Friday, November 14, 2008

“Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ”

Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билигтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий.

Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан.

Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билиг сургаал билээ.

Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг.

“Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа” гэж амжилтын оройд цойлсон эрхмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий. Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.

“Эрдэнэсийн арал”, “Хар сум” зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны “Би зовлон зүдүүр нөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар ч нөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна” гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж, бэрхшээлийг сөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай.

Суу билигт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг. “Зоригловол бүтнэ” гэх үг тэдний сэтгэлийн мөнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч “Эр чадал, илд эзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч, бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ” хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэл хадгалагджээ. “Агуу их хатан зориг гэдэг бол агуу их нинжин сэтгэл мөн” гэж Америкийн яруу найрагч Г.Лонгфелло шүлэглэсэн.

Бүтээлч хүнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хөмрөг нь далай мэт баялгаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгүй ээ. Суу билигт Шекспир “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж сургасны учир ийм ажээ.

Зүрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм бүтээх гэж хүсэж мөрөөдөж яваа эрмэлзэл тэмүүлэлд чинь чөдөр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа үйлийг хийхдээ мохошгүй туйлбартай, няцашгүй хатан зоригтой байж, ухааны чадлаа дүүрэн ашиглахыг хичээцгээ.

Манай залууст би чадах болов уу, дийлэх болов уу, бүтэх болов уу гэсэн болгоомжлол түгээмэл. Шийдэмгий зоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хүлээс нь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосоо няцах, чадвараа мохооход хүргэнэ. Болгоомжлох нь нэг талдаа сэтгэлгээний залхуурал мөн. Болгоомжлол гэдэг нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийн архаг хомсдол гэж үздэг хүмүүс байдаг. Болгоомжлол нь яв явсаар хүнийг зориггүй, туйлбаргүй болгох нь бий. Гэхдээ болгоомжлох нь бүхэлдээ муу зүйл биш ээ.

Эрүүл саруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтой хольж хутгаж, ад үзэж болохгүй. Эрүүл болгоомжлол нь ямар нэг шийдвэр гаргахдаа юмс үзэгдлийн наад цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомж эргэлзээ нь нинжин сэтгэл, зөн билиг, зөв мэдрэмжээс эх сурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээс сэрэмж сургамж болдог учир эрүүл болгоомж ач тустай.

Эрүүл болгоомжтой хүнийг хашир егзөр хүн гэж хүндлэн үгийг нь сонсож, зөвлөгөөг дагадаг нь монголчуудад эртнээс уламжлагдаж ирсэн хэв ёсны нэг мөн билээ. Залуучууд Та нар элдэв шийдвэр гаргахдаа эрүүл болгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэг болгоомжийг таягдан хаяж, зориг золбоотой хичээнгүйлэн шамд. Эмгэг болгоомжлол даамжирвал айдас хүйдэс рүү хөтөлнө.

Өөртөө итгэлгүй хүн л аймхай хулчгар байдаг. “Алив муу чанарын дотроос адгийнх нь айж хулчийх явдал мөн”. Хийвэл бүү ай гэдэг. Аймхайчуул хүчээ үзэх, чадал заах, туршиж оролдох, бүтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн үйл амьдралд хүн шиг оролцох нь байтугай олигтойхон тэнүүн амьсгалж чадахгүй болтлоо доройтдог. Тэд үргэлж санааширч, ёстой санаа нь сансарт сачий нь хатавчинд хэвтэнэ. Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийж чадахгүй, уруу доройхон, гутруу гундуухан насаа элээх болдог юм. Ийм дорой амьдралд өөрийгөө аваачиж хэрхэвч болохгүй.

Өөрийн хүчинд итгэл олох замд атаа жөтөө, эргэлзэл тээнэгэлзэл, болгоомжлол, айх сүрдэх зэрэг олон саад бэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааны үр, бусдын чадал эрдэмд хордож мөчөөрхсөн хуудуутай сэтгэл юм. “Атаа хорсол бол төмрийг идэх зэв” гэсэн үг бий. Атаа хорсол өөрөө гүтгэлэг, бусармаг явдал, гэмт хэргийн үүсгүүр. “Атаат хүн хэзээ ч баяр баясгаланг эдэлдэггүй”. Залуу хүн бусдын амжилтад атаархан жөтөөрхөх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Хүний сайн чанарыг олж харж тусган авч чаддаг, түүнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чин зүрхнээсээ эрмэлзэх бодолтой хүн өөрийн хүч чадалдаа итгэж, хийсэн бүтээсэндээ урамшиж, улам урагшлах зориг хүчийг олж авна.

Өөрийн сул талуудаа алхам алхмаар ялж сурах нь амжилтад хүрэх урт аяны замд чинь найдвартай унаа хөсөг болж өгнө. “Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрбээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй гэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө 10 цагаас орой 18 цаг хүртэл өөр ажил хийх шаардлагатайгаа учирлав.

Та өглөө 04-10 цаг хүртэл бүтэн зургаан цаг юу хийдэг вэ? гэж асуухад залуу зураач “Унтдаг” гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш, насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө 04-09 цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ. Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний 04-09 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалыг ёсчлон биелүүлж, сул талаа засаж залруулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг.

Залуус Та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Ийм дэглэмд суралцахын тулд зүтгэл оролдлого зайлшгүй чухал. “Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай.

Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүүлж байвал ер түүнээс хол гарахгүй. Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй” гэж хэлсэн зүтгэл оролдлогоо шахан дайчилж байж, хүн төрөлхтөнд давтагдашгүй бүтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хүний үгийг залуус Та бүхэн тусган авч, мөрдөөсэй гэсэн хүслээр дамжуулж байна. Зүтгэл оролдлоготойгоор хичээж чармайвал хэн ч хүсэж мөрөөдсөн том зорилгодоо хүрч чадна.

Өөрийгөө ялах нь

Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. “Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм” гэж бусдын төлөө асаасан гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.

“Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг. Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал” гэж америкийн яруу найрагч Ж.Лоуэлл бичжээ. Давуу сайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, зан араншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээн зөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэх сэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм. Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутай хэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээ хөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртон дөхсөөр байх нь гарцаагүй.

Хүний оюун ухааныг хөглөж, эх орон нэгт иргэдээ зүгээр байлгахгүй хөдөлгөн сэрээдэг байсан Сократ “ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө” гэж хэлсэн. Гэтэл хорвоо ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү засаг төрөө засаж сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Өөрийн сул тал, муу зуршлийг ялан дийлж чадвал түүний хоосорсон орон зайг давуу тал нь нөхөн эзэлж, сайн үйл бүтээх зай багтаамж уужран өргөсдөг жамтай.

Би хүүхэд, залуустай уулзахдаа байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг жишээ болгон ярьдаг юм. Тэр эрдэмтэн цаг гэдэг олдошгүй ховор эрдэнэ үлэмж хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хирнээ өглөө эрт босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг дэмий өнгөрөөдөг байжээ. Их унтдаг муу зуршлаа таягдан хаяхаар хатуу шийдэж, эрт босож байхаар сэтгэл шулуудсан ч нэг л болж өгөхгүй, унтчихаад байв. Ингээд өөрийн зарцаасаа тусламж гуйж, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь мөнгө өгч байхаар тохиролцов.

Эхний үед нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван унтуулсангүй гэж уурлаж уцаарлаж байжээ. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ “Яагаад амласан цагтаа босгосонгүй вэ?” гэж үглэнэ. Энэ мэт байдалд зарцынх нь уур хүрчээ. Бас тохирсон ёсоор мөнгөө авах сонирхол зарцад байлгүй яахав. Тэгээд цаг болохоор эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоёр талаасаа хичээл зүтгэл гаргасны дүнд сайхь эрдэмтэн өөрийгөө ялан муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босож судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь тавиу болжээ. Хожим нь “Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь зарцын минь хүч юм” гэж эрдэмтэн дурсан бичсэн байдаг.

Зовлон зүдүүрт нэрвэгдсэн хүн өөрийгөө ялж, сэтгэлд багтамгүй зориг тэвчээр заан байж, амжилтанд хүрч, алдар нэрээ мөнхөлсөн жишээ захаас аван олныг дурдах бололцоотой. Шулуун дардан замаар зогсолтгүй өгссөөр амжилт ололтын оргилд гарч чадсан гайхалтай жишээг харин олоход бэрх. Хүн унаж, босож байж юм бүтээдэг хойно арга ч үгүй биз. Амьдралын бэрхшээл саад хүний өсөж дээшлэх орон зайд хана хэрэм, хаалт саад биш, харин гишгэх шат, ширүүн урсгалт голын цаана гарах гүүр дамнуурга нь болно. Бэрхшээл хүнийг дардаг, харин хүн түүнийг ялж бүтээх туурвих хүсэл нь оргилдог.

Канадын уугуул иргэд – улаан арьстнаас гаралтай нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлсэн үнэн түүх сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр чулууны сийлбэрчин. Түүний бүтээсэн чулуун сийлбэрүүд ертөнцийн олон музей, цуглуулгад хүндтэй байранд байдаг гэсэн. Тэр барилгачин байгаад осолд орж бэртэн, эргээд мэргэжлийн ажлаа хийх чадваргүй болжээ. Түүнийг угийн авьяасгүй, жирийн нэгэн гэдэг байж. Эмнэлэгт хэвтэж байхдаа мод зорж өдрийн уртыг өнгөрөөн, азгүй хувь заяаны гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Дараа нь чулуу сийлэхээр зоригложээ. Эхлээд хоёр сийлбэр урлаж тус бүрийг нь 50 доллараар зарахаар төлөвлөв.

Эхнэр нь тал үнээр нь л хүн авч магадгүй гэж маргаж байсан гэдэг. Гэтэл худалдан авагч маргааныг таслан нэг сийлбэрт нь хоёр дахин өндөр үнэ өгч, нөгөөг нь арав гаруй дахин илүү үнээр дуртайяа худалдан авчээ. Арван жилийн дараа түүний сийлбэр 30 мянган доллараар үнэлэгдэх болов. Тэрээр удаан сэтгэж, ургуулан бодож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж, асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл гарган байж тахир дутуу болсон оюун сэтгэлээ ургуулан төлжүүлж, өөрийгөө ялж билгүүн эрдэм төгөлдөр, уран гартай сийлбэрч болж чадсан байна. Сайн үйл бүтээсэн хүн эрт орой хэзээ нэгэн цагт заавал ач буяныг нь үзнэ. Хүн биеэ мэдэж, эрдмээ ухаарч, сул талаа танин өөрийгөө ялж чадсан тэр цагт хүссэндээ хүрч, зорьсонтойгоо золгоно.

