Monday, March 26, 2012

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?

XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.

Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулах адил энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм.

***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.


Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан

- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон

- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон

- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн

- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон

- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.


Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.
Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.
Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.

***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.
Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно.
Source: Mongoliin tuuhiin gaihamshigt agshin-s blog

Ene nomiig olj unshmaar yum bn.

Монгол Улсыг захирч залж явсан их хаад

Монгол Улсыг захирч залж явсан их хаадын амьдралыг vнэн зөвөөр vр хойчдоо өвлvvлж, тэдэнд байнга сануулж явах нь Монгол хvн бvрийн ариун vvрэг билээ.

Их Монгол Улс байгуулагдсан 1206 оноос 1924 он хvртэлх хугацаанд 12 жаран буюу 720 гаруй жилийн 428 жилд нь Их эзэн Чингисээс эхлээд Лигдэн хаан хvртэл vе залгамжилсан 37хаан улсаа захирч иржээ. Монгол төрийн хаадын тухай судлаачид олон арван бvтээл туурвисаар ирсэн. Тэдний эзэмшин захирч ирсэн газар нутаг, сvр хvчээр нь 37хаадыг тvvхч, судлаачид гурван хэсэгт хуваажээ.

1.Их Монгол Улсын (далай хаад) 1206-1260 он хvртэл нэг жарны туршид Чингис, Өгөдэй, Гvег, Мөнх хаан нар дэлхийн тvvхэнд хамгийн том эзэнт гvрнийг байгуулж төр барьжээ.

2.Монгол юан гvрний хаад 1270-1370-аад он хvртэлх 100-гаад жил Хубилай хаанаас эхлээд Тогоонтөмөр хаан хvртэл 11 хаан суужээ.

3.Монгол Улсын хаад Юан гvрний ноёрхол унасны дараа 1370-1634 оны хооронд 264 жилийн хугацаанд Аюушридар хаанаас Лигдэн хаан хvртэл 22 хаан ээлжлэн төр барьжээ.

Лигдэн хаан нас барж Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр Монгол Улсын тусгаар тогтнол алдагдаж, төрийн эрх мэдэл Манжийн эрхшээлд орсон нь тvvхэнд хамгийн эмгэнэлт vе байлаа. Ард тvмэн тусгаар тогтнолоо сэргээх, vндэсний эрх чөлөөгөө олж авахын төлөө vе vеийн халуун эх орончдын удирдлагаар тэмцэж ирсэн бөгөөд энэ бэрх хэцvv vед тусгаар тогтнох туйлын хvслэн, итгэлээ хадгалсаар байсан нь бахархууштай.

Чингис хаан 1162-1227
Монголын vндэсний тулгар төрийг vндэслэгч, Тэмvvжин-Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлvvн болдог гэдэг газар Есvхэй бааатар, Өvлэн хатан нарын ууган хөвгvvн болон төржээ.

Тэмvvжин арав хvрэхгvй насандаа эцгээсээ өнчирч, амьдралын хатуу хvтvvг туулж өсөхдөө Есvхэй эцгийн орыг залгаж, Монголын тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн 27 насандаа буюу 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн "Чингис" цолыг хvртсэн байна.

Энэ vеэс "Хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа нэгтгэх" их vйл хэрэгт зvтгэж арван жилийн дотор монгол угсааны ная гаруй аймгийг нэгтгэн Байгаль нуураас өмнө тийш Тvмэн газрын цагаан хэрэм хvртэл, зvvн зvг Хянганы нуруунаас өрнө зvг Алтайн уул өнгөртөл өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлсэн Их Монгол улсыг байгуулжээ.

1206 оны улаан барс жил Онон мөрний хөвөөнөө есөн хөлт цагаан тугаа мандуулан их хуралдай чуулж, Их Монгол улсыг байгуулснаа тунхаглан зарлаад Тэмvvжин-Чингисийг хаан ширээнд өргөмжлөн залжээ.

Энэ эрхэм ёслолын vеэр Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, тулгар төрийг байгуулах их vйл хэрэгт хvчин зvтгэсэн шадар тvшиг нөхдийнхөө гавьяа зvтгэлийг онцгойлон vнэлж, "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өмөг туст, өлзий буянт нөхөд", "зөв явдлыг зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож, алалдах өдөр амиа хайрлахгvй ачийг хvргэж баатарлаг зvтгэсэн, харийн дайсанд халуун нvvр өгч харилцдаггvй, өшөөт хvнд өмөг тус болж өөр зан гаргадаггvй, хvйтэнд хөрч, халуунд халж, нойтонд норж надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, ураг барилдан урагш зvтгэж насад vнэнчээр зvтгэсэн сайн нөхөд минь" хэмээн өргөмжлөн залаад тэднийхээ ачийг "харанхуй шөнө зvvдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ" гэж дурьдаад "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхөдөө угсаатан ноёд болгож, мятралгvй зvтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёдод өргөмжилж" томил гэсэн хаан эзний их зарлиг соёрхлыг буулгаж, 88 гавьяатныг дархалж, 95 мянганы ноёдыг томилсон нь тvvх шашдирт бичигдэн vлджээ.

