Friday, November 14, 2008

Уг сайтыг харж урагла

Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн, хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур. Угийг нь мэдье гэвэл удмаар нь хөөж таньдаг нь угаасаа л монгол зан заншил. “Уг сайтыг харж урагла”. Ухаалаг мэргэн бөгөөд ухаарал сургамжтай энэ үг элэнц хуланцын үеэс элэхгүй уламжлагдан иржээ. Насан туршид ханилах насны ханиа сонгохдоо удам судар, уг язгуурыг заавал хар гэдгийг ац утгагүй, ач санан хэлсэн бүхэнд хүртээлтэй гүн утгат сургаал.

Хазайхад нь тулах, хальтрахад нь түших хань ижлээ сонгохдоо хайр сэтгэлээс дутуугүй харж цэгнэх шалгуур нь “уг сайтай” байх ёстой ажээ. Тийм болохоор ухаант дээдэс маань “сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг нь хардаг” гэж угийг нь удмаар нь хөөж, ултай судлан ураг барилдаж иржээ. Угаа мэдэхгүй хүнийг усаа мэдэхгүй малтай жишин зүйрлэнэ. Ургаа таних хүнийг ухаан орсон сайн хүн гэж үзнэ. Ясан төрлийн овог дотроо яасан ч ураглахгүй байхыг яс баримтлан мөрдөж ирсэн нь бүл цөөтэй монголчуудын хувьд зөв зүйтэй уламжлал байлаа.

Удам холдвол ухаан нэмнэ гэдгийн учрыг сайн мэддэг, ураг барилдахдаа ухаалаг хэрэгжүүлдэг байж. Ураг төрлийн хол нь дээр гэж удам дамнуулан захиж үлдээсний учир ийм. Овог нэгтэн ураглахыг огоорч марталгүй цээрлэ. Овгоо сэргээн хэрэглэж, угийн бичгээ хөтөлж байгаагаас олдох ач тус, үлдэх үр дүнгийн нэг энэ байна. Овог ясыг шинжин ураг барилдваас удам цэвэр, ухаан саруул хойч үе биднийг буухиалан залгах болно.
Хүний уг нь сайн уу, тааруу юу гэдгийг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Олон шалгуурыг олж тоочиж болох ч онцгойлж цөөнийг дурдъя.

Угсаа удмын нэр төр уг язгуурыг тольдох шинж. Хүн чанарыг хатуу баримтлагч эрхэм хүмүүн нэр төртэй байна. Нэр төр нь тухайн хүнийг гарцаагүй мэдэх эргэн тойрныхон нь өгөх үнэлгээ, тавих дүн хэдий ч хүний амьдралд хамгийн дээд сайн зүйл билээ. Тэднийхэн удам сайтай гэдэг үнэлгээг захиалж хүсээгүй байхад нь хүмүүс аль хэдийнээ өгчихсөн байдаг юм. Удмаараа тааруу гэх үнэлгээг ил яриад явахгүй ч дотор сэтгэлдээ мөн л аль эрт тунгаачихсан байх нь мэдээж. Ичиж зовохыг мэдэх сэтгэлтэй хүн нэр төр сайтай, ичих булчирхай нь хатсан хүний нэр төр цөвтэй байна. Бусдын элэг доог болж, нэр нүүрээ бузарлаагүй, ичгүүртэй зүйл үйлдээгүй хүний нэр төр харьцангуй цэвэр. Маш энгийнээр хэлбэл, зөв зам мөртэй явж ирсэн хүний удам угсаатай урагла гэсэн үг. Нэр төрөө эрхэмлэгч удмыг түшвэл нэр хүндтэй байна.

