе ч бий. Тэгэхдээ өөрт чинь туслалцаа үзүүлсэн бүх хүмүүс чамаас талархлын таатай үг сонссон уу гэдгийг өөрийн хүн чанараас үе үе асууж байх хэрэгтэй.
Бэлгийн хариуд сэтгэлийн талархал зайлшгүй. “Бэлэг бол үнэ цэнээрээ бус, хэн бэлэглэж байгаагаар эрхэм байдаг” учир авсан бэлгэндээ баярлахаас түрүүн бэлэг өгч байгаа хүнд нь талархах нь зүйн хэрэг. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлж чаддаг хүнд тус болох урамтай. “Ач тусын талаар үзүүлэгч нь бус, хүртэгч нь ярьж байх” ёстой нь талархлын алтан зарчим гэдгийг мартаж болохгүй.
Бие биедээ чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!

Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун Н.БАГАБАНДИ (2008-02-11)

Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурхны авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.

“Айлаас эрэхээр авдраа уудла” гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт “хүслийг хангагч чандмань эрдэнэ” дүүрэн чихээстэй байдаг юм. Гагцхүү авдрынхаа тагийг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр онгичин хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар-энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанарууд.

Тэдэнгүйгээр амжилтын оргилд өөрийгөө хөтөлнө гэж бодож санахын ч хэрэггүй. Ямар ч хүн ертөнцөд өө сэвгүй сайн хүн болон бүрэн төлөвшин мэндэлдэггүйтэй адил бүтээлч шилдэг чанар эхээс төрөхөд энэ биед чинь иж бүрнээрээ цогцлон заяахгүй. Тэр бүгдийг хүн бүхэн өөрийнхөө хүчээр, өөртөө цогцлоохыг мэрийн хичээх ёстой. Тэгж баймааж нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа өөрийн гараар итгэл дүүрэн дархлах боломж алхам алхмаар дөтлөн ойртоно.

Гар хумхилгүй ажиллахгүйгээр гавьтай амжилтад хүрч чадахгүй. Оюунаа хөвчлөн дайчилдаггүй хүн олигтой бүтээл туурвиж эс чадна. “Ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг” гэх үгийг суут Моцарт хэлэх дуртай байж. “Ажил бол энэ ертөнц дээрх миний цорын ганц таатай зүйл” гэж амжилт олсон нөгөө нэгэн алдартан дахин давтан хэлдэг байв. Ажил хөдөлмөр чиний хэмжээлшгүй баяр баясгалан байж, ажил хөдөлмөрийг амьдралдаа тохиох цорын ганц таатай зүйл болгож чадвал амжилтад хүрч, алдраа мандуулах шидэт түлхүүрээ бат атган зогсож байна гэж бардам бодож болох нь ээ. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл энэ хорвоод үгүй болохыг өглөө болоход наран мандаж, орой болоход шингэхтэй адил гарцаагүй үнэн гэдэгтэй зүйрлэн жишин санаж яв.

Хүмүүс ажил хөдөлмөрийг янз янзаар л хийдэг. Ажилд тааруу, муухан хийдэг, бие дайчилдаггүй залхуу нэгэн байхад ажлаа тааруу, муу хийж чаддаггүй, муу хийнэ гэдгийг мэддэггүй, бахархам бүтээлч чадвартай нөгөө нь байна. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хайрламаар хэсэг байхад эрхэлсэн ажлаа ор нэр төдий хийсэн болж назгайран цаг нөхцөөгсөд цөөнгүй. Ажил бүтээлээ муу хийж чаддаггүй, дутуу дулимаг орхиж сураагүй тэр хүмүүс алдар хүндийн барианд хэзээд ойрхон байна. Хариуцсан ажилдаа зүрх сэтгэлээ өгч махран зүтгэгч, хайр татам хүмүүс олны хүндлэлийг хүлээж, бахархан дурсагдана.