Хүн язгуураас хоёр их төөрөгдөлд орсоор ирсэн. Нэг нь өөрийн гэмийг бусдаас хайдаг. Нөгөө нь золгүй явдлаа өөрөөсөө холдуулж заяа тавилан төөрөг гэж бодон сэтгэлээ хуурдаг. Өөрийн гэмээ ухаарч чадна гэдэг өөрийгөө ялж байгаа сэтгэл зоригийн тод илэрхийлэл. Гэмээ ухаарч байгаа хүн өөрийн хатгасан гадсанд дахин бүдрэхгүй урагшлах дархлаагаа бий болгож дөнгөж байгаа том ялалт юм. Золгүй явдлаа зохиомлоор холдуулахыг чармайх хэрэггүй. Золгүй явдлыг хүссэн хүсээгүй өөрийн биеэр туулна. Тэр бүгдийг заяа тавилан, төөрөг гэх зүйл рүү чихээд эвлэрээд суугаад байвал удахгүй түүндээ эргэлтгүй ялагдаж боол нь болон дарлуулна.

Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтой дайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэ цэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих, зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаант өвгөд “залхуу хүнд маргааш олон” гэж шоглон, “залхуугаас заяа зайлна” гэж сургамжилж ирсэн.

Залхуу занг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуу хүн ямагт сэтгэл дутуутай байдаг. Сэтгэлийн дутууг ялж нөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайн зүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урт насгүй, сайнаар хэлэгдэхгүй, эзэндээ баяр баясгаланг авчрахгүй, бусдад үнэлэгдэхгүй. Тийм болохоор монголчууд “сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно” хэмээн ярьж, хэрэгжүүлж байдаг юм.

“Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ” гэж Бурхан багш сургасан. Шуналын сэтгэлийг ялан дийлэх нь хүний өөрийгөө ялах баатарлаг зориг, аюул гамшгаас биеэ аврах авралын од гийсэн чөлөө учрал билээ. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болоод олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” гэдэг. Атаа, жөтөө гэдэг нь муу хүний муухай араншингийн нэг, ажил амьдралын садаа, амар амгалангийн халгаа, ахиж дэвшихийн хаалт билээ.

Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь шүглэсэн бол түүнийг ялж дийлэн, салахыг бод. Атаархал бол ховлох, гүтгэхийн төрсөн дүү байдаг нь жам. Атаа жөтөө, хов жив, гүтгэлэг гүжирдлэг хэзээ ч сайныг дагуулдаггүй тул энэ “ах дүүс”-ээс аль болох холхон байхыг хичээ.
Сэтгэл, үйлдэл, зан араншинд хургасан сөрөг бүхнээс салахын тулд өөрийгөө ялж чадах итгэлийн дархлааг залуу хүн бүр өөртөө ургуулан төлжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө ялах нь ухаантай хүний утга учиртай үйлдэл. Гэхдээ дайраад ирсэн саар бүхнийг ялах гэж зовж байснаас тойроод гарах, ойртуулж хавьтуулахгүй байхыг хичээх нь илүү чухал шүү.

“Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъё хэмээн хичээгтүн.
Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээгтүн.
Амандаа чалчаа шалигийг бүү өгүүлье хэмээн хичээгтүн.
Санаандаа хортой сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээгтүн.
Энэ дөрвөн зүйл хичээлийг хичээн чадваас хэдий бурхан эс боловч сайн хүмүүн болох нь магад болой” хэмээн сударт өгүүлсэн нь бий.

Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал

Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй” гэсэн суу билэгтний үг бий. Авьяас билэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныг амсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийг шантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоо хүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийн хүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэж чадалгүй шантран орхих нь цөөнгүй.

Том зорилго тавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч, сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замын хугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийн асар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтарт ажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саад бэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэн туулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийн хүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заан өндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүс байдаг.

Английн зохиолч Сомерсет Моэм бол өнгөрсөн зууны нэрт уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр багадаа хүнд өвчилж зовлон туулсан нь хожмын мэргэжлээ сонгох нэг шалтаг болсон гэдэг. Бие султай тэр залуу бэрхшээлийг сөрөн бүтээлч эрлийн их замд оржээ. Эцэг нь удам залгасан өмгөөлөгч байв. Харин Моэм ээрч ярьдаг учир өмгөөлөгч болох тухай бодохын ч хэрэггүй байлаа. Тэгээд зохиолч болохоор шийджээ. Нялх балчир насандаа эхээсээ өнчирч, хүний зовлонг эрт амссан нь хожимын зохиол бүтээлийн нилээдийнх нь эх ундарга тэндээс эхтэй гэнэ. Тэрээр зожиг амьдралд өсөж торниж, юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж, гаднаас нь зураглан бичих аргад гойд мэргэшсэн зохиолч гэгддэг билээ.

Аливаа хүн насны бага, цусны шингэнд чадал эрдмээ таньж, тэрхүү эрдэнийн хосгүй чадлыг нээхийн тулд учир зорилготой, эцэлт цуцалтгүй хичээн зүтгэж ажиллавал амжилтанд зайлшгүй хүрнэ. Энд тэвчээр хатамж тань нөхөр, түшиг тулгуур чинь болно. Ер нь тэвчээр хатамж хүн юманд хүрэх, амжилт гаргахын зайлшгүй нөхцөл мөн. Тэвчээр хатамж залуу хүний зан чанар, зорилго эрмэлзэл болон зүрх сэтгэлд шингэн орсон цагт туйлын ирээдүйтэй, маш өгөөжтэй байх нь дамжиггүй ээ. “Хэн үл шантарна тэр олно”.

Хүн ямар ч ажил хийлээ гэсэн түүндээ сэтгэлээ шингээж, чин зүрхнээсээ хичээж чармайвал үр дүн хэзээд өндөр, бусдаас хавьгүй илүү байх болно. “Сэтгэлээ өгсөн ажил тань хүссэн санаснаар чинь бүтнэ. Тэр цагт хэн хүн чамтай өрсөлдөх хүч чадал мөхөсдөнө” гэж хэлсэн ухаантны үгийг санаж явбал тустай. Сэтгэл гаргаж хэлсэн үг хүний зүрх сэтгэлд хоногшдог. Чин сэтгэлээ уудлан бичсэн зохиол бүтээл хүний чин зүрхэнд шингэдэг. “Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй билээ”.

Тоос арчсан ч, тогоо барьсан ч түүнийгээ сэтгэлээсээ хийж чадвал эрхэлсэн ажлаасаа таашаал авч, сэтгэл ханамжийг дүүрэн эдлэх нь эргэлзээгүй. Хорслоор хийсэн хоол хүнд хор болно гэсэн үг бий. Оромдож хийсэн, нүд хуурсан, сэтгэл дутсан үйлдэл бүхэн аливаад сэтгэлээсээ ханддаг хүний нүдэнд орсон шороо мэт тээртэй байдаг юм. Тэгээд ч тийм зэргэмжийн ажил хэзээ ч үнэлгээгүй, шударга хүмүүст хогийн ургамал шиг ад шоод үзэгддэг билээ. Түүнчлэн “тулгатай гал шиг халуун сэтгэлээр хандаад байхад тулх муутай хүйтэн сэтгэлээр хариулах нь” сайн хүний төрх биш ээ. Тэгээд ч монголчууд “сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцаав” гэж ярьдаг биз ээ.

Английн их уран барилгач Кристофер Ренийн тухай ийм нэгэн яриа их алдартай. Та бүхэн сонссон байх аа. Тэр Лондонд ирээд өөрийн зураг төслөөр барьж буй нэгэн сүмийн дэргэдүүр өнгөрчээ. Барилгачдыг харснаа тэд юу бодож, яаж ажиллаж, хэрхэн аж төрж байдаг улс юм бол гэсэн бодол төрж тэдэнтэй уулзаж ярилцжээ. “Та юу хийж байна” гэж барилгачдаас асуув. Нэг нь “Тоосго өрж байна”. Нөгөөх нь “Хоолныхоо мөнгийг олж байна”. Гуравдахь нь “Энэ сайхан сүмийг байгуулах буянтай ажилд оролцож байна” гэж сэтгэл бардам хэлжээ. Энэ хүн эгэл аж төрлөөс дээш гарч, сайхныг хүсэн тэмүүлэх сэтгэлийн охиор амьдарч байгааг уран барилгач олж мэджээ. Өөртөө болон эргэн тойрондоо байгаа өөдтэй, өнгөтэй бүхнийг олж харан баясаад сэтгэлээ хөвчлөх, чадлаа дайчилбал үйлс заяа чинь өөдрөг сайн байх нь гарцаагүй ээ.

“Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана” гэж Бурхан багш айлдсан. Тэгээд цааш нь “Ер нь сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа” гэж сургасан билээ. Хүний хийж бүтээснийг цаг үед нь зөв үнэлж, урмын сэтгэлээ илэрхийлэх нь туйлын чухал. Хүнд чин сэтгэлээсээ онож хэлсэн урамшил магтаалын үг асар их хүч, зориг тэмүүллийг хайрладаг. Марк Твен “Нэг удаагийн магтаал гурван сар урам зоригтой явах цэнэг өгдөг юм” гэж хэлсэн байна. Зөв магтаал хүн өөртөө итгэх, чадлаа танихад хамгийн ойрын туслагч нь болдог.

Нэгэн нэрт гэрэл зурагчны амьдралын түүх та нарт сургамжтай байх аа. Тэрээр нэг өдөр тавь гаруй зураг авснаас сайндаа л ганц хоёр нь гайгүй болж. Эцэг нь үзээд “чадах юмаа оролдсон нь дээр биз дээ” гэж хэлжээ. Харин эх нь нэг зургийг зааж “энэ ганц чинь л бусдыгаа төлөөлж чадна” гэжээ. Эх нь хүүгийнхээ ганц зурган дахь авьяасын очийг олж харах уран сэтгэмж, тэр ялимгүй ололтыг тэтгэн дэмжих сэтгэлийн тэнхээтэй хүн байжээ. Тэр урмын хэдэн үг цөөдсөнгүй. Хүү нь урамшиж яв явсаар эрин үеийнхээ нэртэй гэрэл зурагчин болсон гэдэг. Жинхэнэ уран бүтээлчид бие биенийхээ агууг шууд хүлээн зөвшөөрдөг билээ. “Үнэхээр ярих юм алга, Шубертын дотор бурхны дөл орогнож байна” гэж Бетховен дуу алдсан гэдэг.

Шинэ юм үүсгэж оролдож ядаж яваа хүнд нас биед хүрсэн ч байг ялгаагүй магтаалд урамших, шүүмжлэлд гутах нь бүр хүүхэд шиг байдаг гээч. Хүмүүст шинэ санаа төрөх нь амархан, бас унтрах нь ч хялбар. “Шинэ санаа бүхэн эмзэг байдаг. Үл тоомсорлох, илт басамжлах аль нь ч хөнөөж чадна. Тэр ч байтугай нүдээ ирмэхэд л гэмтдэг юм” гэж сурталчилгааны нэртэй пүүсийн эзэн хэлжээ. Ингэхээр эелдэг харьцаа гэдэг бидний өөрсдийн төдийгүй, нөхрийн амь хүчийг сэлбэж байдаг байна.