Ийнхvv нэгдсэн төр улсын vндэс засаг захиргааг шинэчлэн зохион байгуулж Монгол Улсын батлан хамгаалах гол хvч "Хишигтэн" цэргийг байгуулав. Хааны дэргэд цэцдийн зөвлөл байгуулж, "Их засаг" хуулийг батлан гаргуулж мөрдvvлэх болов.

Чингис хаан "Намайг хаан болохоос өмнө монголчуудын дотор ямар ч эмх замбараа байсангvй, vр хvvхэд нь эцэг эхийнхээ vгэнд ордоггvй, нөхөр нь эхнэртээ итгэдэггvй, эхнэр нь нөхөртөө захирагддаггvй, баян нь ядуудаа тусалдаггvй, дордос нь дээдсээ хvндэлдэггvй, ард тvмнийг улс гvрэнд нэгтгээд, миний хамгийн тvрvvн санаа тавьсан нь тэдний дунд ёс журам, vнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм" гэжээ. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж энэ зорилгоо хэрэгжvvлээд зогссонгvй улмаар эх дэлхий уужим бөгөөд ус мөрөн олон гэдгийг ухаарч нутгаа өргөтгөж, нөлөөгөө гvнзгийрvvлэхийг эрмэлзэн өндөр уулсын хөтөл зорьж, өргөн далайн олом зvглэн мятарч цуцаагvй зvтгэж явжээ.

Ингэж зvтгэж зорьсныхоо учир утгыг тодорхойлж хэлэхдээ: ".. .дэлхий дахин нэгэн гэр бvл болж төв тvвшин энх амгалан болвоос сая миний баясах хэрэг... би тэднийг нийтээр энх тvвшин болгох бодолтой байна. Учир нь нэгэн хvн төрөөд тvмэн газрыг энхжvvлэх нь цөм хvн болон төрөгсдийн тусдаа явдал мөн бөгөөд хэрэв чадваас дээд тэнгэрт гавьяа ажээ, доод амьтанд өршөөл ажээ" хэмээн айлдсан буй.

Ийнхvv Чингис хаан "...тэнгэрийн бошгоор нэгэн vзvvрт сэтгэлээр арван гурван наснаас цэрэг байгуулж дөрвөн зvг дайлан явж" их бага олон аймаг улсыг тvвшитгэн, өмнө зvг Энэтхэгийн Ший мөрөн, хойш Орос улсын хойт зах, баруун тийш их уст Днепр мөрөн, зvvн тийш Номхон дөлгөөн гадаад их далай хvртэл өргөн уудам нутгийг эзэмшсэн Монголын эзэнт гvрнийг байгуулсан юм.

Хагацсан бутарсан хамаг Монголоо хамтатгаж Чингис цолыг хvртсэн эе эвдэрсэн эсгий туургатнаа нэгтгэж Их Монгол Улсаа тунхагласан, нэгдсэн төрийг бататгаж Их эзэн хаанд өргөмжлөгдсөн, улмаар олон улс орныг өөрийн захиргаанд нэгтгэж Их эзэнт гvрнийг байгуулсан. Чингис хаан улаагчин гахай жил 1227 оны намар 66 насандаа тэнгэрт хальсан ч тvvний нэр алдар, аугаа их vйл хэрэг нь газар дэлхийд мөнхөрч vлдсэний гэрч Монгол улс оршин тогтнож, шинэ зуун хөгжин дэвшиж байна


Өгөдэй хаан 1187-1241


Чингис хааныг өөд болсны дараа тvvний отгон хөвvvн Тулуй төрийн хэргийг тvр хамаарч байгаад 1229 онд шарагчин vхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвvvн Өгөдэйг хаанд өргөмжилжээ.

Өгөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 наснаасаа эцгээ даган төр улс байгуулах vйлсэд биечлэн оролцсон юм. Өгөдэй хаан засаг төрийн хэлбэр, бvтцийг боловсронгуй болгож, Чингис хааны зарлиг ёсоор баригдаж эхэлсэн Хар хорум хотыг барьж дуусгаад монголын эзэнт гvрний нийслэл болгосон юм. Монголын тvvх, оюун соёлын vнэт өв "Монголын нууц товчоо" нь Өгөдэй хааны ордонд тvvний тунгалаг ахуйд бичигджээ. Өгөдэй хаан 1241 оны цагаагчин vхэр жилд 55 насандаа таалал төгсчээ.