Шинжлэх ухааны ч бай, урлаг утга зохиолын ч бай аль ч салбарт агуу их хэмээн алдаршсан, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бусдаас даван гарч алдраа мандуулсан хэн боловч өрөөл бусдад найдалгүй өөрийгөө дээд зэргээр дайчлан, хичээн зүтгэж байж тэрхүү бахархам амжилтыг олсон байдаг. Тэдний дотор ядуухан бор гэрт өссөн хүн байхад баян тансаг өргөө гэрт төрсөн нь ч байна. Идэж уух, өмсөж зүүх, эрхэлж тоглох бүхнээр бялхаж байгаа мөртлөө өөртөө хатуу шаардлага тавьж, сурч мэдэхийн судалж бүтээхийн төлөө махран зүтгэсээр агуу их үйл хэргийг гүйцэлдүүлсэн суут хүмүүс бий.

Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, өөрийгөө шавдуулан, хүрч болох хамгийн дээд өндөрлөгт өөрийнхөө хүчээр гарч чадсан жишээ захаас аван бий. Хүн амжилтад хүрэхэд ямар ч хатуу хэцүү бэрхшээл гай тотгор, төвөг саад төдийлөн болдоггүй гэдэг нь гайхамшигт хүмүүсийн намтар цадигаас тодхон бөгөөд нийтлэг харагддаг. Харин ч олонх тохиолдолд иймэрхүү бэрхшээл хүмүүст сэтгэл, итгэлийн хат суулган, хашир таниулж өөд нь татдаг байна.

Өөрөөр хэлбэл, гачигдал зовлонг шүд зуун тэсвэрлэж, шөрмөсөө сунатал ажиллаж хөдөлмөрлөе гэх чин хүслэн ундран оргилон бий болдог байна. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах зориг хүчийг өгдөггүй. Өнөөгийн ядуу зүдүү, дутуу гуцуу амьдрал үүрдийн золгүй байдал, үзүүргүй зовлон гуниг гэсэн үг хараахан биш. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах гүн итгэл өвөрлөн хичээн зүтгэвээс ядуу гуцуу байдлыг хишиг буян болгон хувиргаж төвөггүй чадна. Зовлон бэрхшээл өөдлөн дэвжихийн төлөөх тулаанд зориг хүчийг өгч туйлдаж сөхөрсөн хүнийг хөл дээр нь баттай босгодог юм. Ийм зориг хүчтэй, хөл дээрээ баттай боссон хүн ялж дийлэн, цаана нь гарч, зорилгоо биелүүлэх нь эргэлзээгүй тодорхой.

Өөрийнхөө хүч чадал, бололцоо нөөцөд бүхнээс илүү итгэн найд. Өөрийн чинь гутлыг чиний өмнөөс хэн ч өмсгөхгүйтэй адил өөрийн чинь өмнөөс суралцан, чиний оронд хөдөлмөрлөж, чиний нэрээр бүтээн туурвиж өгөх хүн хорвоод үгүй. Чамайг өвдөж зовбол чиний төлөө сэтгэл гарган, санаа тавьж эмчилж тордох хүн байх боловч чиний өмнөөс эм танг чинь ууж, эмчилгээ засал хийлгэж эдгээн илааршуулж чадахгүй. Тиймээс өөртөө эргэлзэж тээнэгэлзэлгүй найдан, өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах нь хүн бүрт оногдсон заяа тавилан. Ингэж хэлэхдээ бусдын тус дэмийг бүхэлд нь орхигдуулан үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш.