Хүнийг өөлөн гоочлох нь амь хүчинд халгаатай. Өрөөсгөл шүүмжлэл хүний сэтгэлийг мэрж, идэвхийг унтрааж, бүтээлч чадлыг сааруулдаг гэмтэй юм. Тийм болохоор залуус Та нар ойр тойрныхонтойгоо эелдэг харьцаж, сайн талыг нь үнэлэн, урам хайрлаж, магтах үйлийг нь магтаж урам зоригтой алхах цэнэг өгч бай. Гэхдээ энэ нь дутагдлыг нь нууж дуугүй яв гэсэн үг ердөө биш.

Алдааг хэлэлгүй, амаа хамхиж суу гэсэн үг бүр биш. “Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг дор алдааг хэлж, нүглийг зааж, дутагдлыг илчилсэн ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч, аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл” гэсэн үг залуу хүн бүрийн дагаж мөрдөх сургаал болон хоногшин хэрэгжиг.

“Хүнд эрдэм мэдлэг хэрэгтэй гэж батлах нь хүнд нүд хэрэгтэй гэж ятгаснаас ялгаагүй” гэж хэлсэн нэгэн эрхэмийн үнэн үгийг саяхан уншлаа. Гэлээ ч гэсэн би хүүхэд залууст эрдэм мэдлэг туйлаас чухал хэрэгтэй шүү гэж давтан хэлсээр байх болно оо.

Өөртэйгээ ажиллах нь

Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг.

Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм” гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1.Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. “Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө” гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа.
Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

2. Өөрийгөө ялна гэдэг бүхнийг ялахын үндсэн нөхцөл гэдгийг хүүхэд залуус санаж яв. Зөрүүд, адайр зангаа хязгаарлаж бай. Хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна.
“Миний олимпийн ялалт бол өөрийгөө ямагт ялсных” гэж олимпийн нэгэн аваргын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр хүүхэд байхдаа сул дорой биетэй, бөгтөр нуруутай, спортоор төдий л хичээллэдэггүй ядмагхан хүү байсан гэнэ. Өөртөө том зорилго тавьж, уйгагүй ажиллахаар эрс шийдэв. Бие бялдарын дасгалжилтыг боломжийнхоо дээд хэмжээнээс давтал, бүр цөхөрч унаталаа хийдэг болов.

Урьд урьдынхаас илүү хүч гаргаж идэвхтэй хичээллэсний үр дүнд спортын амжилтын оргилд дөхөж байлаа. Гэтэл гай дайрч бэртжээ. Мэргэжилтнүүд түүнийг цаашид илүү амжилт гаргахгүй хэмээн тооцож байв. Харин тэрээр сэтгэлээ хатуужуулах дасгал махран хийлээ. Бие бялдарын дасгалыг сэтгэл зүйн дасгалтай хослуулан хийсээр спортын амжилтаа сэргээн, улмаар ахиулж чаджээ. Шаргуу хичээл зүтгэлийн үрээр өөрийгөө ялж олимпийн үнэмлэхүй аваргын алдрыг хүртсэн юм. Ийнхүү үйл ажиллагаа зан үйлээ оюун санаа, бие бялдар, эр зоригийн хувьд нэгтгэн удирдаж байж өөрийгөө дасгалжуулах арга барил тогтдог байна.

3. Өөрөө шийдвэр гаргаж, түүнийгээ өөрөө биелүүлж бай. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод, эргэж буцахгүйгээр түс тас шийд, “шийдвэл бүү няц, зоривол бүү буц”. Бусдын тусламж ашигтай хэрэгтэй боловч өөрөө хийх нь гол. Хүний хөдөлмөрийг завшиж, хоолны сав бүү бологтун. Ингэвээс уруудаж доройтохын их сургуульд сайн дураараа элсэн орлоо гэсэн үг. Бие даасан байдал, хөдөлмөрч чанар, идэвхи зүтгэл, хариуцлагатай байх энэ бүхэн хүний эрхэм шинж төлөвийн үндэс гэдгийг залуу хүн бүр ой ухаандаа тогтоож аваг. Хүн эрдэм чадлаа насан туршид сэлбэж сэтгэж байх учиртай. Тэр нь тухайн хүний зориг хүч, хүсэл эрмэлзэл, бодол ухаанаас шууд шалтгаалах боловч байнга суралцаж байх шийдвэрийг нэг удаа гаргаж, амьдралын турш биелүүлэх ёстой. Хүн хэдэн жил суралцсанаараа юм уу, уншсан номынхоо тоогоор цэцэн болдоггүй. Суралцах арга өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу үгүй юу, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээл зүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал юм.

4. Зовох зүдрэх цагт үлбэгэр халирхай бус омог бардам хатуу байж, зовсны эцэст жаргана гэж өөрийгөө зоригжуулан хатууж. Ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд сүлд хийморио битгий буулга. Унжуу дорой байдал сэхэх өөдлөхөд садаа болно. Зовж үзээгүй хүн жаргахыг мэдэрдэггүй гэдэг. Бас зовсны эцэст ялж дийлж олсон зүйл л жинхэнэ үнэт эрдэнэ байдаг гэсэн үг бий. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм. Харин зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Болж бүтээгүй ажлаа арав дахин хийхээр өөрийгөө албадаж сур, тэгээд сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй.

Төрөлхийн билэг авьяастай төрсөн хүнд ч түүнийгээ хөгжүүлэн амжилт олохын тулд урт удаан жилийн уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Хүүхэд насандаа гоц авьяасыг нь магтан “тэнгэрийн хүү” мэтээр шагшуулж байгаад авьяасаа сэлбэж тордохоо алгуурлаж, магтаалын намагт шигдэн эцэст нь “жирийн хүн” болон хувирсан жишээ олон бий. Түүнчлэн хар бор орчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй, цөхрөлгүй оролдож хичээсээр агуу ихийн алдрыг хүртсэн хүн олон бий. Дарга нь цэрэгтээ тушаал өгч байгаагийн адилаар хүн өөртөө тушаал өгч чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа ядрал, залхуу, сул дорой, аймхай хулчгар байдал, тэнэг бодол, буруу зуршлаа давж гарахын тулд өөртөө тушаал өгч сурвал тун сайн. Даргын тушаал заавал биелүүлэх шийдвэр байдаг шиг өөртөө өгсөн тушаал зайлшгүй хэрэгждэг байх учиртай.

5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байж хүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно. Сахилгагүй, цэгцгүй хүн ёроолгүй савтай л адил. Нэгийг хэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зан сахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барих сахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэн шинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавин залхуурах нь сахилгагүй хариуцлагагүй болохын анхны алхам. Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэс дараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл аль аль нь бэлэн бус байдаг.

Сахилга дэггүй газрын бүх юм нь эмх замбараагүй, ундуй сундуй, амьсгаа давчдам бөглүү харанхуй. Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан, эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлд дотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журам тогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох нь хувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ.
Монгол орны ирээдүй хүүхэд залуус та нар өөртэйгөө ажиллаж сурахыг хичээгээрэй.

Сайнд хүрэхийн тулд муугаа хая

Зорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэн зорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болон дутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа их Аристотель сургамжилсан.
Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хорт муу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй.

Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөг чанар, хорт зуршил, согог дутагдлыг хувийн мэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газар авахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ёстой. “Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянт хүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутам өөрөөсөө асууж бай” хэмээн Энэтхэгийн бүр эртний туульст өгүүлсэн буй. “Хүнд хичнээн сайн чанар байна бас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутай болдог” гэнэ.

Хүний амьдралаас шахан зайлуулбал зохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэн нитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамаж хаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаа сөрөг муу чанарыг үлдэн хөөснөөр өөрт байгаа мунхаг үйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанар эрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон зайг чөлөөлж өгч буй нь тэр. Он жил солигдон амьдрал урагшлахын хирээр оюун санааны чинь нөөцөд юу нь хуучирч урагшлахад саад болж байгаа, юунаас татгалзах хэрэгтэйг мэдэж мэдрэх билгийн мэлмийтэй байвал туйлийн сайн. Зэвэрч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй, биеэ хянах чадваргүй болтлоо доош унасан бол туйлаас муу. “Зэвэрснээс хигдэс болсон нь дээр” гэсэн үг ч бий.

Өөрт байгаа согог дутагдлыг хэдий чинээ удаан хүлцэн тэвчвэл оюун санааны ертөнц чинь төчнөөн ядуурч, чиний хувьд төдий чинээ муу болно гэсэн эгэл үнэнийг үргэлж санаж яв. Хүн сул чанараа захирч чадахгүй болсон цагт хувь заяагаа засах чадвараа алддаг. Энэ үеэс эхлэн сохор учрал, үгүй бол зориг шийдмэг өөр хүмүүсийн сэргэг ухаан тэднийг залж жолоодох болдог.

Ийм учраас өөрийн ухамсарт амьдралаар амьдрая гэж хүсч байгаа л бол хүн сул чанараа таньж мэдэн, захирч засч чаддаг байх ёстой. Хөнгөн хялбар амьдрал хөөцөлдөх нь бүх гэмт хэргийн 91 хувийн эх үүсвэр болдог гэсэн судалгаа байхыг олж үзсэн. Салан задгай, болгоомжгүй, өөрийн зан үйлд бодолгүй хөнгөн гоомой хандах нь ахуйн осол гэмтлийн 70 хувийг төрүүлдэг гэнэ. Сул талаа засахгүй бол түүний цаана ийм аймшиг, гамшиг хүлээж байдгийг эрхбиш бодож тунгаан, сайн чанараа бэхжүүлэх нь хүн байхын утга учир билээ.

Өөрөөс чинь илүү сайн амьдарч, сурч, ажиллаж, хувцасласан хүнийг харах бүрд сэтгэл өвдөн атаархдаг болсон бол санаа сэтгэл чинь хордож, бие сэтгэлд чинь муу авир шүглэсэн байна гэсэн үг. “Төмрийг зэв идэхийн адил санаа сэтгэлийг атаархал хордуулдаг” гэж хоёр мянга гаруй жилийн өмнө нэг ухаантай хүн хэлсэн. Атаач муу чанар хоёр мянган жилд өөрчлөгдсөнгүй, хорт нянгаа үе залгамжлуулан халдаасаар өдий хүрсэн нь тодорхой байна. Атаа хорсол хүний хүн чанарыг дотроос нь мэрж сүйтгэн доройтуулдаг олиггүй согог билээ.

“Хүн, хүн чанараа алдвал араатнаас долоон дор болдог” гэнэ. Тэгэхээр атаа жөтөө ягуухан яв явсаар хүнийг араатнаас долоон дор болгон хувиргах адтай хор мөн ажээ. Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь хургасан бол түүнийг ялан дийлэн салахыг бод гэж өмнө хэлснээ давтая. Санаа нь байгаад сачий нь хүрэхгүй атаач хүмүүс бусдын түвшинд хүрэхийг чармайхаасаа илүүтэй атаархаж суух нь хялбар байдаг бололтой. Өөрөө амжилт гаргах гэж хичээхээсээ өмнө бусдын амжилтыг сааруулж, хүний нэр төр дээр сүүдэр хаяж, шавхай цацаж байх нь илүү амар хялбар байдаг шиг ээ.