13 жилийн туршид Их Монгол Улсын далай их хааны ширээнд сууж эцэг Чингис хааны эрхэм зорилгыг vргэлжпvvлэхдээ олон тvмнээс "Эрдэмт гэгээн хаан" гэсэн эрхэм хvндэт цолыг авсан их хаан билээ. Их гvрний эзэн байсан Өгөдэй хаан улс орноо хэрхэн яаж авч явснаа өөрөө дvгнэн хэлсэн vг нь эрхийг эдлэвч гэмээ хянах энгvй ухаантан, энэрэхvй сэтгэлтний гэрч төдийгvй, улс орныг удирдах хэн бvхэнд ухаарал хайрласан мөнхийн гэрээслэл болон vлдсэн билээ. Тvvх шашдирт тэмдэглэгдэн мөнхөрсөн тvvний vг юу хэмээвээс: "Эцгийн ор суурийг залгамжилж хаан ширээнд сууснаас хойш багагvй хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд хийсэн ажил гэвэл:

Нэгд. Би Зvрчидийн Алтан улсыг байлдан дагуулж эзлэн авлаа.
Хоёрт. Гадаад дотоодын хэрэгт элч зарахад, хоорондоо харилцах болон элдэв хэргийг дамжуулан зөөхөд хялбар дөхмийг бодож олон газрыг холбоолсон өртөө замыг тавилаа.
Гуравт. Усгvй газарт худаг малтуулж ус гарган, улс иргэнийхээ мал аж ахуйд өвс усыг хvрэлцээтэй болголоо.
Дөрөвт. Зvг зvгийн суурин улс орны өөрийн харьяаны олон хот тосгонд захирагч, мэдээлэгч нарыг томилон ажиллуулж, тэдгээр улс орны олон ард иргэдийг гар газар, хөл хөсөр тавиулж, амгалан тvвшин амьдруулах боллоо. Би хаан эцгээс хойш ийм дөрвөн ажлыг хийлээ. Хаан эцгийн ор сууринд сууж, олон улсын иргэнийг захиран тохинуулах vvрэг хvлээсэн хаан хvн байтлаа бор дарсанд дуртай болсон минь миний буруу боллоо. Ёс бус эм хvний vг ятгалганд автаж, Отчигин ноён авга ахын харьяат нарын дотроос хvvхэн авч ирvvлж байсан минь миний буруу. Тогулахыг далдаас хардсан нь бас миний буруу.

Энэ ямар буруу гэвэл хаан эцгийн харах нvдний өмнө хамгаас тvрvvнд хатгалдаж явсан Тогулахыг хорт муугийн vгэнд орж би хороожээ. Одоо миний өмнө хэн ч ингэж тvрvvлэн давшиж өгөх билээ. Хаан эцгийн өмнө эцэж цуцалгvй зvтгэж явсан журамт хvнийг би мэдэхгvй өш санасныхаа төлөө өөрийгөө тvмэнтээ буруутгана. Би тэнгэр газрын заяагаар төрсөн ан гөрөөсийг хvртэл бусад ах дvv нарынхаа нутаг дэвсгэрт орчих вий хэмээн харамлан хомголзож шавар хэрэм бариулж ах дvv нараас гомдлын vг сонсож явлаа. Энэ бол миний бас нэг буруу юм. Хаан эцгээс хойш тэгэхлээр би гэдэг хvн дөрвөн vйлийг нэмсэн атлаа дөврөн буруу vйлийг vйлдсэн гэмээ өөртөө хvлээн ухаарахаас өөр аргагvй билээ" хэмээсэн гэмшил, гэрээслэл, ухаарал бодролын vг хэлсэн байдаг.

Гvюг хаан 1206-1248
Өгөдэй хааны ууган хөвvvн Гvюг хан эцгийн 20 настайд хатан Дөргөнө эхээс 1206 оны улаан барс жилд төржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан эцгийн ор залгаж Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгдсөн гурав дахь хаан юм. Тэрээр хоёр жил гаруйхан хугацаанд хаан суусан хэдий ч улсыг удирдах төрийг засах талаар нэлээдгvй арга хэмжээ авч байжээ. Тухайлбал төрийн ёс журмыг сулруулж самууруулсан эх Дөргөнө хатны хийсэн олон алдааг залруулж төрөө төвшитгөн, Чингис ба Өгөдэй хааны vеийн мэргэн засгийг дахин сэргээхийг хичээсэн бөгөөд 1247 онд хvн ам, эдийн засгийн анхны бvртгэл явуулж, өртөө хэрэглэгчдийн пайз бичгийг сэргээсэн байна. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг vргэлжлvvлэх бодолтой байсан нь Ромын шашны тэргvvнд явуулсан тvvний захидлаас ил харагдана. Гvюг хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.