Хэн ч хөндлөнгийн тус дэмгүйгээр амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Ямар ч ухаантай, гайхамшигтай хүн бусдаас хишиг тусыг байнга хүртэж байдаг нь мэдээж. Сэтгэл санааны дэм хийгээд, журамт андын сэтгэлээ салшгүй сайн нөхрийн төлөө өргөх нь зүйрлэшгүй том тус нэмэр. Бусдын тусламж, өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудран зүтгэх хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залуу зандан насанд ч, замаа олж, биеэ даасан үед ч нэгэн адил хамаатай. Гэхдээ л өөрийн хүч чадалдаа эргэлзэлгүй итгэн, бололцоо нөөцөө шавхан дайчилж, бүтээлч шаргуу хөдөлмөрлөн, их хэргийн төлөө эргэж хургалгүй зорь.

Амьдралаа үнэ цэнэтэй, утга төгөлдөр, ухаантай зөв авч явахыг залуу хүн бүр хичээх хэрэгтэй. “Ухаангүй, ёс суртахуунгүй, цэнгэлд автсан хүмүүсийн амьдрал ямар ч үнэ цэнэгүй байдаг” гэнэ. Зуурдын жаргалд хөтлөгдөн, зугаа цэнгэлд ташуурч, түмэнд нүүрээ барах ичгэвтэр бүхнээс татгалз. “Ичгэвтэр зүйл хийсэн хүн юуны түрүүн өөрөөсөө ичих ёстой”. Өөрөөсөө ичих мэдрэмжтэй хүн алдаж гишгэх нь ховор. Алдлаа ч хор холбогдол нь гайгүй. Өөрөөсөө ичдэг хүн нэг бүдэрсэн гадсандаа дахин бүдэрдэггүй юм. Архи, тамхинд шимтэн дурлах буруу зуршилд автваас амьдралдаа санаатай хор хүргэж байгаа мунхаг үйлдэл.

“Архидалт бол бүх гажгийн эх”. Энэ гажгуудыг засахын тулд жигтэйхэн сайн хууль баталчихвал хүмүүс хорт зуршлаа тэр дор нь таягдан хаячих мэт гэнэн төсөөлөл байдаг. Ямар ч хүчирхэг хатуу чанга хууль гарлаа гэсэн залхуу этгээд гэнэт ажилсаг болон төрөл арилжиж, үрэлгэн хүн жигтэйхэн тооцоотой болон нарийлж, архичин архиа жигшин шууд орхиж, тамхичин тамхиа хаях нь юу л бол? Харин өөрийнхөө гэмийг өөрөө ухаарч, өөрийгөө өөрчлөхөөр сэтгэлээ хатамжлан шулуудаж, хэмнэж гамнахын утга учрыг ойлгож, архинд живсэн гаслант амьдралаа өөрөө ухамсартайгаар буруушааж эхэлбэл хүн сайн тал руугаа өөрчлөгдөх үүрийн гэгээ туяарч эхэллээ гэсэн үг.

Сэтгэл итгэлийнхээ хүчээр буруу зуршлаас ангижрах нь өөрийгөө аврах хамгийн дөт зам. Буруу үйл үйлдэж байна гэдгээ юуны өмнө өөрөө ухамсарлаж, түүнээс татгалзах сэтгэлийн хүчээ хураан хуримтлуулж, тэсвэр тэвчээр заан, эргэлт буцалтгүй эрс зориглож чадвал нүүрлэн буй зовлон гамшгаас биеэ хамгаалж, өөрийгөө аварч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн өөрийгөө аврах төдийгүй хамгийн хайртай хүмүүсээ уур уцаар, уйтгар гуниг, гутрал доромжлолын занал зүхлээс ангижруулж байгаагаа ухаар.

Бусдын тус дэмэнд найдалгүй яахав. Гэхдээ өөрөө өөртөө туслагч байх нь бүхнээс илүү чухал. Өөртөө туслах оюун ухаан бол хүний өсөж дэвжих өөдлөн хөгжих тулгын чулуу юм. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа, гэгээн ухаан л хүмүүсийг алхам тутам зоригжуулж, алс ирээдүйгээ өөдрөгөөр харах хүсэл тэмүүллийг цогцлоож байдаг. Өөрийнхөө хүчээр өөрийгөө хөгжүүлэгтүн!