“Атаархлын далбаан дор үзэн ядах, гүжир гүтгэлэг, урвалт, далд хорон санаа залран ирдэг” гэж хэлсэн гүн ухаантны үг маргашгүй үнэн буюу. Хутган үймүүлэх, гүтгэн гүжирдэх гэдэг хорон дорой санааны хувь тавилан бөгөөд харин тийм өөдгүй хүний нүүр царай илчлэгдэн зэс гууль нь цухуйхын цагт олны хүндлэлийг хүлээх заяагүй болон хаягддаг билээ. Хорон санаат, гүтгэгч, урвуу үзэлт өөдгүй амьтан болж нэр нүүрээ барахгүй байж чадна гэж залуус хатуу андгайлан тангараглах хэрэгтэй. Бусдын ийм байдлыг үзэн ядаж, жигшин зэвүүцэхийн зэрэгцээ өөрийгөө ч тийм булай явдлын нянд бузарлагдахаас сэргийлж байвал зохино.

Гүтгэлэгийг үл хэрэгсэн, хов живийг үл дамжуулан, түүгээр хоол хийж зугаагаа гаргагчдад тохирсон хариуг хатуухан өгч, няцааж сур. Энэ бол ойр орчноо бузарлах бусармаг үйлдлээс хүмүүсийн санаа сэтгэлийг сэргийлэн эмчлэх “өдөрт нь эдгээдэг өнөн цагаан эм” гэдэг шиг сайн эм юм. “Бусдад гүжир үг шивэгнэгч тэр хүнийг гэрээсээ хөөж гарга” гэж эртний грекийн долоон ухаантны нэг Фалес сургасан. “Хов жив, гүжир гүтгэлэгийг сарнай цэцэг дээр ассан хорт өт адил хяргах хэрэгтэй. Ийм өт бол сайхан цэцгийн нимгэн булбарай талд нь нуугддаг юм” гэж өөр нэг гүн ухаантан айлджээ.

Хов жив, гүжир гүтгэлэг, атгаг санаа залуу хүний дөлж тойрч, хол явбал зохих муу араншин. Тэдгээртэй нэр төрөө бодон шийдвэртэй тулалд, муугаас салахад нь бусдад тусал, өөрийнхөө бүтэлгүй муутай байнга тэмц, тэгээд гай түйтгэрийн шалтгааныг өөрөөсөө эхлээд хайж сурах хэрэгтэй. Тэгж чадаж байвал зүрх сэтгэлд тань сайны үр үржин төлжсөөр байх болно. Нэгэн нэрт жүжигчнээс таны аз жаргалын нууц юунд байдаг вэ? гэж сэтгүүлч асуухад “Атгаг санадаггүйд” гэж хоёрхон үгээр хариулсан байна. Атгаг санаагүй хүн аз жаргалдаа умбаж суудаг ажээ.

Өөрийгөө шинжин таньж, тааруу муу араншинг биеэсээ зайлуулж чадаж байвал сайн сайхныг зорьсон эрхэм зорилгодоо хүрэх өргөн дардан замаа засч байна гэсэн үг ээ. Сайнд хүрэхийн тулд муугаа хая

САЙН ХҮН

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”.

Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан. Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш.

Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.

“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай.

“Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.

Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? “Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа”. Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч, явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоёр багана, тулах бат тулгуур мөн. “Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм”. Санаа сайтай хүн – сайн хүн.

Эртний Герегийн нэгэн сэтгэгч “Хамгаас сайн үйл юу вэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад “Хийж байгаа ажлаа сайн хийх” гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ёсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн – сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. “Хий ярихаас хийж үйлдэх нь чухал”. Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн – сайн хүн. Германы гүн ухаантан А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий.

“Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс”. Өөрт сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. “Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн” гэж А.Линкольн тодорхойлжээ. “Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ёстой” гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан.

Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ёс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоёрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг.

“Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй”. Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноён оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа.

Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ”. Энэ бол гайхамшигт “Үүлэн зардас”-ыг бичсэн суут Калидасын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна.

Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ.

Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй.

Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно.

Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. “Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй” гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз.

Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус, сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн.

Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү.

Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ.
Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.

Өөрийн бодолтой бай

Хүн шиг амьдрахын тулд юу хийх вэ, яах вэ гэдэг асуултыг үе үе тавьж, хариултыг өөрийн бодлоор тунгааж байвал тун сайн. Чи ухаалаг амьдарч чадаж байна уу? “Хүнийг ухаалаг амьдраг гэж оюун ухаан заяасан” юм шүү.

Хэн ч миний төлөөнөөс малгайг минь өмсөхгүйн адил үзэл бодол, үйлдэл хөдлөл бүхнээ өөрөө зохицуулж бай гэж хүн болгонд тархи толгой заяасан байна. Өөрийгөө шинж. Дотроо бодолтой, дороо суурьтай байж чадаж байна уу? Аль эсвэл голын урсгал даган хөвөх зомгол адил ухаан бодлоо сул хаяж орхио юу? Саруул ухаант хүн салхи хаанаас үлээнэв түүнийг даган хийсэх хамхуул шиг сайхь нэгэн юу хэлнэв түүнийг даган хуйлардаг байж хэрхэвч болохгүй. Өчүүхэн жижгээс эхлээд өчнөөн том асуудлыг шийдэх хүртэл өөрийн бодолтой байж сур.

Та нар өдөр бүр, цаг тутам шахам шийдвэр гаргах торгон агшинтай тулгарна. Балмагдаж самгардах үе ч таарна. Барьц алдан тэвдэх барцадтай улаан нүүрээрээ учирна. Учрыг ухаж мэдэхэд бэрх, зөв бурууг бодож ялгахад түвэгтэй салаа замын уулзварт ч очно. Шийдвэр гаргахад бэрхшээл тулгарсан тэр цагт өөрийн бодол чинь төөрсөн хүнд зүг чиг заагч луужин мэт зөв бурууг зааж өгөх учиртай. “Зоригтой хүн нэг шийддэг. Зориггүй хүн зуу шийддэг”. Олон санаатаас олигтой шийдвэр гарах нь ховор. Гэхдээ шийдвэрийг яаран сандран биш, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар бодон бодон байж гаргаж сурахыг хичээ.

Өөрийн бодлоор тунгааж, түс тас шийдсэн шийдвэрийн алдаа мадаг өчүүхэн, хор хохирол багахан байх болно. Эргэж буцсан, яах гээд, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөрөнхий хүнтэй ажил хэрэг хэлэлцэн шийдэх үнэхээр хүнд. Тийм хүний удирдлагад ажиллана гэдэг бүр ч тамтай. Үнэн чанартаа, эргэлзэн тээнэгэлзэж, ээрч дүлэгнэж суугаад шийдлийнхээ боломжийг алдаж орхидог хүн тийм ч цөөн биш.

Өөрийн бодол өөртөө зөв. “Зорьсон замаараа л яв, хүн юу л гэж хэлбэл хэлэг”. Том ч, жижиг ч ялгаагүй аливаа ажлыг хийхийн өмнө бэлтгэлийг сайтар ханга. Бэлтгэл муутын ажил хэзээд хайш яйш, үр дүн нь дутуу дулимаг. Хийсэн, хийлгэсэндээ баяр хөөр, таашаал ханамжийг үл авчирна. Ажлын бэлтгэлээ сайн хангасан бол үр шимийг нь хүртэнэ гэж бардам бод. Бодож сайн хангасан бэлтгэл бүтээж хийх ажлын талтай ач тач тэнцэнэ.

Ярих хэлэхээ өөрийн бодлоор бодож цэгнэж бай. Хаа нэгтээ хазгай сууж болно, хазгай ярьж болохгүй. Болгоомжгүй хэлсэн болчимгүй үг бор шидмэсээр хүзүүг чинь ороож болохыг мэд. Ер нь ухаантай хүн урт чихтэй, богино хэлтэй байдгийг санаж явцгаа. Хүнд илүү сонс гэж хоёр чих, дутуу ярь гэж нэг хэл заяасан гэдэг нь зүгээр ч нэг үг биш. Өрсөлдөгчийнхөө занганд хөлөөрөө орохоос хэлээрээ орох нь амархан шүү гэдгийг битгий мартаарай. Энэ үг ялангуяа улс төр сонирхогч залууст бүр илүү хамаатай. Ер нь мэргэн хүн амаа хамхиж явдаг, хэл, яриагаараа түймэр тавьж болохыг тэр сайн мэддэг.

“Чи өөрийн биеэ хүндэтгэж бай” гэж Пифагор шавьдаа үргэлж хэлдэг байсан гэнэ. Өөрийгөө хүндэтгэх сэтгэл хэмээх өндөр дээд ухаанаар түшүүлсэн хүн тачаалд ойчиж биеэ гэмтээх, эсвэл өөдгүй бодлоор сэтгэлээ бохирдуулах сэлтийг хийдэггүй юм. Өдөр тутмын амьдралын өнцөг булан бүрт өөрийгөө хүндэтгэх сэтгэл тархан хүрч чадвал цэвэр тунгалаг болон уужим талбиу, авхаалж самбаа, ёс журамтай байх гэх мэт олон сайн үйлийн үндэс нь болох билээ. Өөрөө өөрийгөө дорд үздэг хүн бусдад ч дорчлогдож байх нь жам.

Дандаа доошоо харж, гутлынхаа хоншоорыг ширтэж явдаг хүнд их зориг, эрч хүч түрэн ирдэггүй. Өөдлөе дэвжие гэж үнэн сэтгэлээсээ хүсвэл толгойгоо өргөж явах хэрэгтэй болно. Өөрийгөө хүндэтгэх ухаан бодол ямар ч хүнд сэтгэлийн дэм болж, эрмэлзэл тэмүүллийг хайрладаг юм. Дөнгөж мөлхөж эхлэн буй бяцхан хүүхдийг сайтар ажигла. Ямар их эрч хүч, хичээл зүтгэлээр урагш ахихыг зорин тэмцэж байгааг нь түвэггүй харна.

Ухаан бодол нь төлөвшөөгүй энэ балчир хүүхдээс ухаан санаа нь тэгширсэн том хүний сэтгэлийн тэнхээ, эрч хүч дутна гэж үү? Өөрийн бодлоо хөвчлөн сурч мэдэх, хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн залуу хүн хязгааргүй огторгуйд нисэх шувууд адил хөөрөн дүүлэн ниснэ. Өд сөд урган нисэхгүй ч хүсэл мөрөөдөл чинь биелэн нисэхийг төсөөлөөд өөрөөрөө бахархан бодоорой. Бүхнийг бусдын үгээр хийдэг бол өөрийн толгой юунд хэрэг болох вэ? Өөрийн бодолтой байна гэдэг өрөөлийг бүү сонс гэсэн үг ердөө биш. Өөрийн бодлыг бусдынхтай жишин харьцуулж өө сэв багатайг сонгож авах тухай л ярьж байна. Өөрийн чинь ухаан хүрэхгүй бол өөр бусдын хэлэхийг сонсохоосоо бүү ич.