Мөнх хаан 1208-1258
1208 оны шарлуу жилийн өвөл Чингис хааны отгон хөвvvн Тулуйн хатан Сорхогтаны бэхигээс ууган хөвvvн төрсөн нь Мөнх байлаа. Тvvнийг төрөхөд Хонгирад аймгийн Тив тэнгэр бөө хувь заяаг нь шинжиж "Хожмын өдөр мөнх тэнгэр шиг эрхэм хvндэт хvн болно" хэмээн төлөгдөөд энэ нэрийг хайрласан гэдэг. Гvюг хааны дараагаар хаан ширээний төлөөх алтан ургийнхний өрсөлдөөн дунд нэлээд эсэргvvцлийг давж Батын дэмжлэгтэйгээр 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гvрнийг тухайн vеийн дэлхийн хамгийн том гvрний хэмжээнд хvргэсэн агаад тvvний нэгдмэл байдлыг хадгалж чадсан төрийн гол зvтгэлтэн ажээ. Мөнх хаан өмнө зvг Хятадад байлдан дагуулж яваад 1258 оны шаргачин хонин жил нас баржээ.


У.Батчимэг

Нийгмийн толь 199/291/

Sunday, March 11, 2012

Нарны идэвxжил буурч дэлхийг ”хүйтрэл”-д хүргэх үү?