Ажлын сайнаар амьдрал өөдөлж, бэлчээрийн сайнаар мал таргалдаг болохоор ажил анхиатай, шоргоолж шиг ажилч хөдөлмөрч хүмүүсийн үр удамтай ураг барилдвал сайн сан. “Хүний чанар түүний чухамхүү нүүр царай нь түүний үйл ажил, бүтээл, хөдөлмөрөөр илэрдэг” гэсэн мэргэдийн үг бий. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай цэвэр сайхан амьдрал байхгүй”. Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай гэж монголчууд зүйрлэн хэлдэг нь учиртай. Ундарга сайтай булаг ус ихтэйн адил уг сайт удмаараа хөдөлмөрч байдаг билээ.

Сэтгэл сайтыг олж ханил. Хүний сайныг сэтгэлээр нь тань. Сайхан сэтгэлт хүн салж холдошгүй хань. Цагаан сэтгэлт түүний араншин цагийн саалтад хувирахгүй. Сэтгэл муутантай ураглаваас сэтгэлийн зовлонд зүдэрнэ. “Хатсан тойрмоос хамаг шувуу зайлахын адил хар дотортноос хань ижил хөндийрнө”. Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй. “Улсыг хураая гэвэл төрийг хураах, хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэдэг үг гүн утгатай.

Буян тогтдог удмыг буурьтай судлан урагла. Хишиг буян хурах айл, хурахгүй ч айл байна. Хурсан хишиг буяныг тогтоох нэгэн байхад тогтоохгүй нөгөө нь бас бий. Олсон, цуглуулснаа шүүрэн шанагаар сүү хутгах мэт асгачихдаг бол хэчнээнийг олж, хэсгийг бөөгнүүлээд нэмэргүй. Бурхан тэднийг аль эрт мартсан юм шиг, буруу явдлын хараал хүрсэн мэт угсааныхантай ураглан ханилах нь бүү хэл уулзан ойртохоос болгоомжил. Хүссэн зүйл нь санаагаар болдог, хөөцөлдсөн ажил нь түвэггүй бүтдэг нүүрийн буянтай хүнтэй учирвал нэгэн насны аз, нийлэх хосын ерөөл билээ.
Бусдын төлөө өөрийгөө зориулах тусархуу, чиний төлөө биеэ зориулах халамжтай хүнтэй урагла. Зөв бурууг ялгах чадвартай зөв хүнтэй ханил. Учир явдлыг ойлгон, ултай суурьтай ханддаг ухаант хүнтэй урагла. “Өчүүхэн ухаантан бяцхан гомдлыг тэвчиж үл өнгөрөөнө. Агуу ухаантан бүхнийг ойлговч гомдлоо үл илэрхийлнэ”.

“Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэр үгүй амраг сэтгэл санааны зовлон” гэсэн үгийг хүн бүр ярьдаг ч учрыг төдийлөн ухаж боддоггүй. Ханилах хосын удам судрыг судлахдаа идэж өссөн хоол, үерхэж байсан найз, сурсан эрдэм, соёлын түвшин, эд хөрөнгө, сонирхол шохоорхол, үг яриа, үнэт зүйлсийн үнэлэмж, өссөн орчин зэргийн ялгаа зиндаанаас байнгын зөрчил үүсч болзошгүйг бодож тооцохыг хичээ. Амьдралд тэртээ тэргүй байж л байдаг энэ бодит үнэнийг хиргүй тунгалаг сэтгэлээр ойлгон, мөнхийн эмзэг сэдэв болгочихолгүй зохицуулан амьдрах нь ураглах хосын ухаан мэдэх хэрэг.
Уг мууттай ураглан бүү ханил.

“Уг муутыг усан дотроос ч түймэр авна” гэж ухаант өвгөд захиж үлдээсэн. Ууртай догшин хүнтэй уулзан бүү нөхөрлө. Уур бол ухаантай хүнийг ч солиотой болгодог гэдэг. Уурыг сөргүүлэн уурлах хэрэггүй. Уурыг уур дийлдэггүй. Уурыг ухаан, хүлээц, тэвчээр гурав л ялна. Ухаантай нэг нь уурласан нөгөөгөө тэвчин, уур нь гарахыг хүлээж, ухаан зарж учирлан байж уурын мунхгийг номхруулна. Уур бүхэн муу байдаггүй. Жижиг зүйлд уурлах нь том хүнд ичгүүр, харин их хэргийн төлөөнөө уурлана гэдэг зөв уур.