Хүний үгийг ярьдаг тоть адил давтан дуугарах чамд хүндлэл ирнэ гэж хүлээх хэрэггүй. Бусдын хэлснийг үг дуугүй дагадаг болчихвол өөрийн бодол чинь бусран хоосорно. Өөрийн байр суурийг баттай эзэл. Эс тэгвээс өөр нэгэн хойноос ирээд хот манайх гэдэг шиг сэнтийг чинь эзлэн, зааж зааварчлан чичлэнэ. Болсон үйлийг өөрийн бодлоор задлан шинжилж тогтвортой бодож сур. Тэгвэл болох үйл явцын хувилбаруудыг төлөгчлөн боддог чадвар аяндаа төлөвшинө. Улмаар гарах шийдвэрээс үүдэх дутагдал гологдол бага, тусах сүүдэр богино байх нь эргэлзээгүй.

“Өөрт тань байгаа эрхэм баялаг юу вэ?” гэж сэтгүүлч асуухад хөгжмийн зохиолч, “ардын” цолтон Н.Жанцанноров “Ухах оюун” гэж хариулсныг уншаад ихэд олзуурхав. Өөрийн бодлоор ухах оюунтай хүн эрхэм баялгийн эзэн сууж байдаг ажээ. Уг нь тэнгэр бурхан ухах оюуныг хүн бүрт харамгүй хайрласан. Хөлсөө асгаруулан хөдөлмөрлөж, оюунаа ухан малтан ашигладаг хүмүүс нь л харамсмаар цөөхөн болохоос. Зохион бүтээгч Т.Эдисон “суут хүн гэгч нэг хувийн авьяас, 99 хувийн асгаруулсан хөлс мөн” гэж хэлснийг өөрийн бодолтой, холыг зорьсон хүн бүр санаж явбал зохилтой.

Өөрийн бодлыг боомилогч хорлонтой дайсан нь дарангуйлал. Нэг дарга үүрэгдэж, нөгөөдүүл нь дуугуй аялдан дагалдана. Бусдын юу гэж дуугарахыг янз бүрийн шугамаар зааж чиглүүлнэ. Сөрж дуугарсан болгон “тээрмийн хөлд буудай” гэдэг шиг няцлагдана. Дуугарах үүрэгтэй хэсэг нь хүртэл гар хөлөө хүлүүлж, “алтан амгай” зуусан цөвүүн цагийг бид мартах учиргүй, давтах ёсгүй. Үнэн үүдэнд, худал хойморт заларсан бурангуй ёс өөрийн бодлыг боомилсон дарангуй тогтолцооны үед ноёлдог юм.

Цор, цор гэсэн болгоныг цовдлох хүсэлтэй, ухаанаа уландаа чирсэн эрх мэдэлтнээс болгоомжил. Бүхнийг дөрлөсөн үхэр шиг хөтөлж явах хүсэлтэн байгаа үед цөвүүн цаг эргэн ирэхгүй гэх баталгаа үгүй. Тэд амьдралынх нь хамаг утга учир мэт санагдах эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд сөрөг бүхнийг ил далд өөгшүүлэн дэвэргэх бузар санаанаас ч буцдаггүй. Олон түмэн хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийх нь тэдэнд падгүй. Зөвхөн албан тушаалдаа яавал удаан тогтох вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд болсон байдаг. Ийм бодол санаатны хамгийн аюултай илрэл нь атаа хорсол, эрх мэдлээ улс төрийн зэвсэг болгон ашиглах явдал.

Атаа хорслын эсрэг үйлчлэх хууль дүрэм байдаггүй нь харамсалтай. Ёс суртахуун, ёс зүй гээч нандин чанарыг уландаа гишгэсэн байдаг болохоор тэд юу ч хийхээс буцахаа болин, араатны төрхтэй болох нь аймшигтай. Тэд бүхэнд ил гэрэлтэх од байхыг туйлаас хүснэ. Шөнө хэдийчинээ харанхуй байна од төдийчинээ хурц гэрэлтдэг. Нийгэм хэдийчинээ харанхуй байна тэд илүү гэрэлтэнэ гэж мунхагладаг юм. Тийм болохоор бусдын амыг боож , өөрөө донгодож, эсвэл өөрийнх нь тухай магтаалыг эцэс төгсгөлгүй урсгаж байхыг туйлын хүслээ болгодог билээ.

Хүн бүр өөрийн бодолтой, бодсоноо айж эмээлгүй хэлж зүрхэлж байвал тийм буруу хүмүүсээс нийгэм баттай хамгаалагдаж лавтай чадна. “Бага ч гэсэн өөрийн бодолтой байж үз” гэж хүн бүхний мэдэх нэгэн зохиолчийн хэлсэн үгийг ямагт санаж амьдар.

Хүн сайтыг олж нөхөрлө

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд хүнийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ.

Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.

Алаг хорвоогийн амьдрал баян болохоор аян замын уртад ачлах сайн нөхөр таарахын зэрэгцээ аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй нь ч уулзана. Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав байдаг тухай дорнын нэгэн сэтгэгчийн сургаал бий. “Тус болох нь шулуун нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цуурхай задгай амт нөхөр болой” гэжээ. Тус болох нөхөртэй үй зайгүй найзалж, ус болох нөхрөөс үүдэн хоймрын зай барьж яв. Дайрч давшлан буй сөргөлдөгчөөс бүү ай. Чадаж байгаа үед чинь чамд бялдуучлагч найз нөхдөөс айж бай. Нөхрөө сонгохдоо хашир болгоомжтой ханд.

“Урьдаар тэр хүн бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж авсныхаа дараа чи түүнтэй нөхөрлө” гэсэн урьдын үг ул болоогүй байна. Өөнтөглөж харсан хүнд өө сэвгүй хүн гэж үгүй. Өөлөх муу талыг нь сонжихоосоо өмнө өөдтэй сайн талыг нь олж харж нөхөрлө. “Өөгүй нөхөр эрсэн хүн өнчин ганцаар үлдэнэ” гэж гүржүүд ярьдаг нь ортой. Цагийн шалгуурын цаана нь гарч цаглашгүй түшигт нөхрөө таньсан бол нөхөр журмыг нөхөрсгөөр сахих нь андын ёсны ариун үйл болно. Нөхрийн журмыг сахих гурван зүйл байдаг гэж “Барсан хэвнэгт баатар” хэмээх алдарт зохиолыг туурвисан Шота Руставели захиж үлдээсэн байна. “Нөхцөхөө хүртэл хамт, салж үл хагацах; харамын сэтгэлээ гээж, байгаа бүхнээ зориулах хаа холоос ч ялгаагүй зохих цагт нь туслах”.

Хорвоогийн амьдрал эрээн бараан, гэрэл сүүдэртэй, жаргал зовлон ээлжлэн, эрээлжлэн ирж, буцдаг нь хэн хүний дайран өнгөрөх зам. Жаргалтай үед ойр байсан нөхөр зовлон зүдгүүрт орхихгүй цуг хамтдаа бол тийм хүнийг чи эрхэм нөхрөө гэж бод. “Биднийг наранд явахын цагт хуурамч нөхөд сүүдэр мэт бараадан явна. Харин сүүдэрт орохын цагт хаяж алга болно”. Ийм хуурамч нөхдийг эрт танивал сайн, эртхэн холдвол бүр сайн.

Өгөө аваан дээр суурилсан нөхөрлөл өнө удаан тогтохгүй. “Өөрийн үйлийг бүтээх төдий нөхөрлөх аминч хүнтэй өнө сайтар ханилан явахад ер бэрх” гэж бидний өвөг дээдэс анхааруулж хэлснийг өнөө цаг үед бүр ч илүү санууштай. Хэлсэн үгийг чинь хадгалаад явах, хийх үйлийг чинь дэмжээд өгөх, хэзээ ч, хаана ч найдаж болох итгэлт хүнтэй нөхөрлө. “Итгэлгүй нөхрөөс илэрхий дайсан дээр” гэж англичууд ярьдаг нь дэмий үг биш. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох нь бүр ч аюултай. Өдөр бүр адилгүй, нөхөр бүр тэгшгүй болохоор итгэлгүй нөхөртэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. “Хүнийг танд муулсан хүн таныг хүнд муулна” гэдгийг ямар ч эргэлзээгүй бодож яв. Нөхөр ёсны харьцаанд зэмлэх үгний ил нь дээр, магтах үгний далд нь дээр байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хамгийн гол нь “Үг хэлээр биш, үнэн сэтгэлээр нөхөрлө”.

Ов хэрэглэн итгэлийг олоод, ольж түйвээх хуншгүй этгээдээс оройтоогүй дээр нь зайгаа барь. Нүүрэн дээр нь долоох нь холгүй долигонох мөртлөө нүднээс далд дооглон даажигнах дорви муутай хүнтэй дотночилон бүү ойрт. Буруу үйлдэлт нөхдөөс бүр хол бай. Хэлэх ярих нь бурхны сургаал мэт, хийгээд эхлэхээрээ буг ч хийж зүрхлэхгүй үйлдлийг сэдэгчид хэзээ ч чиний нөхөр биш. Хийдэг, хийдэггүй хоёр нөхөрлөхөд хэцүү, нэг голонд бэхлээд хос дугуй болон эргэхгүй, нэг буулганд оруулаад хамтад нь зүтгүүлэх бололцоогүй.

Бул хар чулуу үүрээд будан манант уул өөд мацахтай л адил. Хийж бүтээдэг хүний дэргэд хий дэмий холхигсод ядаргаатай. Хэлж ярих нь уран цэцэн мөртлөө хийхээ болохоор араар суугсад бүтээгч чанартай зөв хүмүүстэй бүтэн нөхөрлөлийг үүсгэж эс чадна. Тэнэг нөхөр тээг садаа болно. “Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр” гэсэн үнэн үг бий. “Тэнэг хүн харагдах гэж урд нь бултаганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ”. Тэнхлүүн яваа чамд харагдах гэж чанх өмнө чинь бултаганах тээртэй хүмүүсийг бүү анхаар. Харах гэж ард нь үлдсэн ухаантай хүнтэй нь л нөхөрлө.

Ханилсан нөхрөө хамгаас дээдлэн хүндэтгэ. Нөхрөө хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг. Хагацашгүй сайн нөхөртөө хахир хатуу үг битгий чулууд, гал мэт халуун сэтгэлд нь мөс шиг цэвдэг үүсч мэднэ. Ханилсан нөхрийнхөө эсрэг далдуур хийсэн буруу үйлдэл хайрлаж явсан сэтгэлийнх нь илчийг хайлуулан урсгаж, харлуулан гомдоох адын шидтэйг мэд. Ямар ч үед найдаж болно гэж бодож явсан нөхрийн явдал нь хувирч, итгэл алдах шиг явай муутай яданги дорой шинж нөхөрлөл ханилгаанд үгүй.