Нарны гадаргын хамгийн өндөр идэвхжилтэй хэсэгт ажиглагддаг, бага температуртай учир бараан харагдах хэсгийг нарны толбо гэх бөгөөд түүний хэмжээ нарны ажиглалтын гол үзүүлэлтүүдийн нэг болдог. Зарим жилүүдэд толбоны тоо олширч байхад заримдаа бараг үзэгдэхээ больдог. Нарны толбоны энэхүү өөрчлөлт нь нарийн тогтсон цаг хугацаанд буюу 11 жилийн давтамжтайгаар явагдсаар иржээ. Энэ нь нарны идэвхжлийн хэмжээг илэрхийлэх бөгөөд идэвхжил өндөр жилүүдэд толбоны тоо хэмжээ эрс олширдог.
Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн нарны толбоны өөрчлөлт цаг хугацааны нарийн тогтсон давтамжаас гажиж эхэлж байгаа нь тодорхой болжээ. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны нарийвчилсан ажиглалт хийж эхэлснээс хойш тохиолдож байгаагүй онцлог үзэгдэл болж байгаа юм. Өнгөрөгч 2011 онд нарны идэвxжил давтамжийн хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байсан боловч урьдчилан тооцоолж байснаас 50% бага хэмжээтэй байгаа ажээ. Энэ гажилт дэлхийд томоохон нөлөө үзүүлэх магадлал өндөр байна.
Шинжлэх ухааны түүхэнд нарны толбыг хамгийн анх судалсан хүн бол Италийн нэрт физикч, математикч, одон оронч, философич Галилео Галилей юм. Түүнээс хойш 400 гаруй жилийн туршид эрдэмтэд нарны толбоны ажиглалтыг тасралтгүй хийсээр иржээ. Ажиглалтын түүхэн баримтуудаас үзвэл 17-р зууны хоёрдугаар хагасаас 70-аад жил үргэлжилсэн хугацаанд нарны толбо бараг үзэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зурвас үед нарны идэвжил хамгийн доод цэгтээ байжээ.
Уг зурвас үеийг нээсэн эрдэмтний нэрээр маундерын минимум гэж нэрлэсэн юм. Тухайн үед дэлхий ямархуу байдалтай байсан нь эрдэмтэдийн сонирхол татсаар иржээ. Үүнийг шууд мэдэх боломжгүй боловч хариулт нь санаанд оромгүй газраас олдсон байна. Осака их сургуулийн эрдэмтэд сакура ямар цаг хугацаанд цэцэглэж байсан тухай түүхэн баримтуудаас тухайн үеийн агаарын температурын мэдээллийг гаргаж авсан байна.
Сакура агаарын тогтсон хэмд цэцэглэх бөгөөд цаг агаарын байдлаас хамаарч цэцэглэх хугацаа өөрчлөгддөг байна. 17-аар зууны эхэн үе хүртэл шинэ он гарсанаас хойш 100 дахь хоногтоо сакура бүрэн цэцэглэж байсан бол сүүл үед цэцэглэх хугацаа 10-аад хоногоор хойшлож байв. Энэ мэдээллээс агаарын температурыг тооцож үзэхэд маундерын минимумын үед олон жилийн дунджаас 2 хэмээр бага байсан нь тогтоогджээ. Тухайн үед зөвхөн япон улсаар тогтохгүй дэлхий даяар агаарын хэм бага байсан нь бусад олон баримтаар нотлогддог. Тухайлбал өмнөд Английн нутгаар урсах Темза мөрөн бүхэлдээ хөлдөж байсан баримт түүхэнд үлджээ.
Маундерийн минимум буюу бага мөстлөгийн үед нарны идэвхжил маш бага байсан боловч энэ нь ямар замаар дэлхийн агаарын температурт нөлөөлж байсан нь тодорхойгүй байв. Зарим эрдэмтэд нарны идэвжхил бага жилүүдэд түүний гэрэлтэлтийн хэмжээ буурч, улмаар дэлхийн агаарыг сэрүүсэх нөлөө үзүүлж байна хэмээн таамаглаж байсан боловч америкийн сансарын хиймэл дагуулын тусламжтайгаар сүүлийн 40 жилийн турш хийсэн нарийвчилсан ажиглалтаар гэрэлтэлтийн байдалд ямар ч өөрчлөлт гараагүй нь тогтоогджээ. Харин нарны идэвжхил 11 жилийн давтамжтай тогтсон хугацаандаа явагдаж байв. Иймд дэлхийн "хүйтрэл"-ийн шалтгааныг нарны гэрэлтийн хэмжээнээс бус өөр зүйлээс хайх хэрэгтэй болжээ.
1997 онд Данийн Үндэсний Сансар Судлалын Төвийн эрдэмтэн Henrik Svensmark-ийн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл эрдэмтдийн дунд шуугиан тарьсан нээлт хийгдсэнийг зарлав. Хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн үүлэнд хэмжилт хийж үзэхэд түүний хэмжээ сансарын туяаны хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгддөг болох нь тогтоогджээ. Сансарын туяа нь оддын дэлбэрэлтээс үүсч огторгуйн орон зайд тархах цацраг идэвхт туяа юм.
Henrik Svensmark-ийн нээлт буюу сансарын туяа (шар) үүлний хэмжээ (хөх)-тэй шууд хамааралтай
Нарны идэвхжил (улбар шар) соронзон хүч (хөх)-нээс хамаардаг бол гэрэлтэлт (шар) нь тогтмол байна
Дэлхийд ирэх сансарын туяаны хэмжээ ихсэхэд дэлхийн агаар мандалд үүсэх үүлний хэмжээ мөн адил нэмэгдэж улмаар цаг агаарт нөлөөлж байгаа нь эрдэмтдийн гайхлыг төрүүлөв. Үнэндээ бол дэлхийд ирэх сансарын туяаны хэмжээ нарны соронзон орны хүчнээс хамаардаг нь тодорхой болсон байжээ. Нар бол нэг ёсондоо соронзон од юм. Түүний гадаргын ихэнх хэсэгт соронзон орны хэмжээ дэлхийнхээс 100 дахин их байдаг бол идэвхжил өндөртэй толбоны орчимд 10 мянга дахин их байдаг. Мөн дэлхийн соронзон орны шугамууд хойд, өмнөд туйлыг холбосон чиглэлтэй байдаг бол нарны соронзон орны шугамууд эмх замбараагүй байрласан байдаг. Тэдгээр шугамууд нарны гадаргатай огтлолцсон хэсгүүдэд нарны толбо үүсдэг байна.
Нарны соронзон хүчний өөрчлөлтийн хэмжээ нь нарны толбоны өөрчлөлттэй шууд хамааралтай байдаг байна. Нарны үүсгэж буй соронзон орон нарны аймгийг бүхэлд нь хамрах бөгөөд сансарын туяаг нарны аймгийн бүст орж ирэхэд саад болж байдаг байна. Харин нарны идэвхжил буурч, үүсгэж буй соронзон хүчний хэмжээ багасах үед илүү их хэмжээний сансарын туяа нарны аймагт нэвтэрч улмаар дэлхийн агаар мандалд үүл үүсэх нөхцөл болдог байна.
Сансарын туяа дэлхийн цаг агаарт хэрхэн нөлөөлдөг механизмийг Henrik Svensmark тун энгийнээр, ахлах сургуулийн физикийн хичээлийн үүл үүсгэх туршилтын зарчимаар тайлбарлажээ. Үүл үүсэхэд зөвхөн усны уур байх нь хангалттай нөхцөл биш юм. Түүнээс гадна макро буюу агаар дах тоосонцрын хэсгүүд байхыг шаарддаг. Сансарын туяа агаар мандалд орж ирэх үед агаарын тоосонцрын молекулуудтай мөргөлдөж тэдгээрийг цэнэгжүүлдэг байна. Цэнэгжсэн молекулууд хоорондоо татагдан нэгдэж макро хэсгүүдийг бий болгоно. Түүн дээр усны уурын молекулууд цугларсанаар үүл үүсдэг ажээ.
Харин эрдэмтэд энэхүү тайлбарыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байсан боловч Швейцарын CERN лабораторт хийсэн туршилтаар үнэн бодитой нь нотлогдож эхэлж байна. Тус лабораторт хурдасгуурын туламжтайгаар нейтронуудыг мөргөлдүүлэн, сансарын туяатай төстэй эгэл бөөмсөд задлах туршилтууд хийгдэж байна. Энэ нь нөгөө талаас сансарын туяаг зохиомлоор үүсгэж байгаа гэсэн үг юм. Харин агаар мандалд үүл их хэмжээгээр үүссэнээр нарны гэрлийг хааж агаарын температурыг бууруулах нөлөө үзүүлэх нь мэдэжийн хэрэг билээ.
Эрдэмтэд сүүлийн 6500 жилийн хугацааны нарны идэвхжлийн мэдээллээс маундерын минимум үе 15 удаа тохиолдож байсныг тогтоожээ. Мөн тухайн үеүүдэд дэлхийн агаарын температур хэрхэн өөрчлөгдөж байсныг судлаж үзэхэд 12 удаад нь "хүйтрэл" болж агаарын температур 2-4 хэмээр буурч байв. Хэрэв ийм үеүүд тодорхой давтамжтай явагддаг гэж үзвэл маундерийн минимумын шинэ үе ойрын хэдэн арван жилд тохиох магадлал өндөр байна. Юутай ч өнгөрсөн оноос эхэлсэн нарны идэвхжлийн бууралт нь дэлхийн "хүйтрэл"-д хүргэдэггүй юмаа гэхэд дулаарлыг сааруулах нөлөө үзүүлэх магадлалтай байгаа юм. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар сүүлийн жилүүдэд дэлхийн агаарын температур олон жилийн дунджаас 2 хэм орчимоор нэмэгдсэн гэж мэдээлэгдэж байгаа билээ.
Харин маундерийн минимумын шинэ үе эхлэж байгаа эсэх нь ирэх жилүүдэд хийгдэх нарны идэвхжлийн ажиглалтаар тодорхой болох юм. Мөн өмнө тохиолдож байсан үедүүдэд нарны гадарга дахь соронзон орны туйлуудад өөрчлөлт орж, хасах туйлууд цөөрч, улмаар нэмэх туйлууд голлож байсан тухай судалгааны дүгнэлт байдаг байна. Тэгвэл өнгөрсөн жилийн ажиглалтаар соронзон орны нэмэх туйлууд нарны хойд хагаст төвлөрч адил нөхцөл байдал үүсч байгаа нь тогтоогджээ.
Дашрамж дурдахад энэ жил европын нутгаар эрс хүйтэн өвөл болж байгаа тухай мэдээллүүдийг бид өдөр бүр хүлээн авч байгаа билээ. Зарим оронд сүүлийн 70 жил тохиолдоогүй хүйтэн болж олон арван хүн амь насаа алдахаас авахуулаад эрчим хүчний хангамж доголдох, гол мөрөн хөлдөх зэргээр хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байна. Мөн дундад азын орнуудад агаарын хэм олон жилийн дунджаас буурч, Япон, Солонгос улсын нутгаар их хэмжээний цас орж байна.
Энэ бүхэн нарны идэвхжилийн давтамжинд гарч буй гажилттай холбоотой эсэх тухай мэдээлэл хараахан байхгүй байгаа боловч дэлхийн агаар мандлын үүлний хэмжээнээс хамаарч болох нь хэнд ч ойлгомжтой юм. Юутай ч энэ жил нарны идэвхжил ямар түвшинд байх бол, ирэх өвөл энэ жилийнхээс хэр их хүйтрэх бол, дараа дараачийн жилүүдэд хэрхэн хувьсаж өөрчлөгдөх бол гэх мэтээр байгаль цаг уур, цаашлаад нарны идэвжлийн талаархи танин мэдэхүйн сонирхолтой ажиглалтууд бид бүхнийг хүлээж байна.