Сайн нөхрөө харж саар талаа зас. Нөхрийн мууг олж харахыг шимтэхээсээ өмнө өөрийн мууг онож тогтоон шинж. Нөхрөө гомдоовол нөхөрлөлөө баллахыг сана. Нөхцсөнөө гомдоох буруу хэрэг үйлдсэн бол нөхөрсгөөр уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай. Буртгаа угаавал цэвэрхэн болж, буруугаа хүлээвэл нөхөрлөл батжина. Хүнтэй нөхөрлөсөн бол нэгэн зангаараа үлд. “Муудалцах сайдах нь хурдан, олон зантай хүн магад нэгэн зангаар удаан ханилж үл болох” гэж монгол ардын сургаалд өгүүлдэг.

Явдал муут, хор хар ихт хүний хор санаж, яс хаясан бузар үгэнд нь ч, явган зулгуй булай ярианд нь ч битгий итгэ, бүү тоо. Итгэдэггүй юмаа гэхэд эргэлзэх сэв тогтвол эв нөхөрлөлд тань эвдрэлийн цав суухыг мэд. Муу бүхний ад шүглэж, буруу үйлдлийн овоолго сэтгэлд нь хурсан хар энергитэй нүгэлтэн ойр хавь, орчин тойрноо бузарлан, үл итгэлцэл, үг сөргөлдөөн, хэрүүл уруулын хор цацаж байдаг юм. Атаанд хорлогдож, тачаалд хүлэгдсэн тийм сэтгэл муутнаас сэрэмжлэн дөлж, зай барин холхон суу. Үг хэл нь цагаан мэт мөртлөө үйл хөдлөл нь хар хүнтэй үй зайгүй ойртвол үйлс чинь хазайж, үйлдэл чинь буруудахыг бод.

Дотно нөхрөө урмаар тэтгэж, сэтгэлийн тэнхээ хайрлаж сурах нь нөхөрлөл батжих нэг үндэс. Хүн гар татуу, сэтгэл дутуу байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ нөхрөө дэмнэн, сэтгэлийг засах урам магтаалын үгэндээ татуу, дутуу байж яавч болохгүй. Нөхдийн ололтыг дэмжиж, магтан сайшаахын хамт, дутууг гүйцээж, дутагдлыг хэлж өгөх нь чиний үүрэг. “Таны дутагдлыг хайж байгаа өрсөлдөгч дутагдлыг чинь нууж байгаа найзаас хавьгүй дээр” гэдгийг санаж яваарай. “Гаргасан алдааг минь хэн зөвөөр хэлнэ вэ тэр миний багш.

Хэрэг явдлын минь үнэнийг хэн шударгаар тэмдэглэнэ тэр миний нөхөр, надад хэн зусарднав тэр миний дайсан” гэсэн дорнын мэргэн үг хэн нөхөр, хэн дайсан болохыг ялгаж танихад тусална. Шүүмжлэл, санамжийг сонсож сурах нь чухал. Сонсоод өнгөрөх биш сортоотой тусгаж авах нь бүр ч чухал. “Зөв үг хэлэхэд зөрж туйлах буруу”.
Гар гараа угаадагтай адил хүн хүндээ тусалж, дэм дэмэндээ хорвоог туулна. Хүн сайтыг олж нөхөрлөвөл хүний хорвоод магнай тэнэгэр, магад жаргалтай амьдарна.

Уг сайтыг харж урагла

Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн, хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур. Угийг нь мэдье гэвэл удмаар нь хөөж таньдаг нь угаасаа л монгол зан заншил. “Уг сайтыг харж урагла”. Ухаалаг мэргэн бөгөөд ухаарал сургамжтай энэ үг элэнц хуланцын үеэс элэхгүй уламжлагдан иржээ. Насан туршид ханилах насны ханиа сонгохдоо удам судар, уг язгуурыг заавал хар гэдгийг ац утгагүй, ач санан хэлсэн бүхэнд хүртээлтэй гүн утгат сургаал.

Хазайхад нь тулах, хальтрахад нь түших хань ижлээ сонгохдоо хайр сэтгэлээс дутуугүй харж цэгнэх шалгуур нь “уг сайтай” байх ёстой ажээ. Тийм болохоор ухаант дээдэс маань “сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг нь хардаг” гэж угийг нь удмаар нь хөөж, ултай судлан ураг барилдаж иржээ. Угаа мэдэхгүй хүнийг усаа мэдэхгүй малтай жишин зүйрлэнэ. Ургаа таних хүнийг ухаан орсон сайн хүн гэж үзнэ. Ясан төрлийн овог дотроо яасан ч ураглахгүй байхыг яс баримтлан мөрдөж ирсэн нь бүл цөөтэй монголчуудын хувьд зөв зүйтэй уламжлал байлаа.

Удам холдвол ухаан нэмнэ гэдгийн учрыг сайн мэддэг, ураг барилдахдаа ухаалаг хэрэгжүүлдэг байж. Ураг төрлийн хол нь дээр гэж удам дамнуулан захиж үлдээсний учир ийм. Овог нэгтэн ураглахыг огоорч марталгүй цээрлэ. Овгоо сэргээн хэрэглэж, угийн бичгээ хөтөлж байгаагаас олдох ач тус, үлдэх үр дүнгийн нэг энэ байна. Овог ясыг шинжин ураг барилдваас удам цэвэр, ухаан саруул хойч үе биднийг буухиалан залгах болно.
Хүний уг нь сайн уу, тааруу юу гэдгийг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Олон шалгуурыг олж тоочиж болох ч онцгойлж цөөнийг дурдъя.

Угсаа удмын нэр төр уг язгуурыг тольдох шинж. Хүн чанарыг хатуу баримтлагч эрхэм хүмүүн нэр төртэй байна. Нэр төр нь тухайн хүнийг гарцаагүй мэдэх эргэн тойрныхон нь өгөх үнэлгээ, тавих дүн хэдий ч хүний амьдралд хамгийн дээд сайн зүйл билээ. Тэднийхэн удам сайтай гэдэг үнэлгээг захиалж хүсээгүй байхад нь хүмүүс аль хэдийнээ өгчихсөн байдаг юм. Удмаараа тааруу гэх үнэлгээг ил яриад явахгүй ч дотор сэтгэлдээ мөн л аль эрт тунгаачихсан байх нь мэдээж. Ичиж зовохыг мэдэх сэтгэлтэй хүн нэр төр сайтай, ичих булчирхай нь хатсан хүний нэр төр цөвтэй байна. Бусдын элэг доог болж, нэр нүүрээ бузарлаагүй, ичгүүртэй зүйл үйлдээгүй хүний нэр төр харьцангуй цэвэр. Маш энгийнээр хэлбэл, зөв зам мөртэй явж ирсэн хүний удам угсаатай урагла гэсэн үг. Нэр төрөө эрхэмлэгч удмыг түшвэл нэр хүндтэй байна.

Ажлын сайнаар амьдрал өөдөлж, бэлчээрийн сайнаар мал таргалдаг болохоор ажил анхиатай, шоргоолж шиг ажилч хөдөлмөрч хүмүүсийн үр удамтай ураг барилдвал сайн сан. “Хүний чанар түүний чухамхүү нүүр царай нь түүний үйл ажил, бүтээл, хөдөлмөрөөр илэрдэг” гэсэн мэргэдийн үг бий. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай цэвэр сайхан амьдрал байхгүй”. Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай гэж монголчууд зүйрлэн хэлдэг нь учиртай. Ундарга сайтай булаг ус ихтэйн адил уг сайт удмаараа хөдөлмөрч байдаг билээ.

Сэтгэл сайтыг олж ханил. Хүний сайныг сэтгэлээр нь тань. Сайхан сэтгэлт хүн салж холдошгүй хань. Цагаан сэтгэлт түүний араншин цагийн саалтад хувирахгүй. Сэтгэл муутантай ураглаваас сэтгэлийн зовлонд зүдэрнэ. “Хатсан тойрмоос хамаг шувуу зайлахын адил хар дотортноос хань ижил хөндийрнө”. Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй. “Улсыг хураая гэвэл төрийг хураах, хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэдэг үг гүн утгатай.

Буян тогтдог удмыг буурьтай судлан урагла. Хишиг буян хурах айл, хурахгүй ч айл байна. Хурсан хишиг буяныг тогтоох нэгэн байхад тогтоохгүй нөгөө нь бас бий. Олсон, цуглуулснаа шүүрэн шанагаар сүү хутгах мэт асгачихдаг бол хэчнээнийг олж, хэсгийг бөөгнүүлээд нэмэргүй. Бурхан тэднийг аль эрт мартсан юм шиг, буруу явдлын хараал хүрсэн мэт угсааныхантай ураглан ханилах нь бүү хэл уулзан ойртохоос болгоомжил. Хүссэн зүйл нь санаагаар болдог, хөөцөлдсөн ажил нь түвэггүй бүтдэг нүүрийн буянтай хүнтэй учирвал нэгэн насны аз, нийлэх хосын ерөөл билээ.
Бусдын төлөө өөрийгөө зориулах тусархуу, чиний төлөө биеэ зориулах халамжтай хүнтэй урагла. Зөв бурууг ялгах чадвартай зөв хүнтэй ханил. Учир явдлыг ойлгон, ултай суурьтай ханддаг ухаант хүнтэй урагла. “Өчүүхэн ухаантан бяцхан гомдлыг тэвчиж үл өнгөрөөнө. Агуу ухаантан бүхнийг ойлговч гомдлоо үл илэрхийлнэ”.

“Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэр үгүй амраг сэтгэл санааны зовлон” гэсэн үгийг хүн бүр ярьдаг ч учрыг төдийлөн ухаж боддоггүй. Ханилах хосын удам судрыг судлахдаа идэж өссөн хоол, үерхэж байсан найз, сурсан эрдэм, соёлын түвшин, эд хөрөнгө, сонирхол шохоорхол, үг яриа, үнэт зүйлсийн үнэлэмж, өссөн орчин зэргийн ялгаа зиндаанаас байнгын зөрчил үүсч болзошгүйг бодож тооцохыг хичээ. Амьдралд тэртээ тэргүй байж л байдаг энэ бодит үнэнийг хиргүй тунгалаг сэтгэлээр ойлгон, мөнхийн эмзэг сэдэв болгочихолгүй зохицуулан амьдрах нь ураглах хосын ухаан мэдэх хэрэг.
Уг мууттай ураглан бүү ханил.

“Уг муутыг усан дотроос ч түймэр авна” гэж ухаант өвгөд захиж үлдээсэн. Ууртай догшин хүнтэй уулзан бүү нөхөрлө. Уур бол ухаантай хүнийг ч солиотой болгодог гэдэг. Уурыг сөргүүлэн уурлах хэрэггүй. Уурыг уур дийлдэггүй. Уурыг ухаан, хүлээц, тэвчээр гурав л ялна. Ухаантай нэг нь уурласан нөгөөгөө тэвчин, уур нь гарахыг хүлээж, ухаан зарж учирлан байж уурын мунхгийг номхруулна. Уур бүхэн муу байдаггүй. Жижиг зүйлд уурлах нь том хүнд ичгүүр, харин их хэргийн төлөөнөө уурлана гэдэг зөв уур.