эх сурвалж; http://robomec.blogspot.com/

Thursday, March 8, 2012

"Ээжээ санана" by Б.Эрдэнэсолонго

Ээжээ санана

Ээж ээ , таныг санана

Хавар болохоор санана

Шүд өвдөхөд санана

Өвс ургахад санана

Муу хэлүүлэхэд санана

Муу явахад санана

Сайн явахад санана

Сайнаар хэлүүлэхэд санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Гөлөг харахаар санана

Шувуу нисэхээр санана

Үдэш болохоор санана

Зүүд зүүдлэхээр санана

Зүг зүг рүү харахаар санана

Нар гарахаар санана

Сар гарахаар бас санана

Сар гарахгүй байсан ч санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Хол явахаар санана

Даарахад санана

Дандаа санана …

Гадаа гудамжинд санана

Ганцаардахад санана

Уур хүрэхээр санана

Нойр хүрэхээр санана

Уйлаад санана …

Намар санана

Зун санана

Насаараа санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Monday, March 5, 2012

Сайхан хайранд саад болдог 6 муу зуршил

Яагаад эхэндээ бүх зүйл сайхан байсан мөртлөө тодорхой хугацааны дараа үнс нурам төдийхөн болж хоцордог юм бол? Заримдаа үнэхээр учрах төөрөггүй хүмүүс гэж байдаг ч, ихэвчлэн бид өөрсдийнхөө муу зуршлуудаас болоод сайхан хайрыг “нүцгэн гараараа” хөнөөж орхидог.

Бид өөрсдийнхөө буруу гэдгийг мэддэг хирнээ л, хийсэн алдаатайгаа нүүр тулж харьцахаас айн зугтсаар байдаг. Тэгээд л дараагийн харилцаан дээрээ яг өнөөх алдаагаа гаргаж эхэлнэ. Сэтгэлзүйн муу зуршлуудаа хаях цаг болжээ!