Усан тахалд нэрвэгдэн, уух согтохын дон шүглэх нь уг муутын уугуул чанар. Манай оронд гэр бүлийн дотоод зөрчил маргааны 37 хувь нь архинаас болж гардаг гэсэн судалгааны дүн байгаа нь хадмын харилцаанаас болж үүсэх маргаанаас даруй найм дахин их байна. Архи амьдралын ч дайсан, гэр бүлийн ч дайсан гэдэг нь эндээс илхэн харагдана. Хорт идээнд дурлаж биеэ барах, хууль бусаар явж хүнээ барах хэрэггүй юм.

Уг муутын адгийн шинж нь хүн муутай байх. Муу хүнийг таньж ядах юмгүй. Аяндаа буруу үйлээрээ өөрийгөө харуулаад өгнө. Хүний үнэргүй, хүн муутынхантай ураглах нь бүү хэл уулзаж учрах ч хортой гэдгийг санаж яв. Нүүрсийг зүлгээд өнгө гарахгүйтэй адил уг муутыг тордоод засал төдийлөн авахгүй.

“Өл бүргэдийн дэгдээхэй өд сөдөө гүйцэхээр өөдөө нисдэг, өлгийд өссөн хүний үр өрх тусгаарлан айлд очдог” нь хүний хорвоогийн жам. Тоонот гэртээ толгой холбон, тогоотой шөлөнд хушуу холбон жаргах залуу хос бие биенээ чин зүрхнээсээ хайрлаж амьдрах учиртай. Гүн зузаан, гүнзгий итгэлт хайр сэтгэлтэй баймааж сая бат тогтуун, урт удаан зол жаргал бүхий гэр бүл болж амьдарна. Хайрлах гэгч бие биенээ эелдэг зөөлнөөр харахын хамт хоёул нэгэн зүгт харахыг хэлнэ. Насан туршдаа нэгэн зүгт харж явцгаа. Хайрлаж, дурласан хүмүүс зөвхөн нүдээрээ бус зүрхээрээ хардаг юм гэсэн.

Бие биенийгээ үргэлж зүрхээрээ харж байвал амьдрал чинь аз жаргалаар амсар дүүрэн бялхам байна. Эр эм хоёул харилцан чин сэтгэлээсээ хайртай, хоёр биендээ чин үнэнч эрхэм дээд чанартай байвал хорвоог хослон туулах зам харгуй илүү тэгш шулуун, бартаа тотгор багатай байх нь эргэлзээгүй. Өөрөөсөө хатууг шаардаж, өрөөлд зөөлөн хандаж байж өрх гэр чинь өөдтэй өнгөтэй байна. Гэр дотроо өөрийн хийснийг чамлаж, хүний хийснийг үнэлж сур. Ханийн эндүү ташааг хайхаасаа өмнө өөрийн эндүү андууг эхлэн бод.

Гэр бүлийн харьцаанд тэвчээр үнэхээр чухал. “Тэвчих аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ” гэсэн үгийг тэвчээртэй нь аргагүй санаж яв. Хар, хоргүй гэгээн бодол, хоёр биендээ итгэсэн хиргүй сэтгэл хайр сэтгэлийг чинь батжуулж өгнө. Гэр бүлийн амгалан тайван бус, уур уцаартай амьдрал үзэж болохгүй өвчин, харж болохгүй хууч, эмчилж болохгүй эмгэг үүсгэж болохыг мэд.

“Гэрлэнэ гэдэг бол өөрийн эрхийг хоёр дахин багасгаж, үүргийг хоёр дахин ихэсгэнэ гэсэн үг”. Оонын хоёр эвэр шиг ижилдэн хорвоог туулахдаа хоёр дахин нэмэгдэх үүргээ хотойлгүй үүрч хорвоогийн сайхныг хамтдаа эдлэн жарга. Монголын их хаан Тулуйн Мөнх “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” гэж хэлсэн. Амьдралын зам ямар ч байлаа гэсэн уг сайтыг түшин, улс амьтны өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас илүү чухал шүү!

Сэтгэл ариун бол үйлс ариун

Түмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм. Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.

Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.

Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж, савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал.

Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урдах замыг чинь засч, угтах ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ.

Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шалдир булдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам.

Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. “Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг” юм. Залуус та нарын сэтгэл үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишгийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. “Хүчирхгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг”.

Ариун итгэл–амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. “Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй” ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшгийг ч бүтээж болно. “Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана” гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ.

Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ёстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. “Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдарна. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй” хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ.

Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугтан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай, бид.
Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ.

Өсөж хөгжихийн мөнхийн ундарга нь өөдрөг сэтгэл

Өөдлөн дэвжиж, өнгөтэй өөдтэй амьдрахыг хүсдэггүй хүн олон бий бил үү? Байхгүй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Гутранги үзлийн боол болчихсон арчаа муутайхан, маргаашийн гэрэл гэгээт амьдралын тухай бодохыг хүсдэггүй хүн мэр сэр байх. Тэд цөөхүүлээ. Монголчууд удмаараа өөдрөг хүмүүс.

Хавар байсан ч намар юм шиг, ховор байлаа ч элбэг юм шиг бодож чаддаг сэтгэлийн тэнхээтэй ард түмэн.



Өөдлөн дэвжих, өсөж хөгжих чин хүслийн мөнхийн ундарга нь өөдрөг сэтгэл юм. Өөдрөг сэтгэл бол ухаант хүн өөрийгөө гэрэл гэгээт ирээдүй өөд итгэл дүүрэн жолоодох дуусч дундаршгүй их хүч. Өөдрөгөөр сэтгэж амьдрах хүсэл зориг өглөө босоод гар нүүрээ угаадагтай адил хүний насан турш дагаж мөрдөх дадал хэвшил болох учиртай.

Алаг хорвоогийн түмэн зүйлийн өөдрөг гэгээтэй талыг харж явъя гэдэг зан араншинтай хүн байдаг, дандаа хар бараан руу нь харцаа тусгаж явдаг хүн ч тааралддаг. Юмны өөдрөг сайн талыг хардаг эгэл жирийн зөв хүн хар бараан руу харж явдаг, хар аргаар бэлжсэн баян чинээлэг, эрх мэдэлтэй хүнээс хавьгүй илүү үнэ цэнэтэй.

Ертөнцийн юмс үзэгдлийн өөдрөг гэгээтэй талыг харж, өөдрөг сэтгэлтэй байх хүмүүжил суртахууныг залуус бүхий л амьдралынхаа турш дагаж мөрдөх хэвшил заншлаа болгон тогтоогоосой гэж хүсэж зөвлөж байна. Энэ их чухал шүү. “Хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлд байдаг” гэж өмнө хэлсэн ишлэлээ давтая. Өөдрөг сэтгэлээ алдалгүй хичээж чармайж явах нь амжилт, аз жаргалд хүрэхийн баттай гишгүүр болж өгнө. Өөдрөг цайлган сэтгэлтэй, үнэнч шударга байх нь хүний амьдралын хамгийн гол баяр баясгалан. Өөртөө итгэх итгэл, эрчим чадал эндээс л төрж гардаг.

“Санаа заяа тэнцдэггүй, сахал хөмсөг нийлдэггүй” гэдэг болохоор хэчнээн өөдрөгөөр сэтгэн бодлоо ч бүх юм өөгүй тэгш, өөдрөг сайхан байж чадахгүй байх учир явдал хүний амьдралд тохиолдоно. Тухайлбал, зовлон бэрхшээлийг гэтлэн туулах шаардлага гарч болно. Энэ нөхцөлд аль болох шантрахгүй байх нь чухал. Хүссэн юмаа хөсөр хаяж, зорьсон юмаа зоргоор нь хаяж болохгүй гэдгийг дотор сэтгэлдээ бат хатуу тогтоож аваарай.

Тиймээс юу ч боллоо гэсэн өөдрөг үзлээ агшин хоромд ч алдаж гээж хэрхэвч болохгүй шүү. Өөдрөг үзэл, ирээдүйдээ итгэх итгэл хоёр ах дүүс юм. Ихэр хоёр ч гэж хэлж болно. Гэгээн гэрэлт ирээдүй, гэр хотлын тэгш дүүрэн амьдралд итгэн тэмүүлэх нь хүний зах хязгааргүй хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг. Ирээдүй гэдэг нь залуу хүний хувьд үл мэдэх, эс төсөөлөгдөх харанхуй битүү орон зай байх ёсгүй. Хаашаа, аль зүгт, юунд хүрэхээр зорьж яваагаа тодоос тод төсөөлж бай.

Юу хийхээ ч сайтар тооцоолсон байх учиртай. Түүнийгээ хэрхэн үйлдэхээ мэдэж байвал ирээдүй өөд хөтлөх зам тань бартаа саад, зовлон зүдүүр багатай байх нь эргэлзээгүй. “Маргааш галав юүлнэ гэж сонслоо ч өнөөдөр алимны мод суулга” гэсэн өөдрөг сэтгэлийн цогтой уриа, ирээдүйд итгэх итгэлийн цоглог дуудлага болсон энэ үгийг би залууст зориулан давтан хэлэх дуртай. Ирээдүйд заавал өөдлөн дэвжинэ, өнөөдрөөс маргааш зайлшгүй илүү сайн болно гэсэн хүсэл тэмүүлэл хүүхэд залуусыг мөнхөд дагуулах хөтөч нь болог.

“Өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах мартах” гэсэн өвөг дээдсийн гүн утгатай сургаалыг ой ухаандаа марталгүй бат тогтоож ав. Үүгээр өөдлөж байна уу, уруудаж байна уу гэдэг наад захын хяналтыг өөртөө тавьж заншвал чамд хэрэгтэй. Ер нь өдрийн явдлаа шөнөдөө бодож, маргаашийн явдлаа өнөөдөр бодож” сурах нь хүн бүрт хүнс хоол мэт хэрэгтэй үйл.

Ой модны өндөр намыг адилтгах аргагүй, арван хурууны урт богиныг тэгшлэх аргагүй болохоор хүн болгоны ирээдүйг адил тэгш байлгах боломжгүй. Гэхдээ тэнгэрлиг ирээдүй өөд халирч няцалгүй, гуйвалтгүй үнэнчээр тэмүүлж, түүндээ хүрэхийн төлөө цуцалтгүй үнэнчээр хичээн зүтгэвээс өглөгийн эзний сан хөмрөгөөс өгөөмөр баялгийн үр шимийг хангалттай хүртэнэ. “Тэнгэр бурхан баялгийг хүнд нь хайрлаагүй, харин хөдөлмөрт нь хайрласан юм” гэх цэцэн үг бий. Энэ нь хүмүүсийн амьдрал тэнгэр газар шиг ялгаатай байдгийн нэг тайлал бөгөөд тэнгэр бурхан хүний хичээл чармайлт, ажил хөдөлмөрийн үр дүнг үнэнээр хэмжсэний дараагаар түүнд нь таарч тохирсон баялгийг шударгаар хүртээдэг гэсэн үг юм.

Хүүхэд, залуус та нарын сурч мэдэх их хүслийн далайд дусал нэмэрлэж, сайн сайхан амьдрах мөрөөдлийн тэнгист цутгалан болох зорилгоор энэ бүхнийг ярьж байна. Аливаа үйлийг мэдэж байж хийдэг. Хэн ч бай ялгаагүй “мэдэхийн тулд биш, харин хийхийн тулд мэдэх хэрэгтэй”. Бүхнийг мэдэх хэт дэврүүн сэтгэлээр биеэ зовоогоод хэрэггүй, хэзээ ч амжилт олохгүй.

Бүхнийг мэдэх бардам хүсэлдээ хөтлөгдөн юм юмны зах зухаас сэглээд хаях нь “сүүдэртэйгээ уралдаад түрүүлдэггүйтэй” адил юм. Тэгээд ч “хэн ч бүхнийг мэдэж чадахгүй. Мэдэхгүй хэрнээ мэддэг дүр эсгэх нь ичгүүртэй”. Амьдралд хэрэг болох эрдмийг л нэн тэргүүнд мэдэхийг зорь. Ямар юм муухай вэ гэсэн асуултыг Ноён хутагт өөртөө тавьж “Үл мэдэгч муухай” гэж хариулсан байдаг. “Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас долоон дор” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй. Бас “их мэдэхийг бус гүнзгий мэдэхийг чармай” гэсэн мэргэдийн сургаал бий.

Даруу зан залуу хүний чимэг. “Таныг хэчнээн өндөр үнэлж байсан ч гэсэн би юу ч мэдэхгүй хүн гэж хэлж чадах зоригтой байхтун” гэж хэлсэн ухаантай бөгөөд даруухан эрхмийн үгийг та нарт дамжуулж байна. “Тун цөөхөн хүмүүс түүний дотор хамгийн гайхамшигтай хүмүүс л “мэдэхгүй байна” гэж илэн далангүй хэлж чаддаг” юм гэсэн.

Боломжийн сурсан, түүндээ эрддэг нэгэн оюутан “Дээд сургуульд сурах ёстой бүхнийг сурч эзэмшлээ” гэж бодоод анги даасан багшдаа баяртай гэж хэлэхээр иржээ. Тэгтэл багш нь “Би одоогоор мэдлэгийн эрдэнэсийн хайрцагт хүрэх хаалгыг олж харснаас ер хэтрээгүй” гэж хэлж бардам оюутны нүүрийг улайлгасан гэдэг. Авьяаслаг олон хүн бие тоох өвчинд нэрвэгдсэнээр гайхамшигт бүтээл туурвих тавилангаа хөсөр хаясан гунигт түүх цөөнгүй. Хэчнээн нүргээнт алдрыг хүртлээ ч даруу зангаа гээвэл тэр бүхэн чинь удаж төдөлгүй хөөс болон замхарна.

Жинхэнэ төлөв даруу гэдэг бол өөрийнхөө сайн талыг зөв зүйтэй, нэмж хачирлалгүй үнэлж цэгнэх явдал болохоос биш сайн талаа бүгдийг үгүйсгэх хэт даруу үйлдэл огт биш гэдгийг хэлэх ёстой. Агуу эрдэмтэн Ньютон хүртэл “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюуны асар их баялгаа энгийн даруухнаар үнэлэн өгүүлсэн байдаг. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдэг нь үнэн ажээ.

Цаг бол алт

Цаг бол алт. Цаг хожвол бүхнийг хожно. Хайран цаг. Бага цагт ихийг амжуул. Цаг нартай уралдан. Энэ мэтчилэнгээр цаг тойрсон оновчтой хэллэгийн жагсаалтыг үргэлжлүүлбэл уртаас урт цуваа үүснэ. Цаганд алагчлал, ялгаварлал гэж байхгүй. Баян ядуу, дарга цэрэг, багш сурагч бүхэнд цаг нэг нүүртэй. Хамгийн шударга зүйл.

Тэнгэр бурхан бүх хүнд амьдралынх нь турш хоёр зүйлийг үнэгүй хайрласан. Нэг нь амьсгалах агаар, нөгөө нь ашиглах цаг. Харамсалтай нь ашиглах цаг хязгаартай. Бүх хүнд тэгш заяасан баялаг, өв хөрөнгө бол цаг. Цаг хэмээх ид шидтэнийг хэн цаламдаж өөрийн зоргоор зөв ашиглаж чаднав тэр азтан хүссэн зорьсондоо заавал хүрч чадна. Хэн цагийг дэмий нөхцөөж байнав, тэр өөрийн амьдралдаа санаатайгаар хор хүргэж байгаа аз муутан.

Би өмнө нь эрдмийг эрхэмлэх, түүнийг эзэмдэх шидэт түлхүүр болох хичээл зүтгэлийн талаар ярьсан. Одоо цагийг аль болох үр ашигтай ашиглах тухай ярьж эхэлснийг ойлгож байгаа байх аа. Хүүхэд залуучууд Та нарт бүгдэд чинь хүслийг хангагч чандмань эрдэнэ бэлэн заяасан байгаа. Энэ чандмань эрдэнэ - цагийг аль болох үр ашигтай ашиглаж сурах ур ухаан дотор байдаг юм. Цагийг үр ашигтай зарж сурвал эрдэм боловсролын гэрэлт оргил өөд цойлох шидэт хүлгийг эзэмдлээ гэсэн үг.

Нэгэн алдарт хэл шинжээч “Миний амжилтад хүрсэн нь гоц авьяас бус. Өдөр бүр өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх” гэж дурсан өгүүлсэн байдаг. Тэрээр амьдрахын тулд үйлдвэрт ажилчнаар ажиллах явцдаа эртний болон тухайн үеийнхээ 18 хэл, Европын хорин хоёр аман аялгууг төгс эзэмшсэн байсан гэнэ.

Мунхгийг агуу болгон хувиргахад ганц цаг ч болсон нөлөөтэй гэдэг. Монголчууд бид цаг ашиглах талдаа дийлэнх нь маруухан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бүх нийтээрээ цаг баримтлах гэдгийг бараг мэддэггүй байсан үе. Нийслэлд хүн ардыг алба амины аливаа ажилд цаг баримталдаг болгохын тулд 1924 оноос эхлэн ширмэн ууранд дарь авалцуулан хүчтэй дуу гаргаж үд дундын дохио өгдөг болсон түүх бий. Тэр үеийг бодвол одоо овоо болсон ч учир дутагдалтай хэвээр.

Намайг дунд сургуульд сурч байхад манай сургууль дотор “өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй” гэсэн томоос том бичигтэй лоозон дурайж байдаг байж билээ. Биднийг цаг ашиглуулж сургаж байсан багш нарын маань нэг арга байх. Ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ нэн чамбай, алдартай нэгэн байжээ. Амжилтынх нь нууц юунд байна гэж түүнээс асуухад “Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж бүү хойш тавь гэсэн сургаалийг хатуу чанга баримталж ирсэн төдий л юм” гэж маш энгийнээр тайлбарласан байдаг.

Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг гэдгийм. Цагийг үр ашиггүй өнгөрөөвөл оюун санаан дотор хогийн хорт ургамал дүүрдэг. Цаг дэмий нөхцөөдөг, юу ч боддоггүй толгой чөтгөр шулмын ажлын байр болно. Цагт гамгүй, залхуу хүн чөтгөр толгойгоо дэрлэх дэр нь болж өгдөг. Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно.

Би хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг байлаа. Нэг нь манай тэнд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй. Бий болгож болохгүй юу гэж асуулаа. Та нарт чөлөөт цаг гэж байх учиргүй гэж намайг хэлэхэд тэд гайхасхийгээд л өнгөрсөн. Нөхөгддөггүй хайран цагийг нөхцөөн үрж болохгүй гэж миний хэлснийг хожуу ч гэсэн тэд ойлгох болно. Цагтай уралдан суралц. Чөлөөт цагийн тухай бодож гиюүрч байснаас чөлөөгүй шамдан суралц.

Өнөөдөр дэмий үрсэн цагийг маргаашийн цагаар зээлдэж нөхье гэж хэн хэлж чадах вэ? Цаг үе маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь даяаршлын хаялга, үр дагавар биз. Хуучин дадал зуршил гэдэг амь бөхтэй наалданга царцанги зүйл. Хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор орж ирээд хойморт суучихдаг урилгагүй зочин бол хуучин дадал зуршил-өөрчлөлтийн чөдөр тушаа. Залуус шинэ цагийн боловсролд нэвтрэхийн зэрэгцээ цаг үеийнхээ өөрчлөлтөд хэзээд бэлэн байх ёстой. Ингэж байж цаг үеэсээ түрүүлдэггүй юм аа гэхэд хоцрохгүй мөр зэрэгцэн алхах болно. Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундартал сууж суралцсаны үрээр энэ бүхнийг хүн хийж чадна.

Алдарт Микеланжелогийн урланд нэгэн язгууртан ирж цээж баримлаа бүтээж өгөхийг хүсчээ. Тэрээр 10 хоногт баримлыг дуусгаж тавин шир- хэг алтан зоос төлнө үү гэлээ. Аравхан хоногт бүтээсэн баримал хэтэрхий үнэтэй байна гэж язгууртан ундууцав. Микеланжело хариуд нь Ноёнтон, та нэг зүйлийг мартагнаад байна уу даа. Цээж баримлыг аравхан хоногт бүтээдэг болох хүртлээ суралцахын тулд би гучин жил зарцуулсан юм шүү гэдгийг...” гэсэн гэдэг.

Өөрийнхөө болон өрөөл бусдын цагийг хайрлаж сурцгаая. Харамч бус өгөөмөр буянтан болж болно, гагцхүү цагийг харамлаж сур. Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болоод бусдын хайран цагийг үрнэ гэдэг дээд зэргийн бүдүүлэг үйлдэл гэдгийг үргэлж санаж явцгаа. Хүнтэй цаг тохирчихоод тэвчээрийг нь барагдтал хүлээлгэх нь хүнд суртлын хамгийн адгийн шинж, соёл боловсролгүйгээ бусдад харуулах хамгийн анхны дохио мөн.

Францын хувьсгалыг удирдсан улстөрч Мирабо гэдэг алдартай хүн байлаа. Тэрээр өөрийнхөө тухай “Миний амин хүчний ихэнх хэсэг залуу насанд минь үргүй зарагдсан юм даа” гэж халаглан харамссан байдаг. Монголын ирээдүй болох хүүхэд, залуус Та нар залуу насандаа эрдэм боловсролд шамдалгүй “амин хүчний ихэнх хэсгийг үргүй зарж”, цаг алдсан мунхаг үйлдлээ хожмын өдрөө ухаарч амаа барин гаслахгүйн тул одооноос дээд зэргээр хичээн шамдацгаахыг ой тоонд чинь хүргэхээр энэ бүхнийг ярилаа. Ухаан мэдтүгэй