1. Хүн бүрийг өөрсдийнхөө хэрэгт хутгах
Зарим хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгаж чаддаггүй. Нөхөртэйгөө хийсэн хэрүүлийн деталь бүрийг найзууд чинь мэдэх албагүй. Магадгүй тэр маргааны дараа чи хайртыгаа уучиллаа ч, найз бүсгүйчүүд чинь хамтрагчид чинь муу санасан хэвээр хоцрох болно. Эсвэл найзуудаас чинь хэн нэг нь өөр хүнд та хоёрын тухай ярьж, хайрт чинь өөрсдийнхөө тухай хүмүүст ярилаа гэж уурлах болно. Өөрийнхөө амьдралыг өөрөө л авч яв.

2. Маргаандаа шударга бус хандах
Хос болгон хоорондоо үг зөрдөг. Энэ бол маргаангүй үнэн. Гэвч зөрчилдсөөр байх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гэж оролдох хоёр өөр юм. Хэн нэгний эмзэг сэдвээр оролдох, хувийн нууцыг нь сөргүүлж хэлэх нь чамайг шударга бус гэдгийг харуулж байгаа юм. Хэрэлдэнэ гэдэг бүдүүлэг зан гаргах эрхтэй болно гэсэн үг биш. Хичнээн уур чинь хүрсэн байсан ч, хэрүүлийн дундуур хэлсэн үг чиний тэр хүнийг хэр үнэлдгийг харуулна. Магадгүй тэр хэлсэн үгийг чинь мартаж болох ч, чиний түүнд төрүүлсэн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Тиймээс эелдэг бай.

3. Хэзээ ч түрүүлж уучлал гуйхгүй байх
Уран цэцэн үгтэйнхээ ачаар ямар ч асуудлыг үргэлж өөрийнхөө зөв, эсрэг талынхаа буруу болгож дуусгадаг авъяастай бүсгүйчүүд бий. Гэхдээ төрөлхийн мэтгэлцэх чадвартай ийм эмэгтэйчүүд хайр дурлалын тал дээр яагаад амжилтыг олдоггүй гээч? Тэд хэзээ ч өөрийнх бурууг хүлээдэггүй юм. “Их мэдэгч”-тэй үерхэх хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Чамайг байнга гомдоодог хирнээ түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нэгэнтэй хамт байвал тэр харилцаа Титаникаас хурдан мөхнө. Тийм биш гэж үү? Хайртыгаа хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй шүү.

4. Үргэлж хожимдох
Хэрэв чи түүнээр өөрийгөө хүндлүүлэхийг хүсч байвал, чи бас түүний цаг завыг хүндлэх ёстой юм. Үргэлж болзооноосоо хожимдох нь түүнийг чухалчилж үздэггүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ зуршлаа засахгүй бол чи нэг л өдөр өөрөө түүнийг хүлээгээд хоцорч мэдэх юм. Гэхдээ ганцаараа...

5. Өөрийгөө хайхрахаа болих
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ нь өөрийгөө хайхрахаа болихоос өөр юм шүү. Харилцааны эхний үед бид бүгд л гадаад төрхөндөө анхаардаг ч, түүний дэргэд тайван байдаг болмогцоо , өөрөөр хэлвэл түүнийг өөртөө дурласан гэдэгт бүрэн итгэлтэй болмогцоо гоо сайхандаа анхаарал хандуулахаа больж эхэлдэг. Буруу л хөдөлж байна даа. Мэдээж болзох болгондоо хөлөө өвтгөдөг өндөр өсгийтийг углаж, бүтэн цаг тольны өмнө эргэлдэх хэрэггүй л дээ. Гэхдээ анх түүнтэй уулзахдаа ямар тачаангуй, ялдам эмэгтэй байсан, яг тэр чигээрээ үлдэхийг эрмэлзээрэй. Өөрийгөө зөнд нь хаях нь хамтрагчид чинь өөрт нь таалагдах гэж хичээхээ больсон, эсвэл өмнөх сайхан бүсгүй зүгээр л “баг” байсан гэдэг 2 ойлголтын аль нэгийг өгнө. Ядаж л уруулаа өнгөлчих. Тэгэхгй бол тэр чиний өмнөх дүр төрхтэй адилхан бүсгүйг эрж эхэлнэ шүү.

6. Хамтрагчаа голох (“Түүнээс илүү нь надад олдоно!”)
Хэн нэгэнтэй дэр хуваана гэдэг бэлэг болохоос биш ял биш. Нэг хүнтэй удаан байгаад ирэхээр эхлээд түүнд яагаад дурласнаа бид мартаж орхидог юм. Хэрэв бид түүнийг үл тоомсорлож эхэлвэл тэр өөрийг нь үнэлдэг, хүндэлдэг, хайрлаж чаддаг өөр нэгнийг хайна. Өөр бүсгүйд чиний залууг чамаас илүү инээмсэглүүлэх боломжийг бүү олго.

Source: Goolingoo.mn

Thursday, March 1, 2012

IBT TOEFL-ийн бичих хэсэгт гаргадаг түгээмэл алдаанууд

1. Ганц бөгөөд олон тоог ялгах нь:

Доор байгаа бүх үгсийг ганц тоонд тооцдог. Тиймээс эдгээрийн хойно ганц тооны үйл үгийг залгана. Anybody, anyone, anything, everybody, everyone, everything, each+noun, every+noun, nobody, no one, nothing, somebody, someone, something.

2. Төлөөний үгэн дээр гаргадаг алдаанууд:

Төлөөний үг нь яг төлөөлж байгаа нэр үгтэйгээ хоршиж явдаг. Жишээлбэл:

Алдаатай: A student should do their homework.

Зөв: A student should do his/her homework.

Зөв: Students should do their homework.

3. Хамаатуулах төлөөний үг, хамаатуулах тэмдэг нэр, subject pronoun, object pronoun-ыг өгүүлбэрт зөвөөр ашиглах:

Алдаатай: I brought my book with me. Did you bring your?

Зөв: I brought my book with me. Did you bring yours?

Алдаатай: Me and Tom are going to park

Зөв: Susan and I are going to park.

4. Тэмдэг нэр болон дайвар үгийг ялгаж сурах:

Тэмдэг нэр нь нэр үгийг харин дайвар үг нь үйл үгийг тодотгож явдаг.

Дайвар үг ихэвчлэн тэмдэг нэр дээр –ly залгадаг. Жишээ нь: Careful, carefully.

5. Угтвар үгийг зөв ашиглах:

Үгийн бүтэц нь угтвар, үндэс, дагавар гэсэн 3 хэсгээс бүтдэг. Үгийн хамгийн чухал хэсэг болох үндэс нь үгийн утгыг хадгалж явдаг ба угтвар болон дагавар нь үгийн утгыг сольдог. Угтвар нь үндэсний өмнө залгагддаг ба дагавар нь үндэсний ард залгагдана.

Жишээлбэл:un (prefix)+ read (root) + able (suffix) = unreadable

Эсрэг утга үүсгэдэг угтварууд:

DE – devalue

DIS- disappear

IN-incomplete

IR – irregular

IL - illegal

IM-immature

MIS - misbehave

NON- nonfat

UN – unhappy

IM угтвар нь m, p гээр эхэлсэн үгэнд залгагддаг.

Immature, impossible

IR угтвар нь r-ээр эхэлсэн үгэнд залгагддаг. Irregular

IL угтвар нь L ээр эхэлсэн үгэнд залгагддаг. (legal-Illegal)

Харилцаа хамаарлыг заадаг угтварууд:

Co, pre, super, inter, re, trans, post, sub.

Тоо ширхэгийг заадаг угтварууд:

Bi, mono, tri, semi, multi, uni, poly.

Нэр үг үүсгэдэг дагаварууд:

-anc, -ency, -ent, -ory, -dom, -ence, -age, -ar, -ery, -ee, ancy, -ant, -ary, -ry, -eer, -er, ian, ation, ism, ment, or, ess, ics, ist гэх мэт

Тэмдэг нэр үүсгэдэг дагаварууд:

-able, -ary, en, -ish, -ous, -like, -ible, -ory, - ful, -ive, -ward, -ly, -al, -ed, -ic, -less, -oid

Дайвар үг үүсгэх дагаварууд:

-ly, -ward(s), -wise.

Үйл үг үүсгэдэг дагаварууд:

-ate, -ize, -en, ify

6. By + time-ыг зөв ашиглах нь:


Энэ хоёрыг хэрэглэж байх үед past perfect, future perfect tense ийг хэрэглэнэ.

By next week, I will have finished my research paper.

By 1990, she had graduated from college.

In + time ийг хэрэглэж байх үед past simple ашиглана.

In 2000, Tom graduated from college.

7. Албан, ба албан бус үгийг ялгах нь:

Англи хэлэнд түгээмэл хэрэгдэгддэг үгсийн албан (formal), мөн албан бус (informal) хэлбэрийг хүргэж байна. Эхний эгнээн дэх үгийг бизнес захидал, албан захидалд ашиглах бөгөөд дараагийн эгнээний үгийг ярианы болоод албан бус үед ашиглана.

Money-Loot, brass

Police-Pigs, fuzz

Very good (excellent)-Wicked

Husband-Hubby

Fellow/boyfriend-Fella

Breakfast-Brekkie

Young man-Lad

Residence-Home/ place

Charge-Price

Consider-Thinking about

Enquire-To ask

Alcoholic beverages-Booze

Laboratory-Lab

Consume-Use

Veterinary-Vet

Source: Goolingoo.mn