Усан тахалд нэрвэгдэн, уух согтохын дон шүглэх нь уг муутын уугуул чанар. Манай оронд гэр бүлийн дотоод зөрчил маргааны 37 хувь нь архинаас болж гардаг гэсэн судалгааны дүн байгаа нь хадмын харилцаанаас болж үүсэх маргаанаас даруй найм дахин их байна. Архи амьдралын ч дайсан, гэр бүлийн ч дайсан гэдэг нь эндээс илхэн харагдана. Хорт идээнд дурлаж биеэ барах, хууль бусаар явж хүнээ барах хэрэггүй юм.

Уг муутын адгийн шинж нь хүн муутай байх. Муу хүнийг таньж ядах юмгүй. Аяндаа буруу үйлээрээ өөрийгөө харуулаад өгнө. Хүний үнэргүй, хүн муутынхантай ураглах нь бүү хэл уулзаж учрах ч хортой гэдгийг санаж яв. Нүүрсийг зүлгээд өнгө гарахгүйтэй адил уг муутыг тордоод засал төдийлөн авахгүй.

“Өл бүргэдийн дэгдээхэй өд сөдөө гүйцэхээр өөдөө нисдэг, өлгийд өссөн хүний үр өрх тусгаарлан айлд очдог” нь хүний хорвоогийн жам. Тоонот гэртээ толгой холбон, тогоотой шөлөнд хушуу холбон жаргах залуу хос бие биенээ чин зүрхнээсээ хайрлаж амьдрах учиртай. Гүн зузаан, гүнзгий итгэлт хайр сэтгэлтэй баймааж сая бат тогтуун, урт удаан зол жаргал бүхий гэр бүл болж амьдарна. Хайрлах гэгч бие биенээ эелдэг зөөлнөөр харахын хамт хоёул нэгэн зүгт харахыг хэлнэ. Насан туршдаа нэгэн зүгт харж явцгаа. Хайрлаж, дурласан хүмүүс зөвхөн нүдээрээ бус зүрхээрээ хардаг юм гэсэн.

Бие биенийгээ үргэлж зүрхээрээ харж байвал амьдрал чинь аз жаргалаар амсар дүүрэн бялхам байна. Эр эм хоёул харилцан чин сэтгэлээсээ хайртай, хоёр биендээ чин үнэнч эрхэм дээд чанартай байвал хорвоог хослон туулах зам харгуй илүү тэгш шулуун, бартаа тотгор багатай байх нь эргэлзээгүй. Өөрөөсөө хатууг шаардаж, өрөөлд зөөлөн хандаж байж өрх гэр чинь өөдтэй өнгөтэй байна. Гэр дотроо өөрийн хийснийг чамлаж, хүний хийснийг үнэлж сур. Ханийн эндүү ташааг хайхаасаа өмнө өөрийн эндүү андууг эхлэн бод.

Гэр бүлийн харьцаанд тэвчээр үнэхээр чухал. “Тэвчих аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ” гэсэн үгийг тэвчээртэй нь аргагүй санаж яв. Хар, хоргүй гэгээн бодол, хоёр биендээ итгэсэн хиргүй сэтгэл хайр сэтгэлийг чинь батжуулж өгнө. Гэр бүлийн амгалан тайван бус, уур уцаартай амьдрал үзэж болохгүй өвчин, харж болохгүй хууч, эмчилж болохгүй эмгэг үүсгэж болохыг мэд.

“Гэрлэнэ гэдэг бол өөрийн эрхийг хоёр дахин багасгаж, үүргийг хоёр дахин ихэсгэнэ гэсэн үг”. Оонын хоёр эвэр шиг ижилдэн хорвоог туулахдаа хоёр дахин нэмэгдэх үүргээ хотойлгүй үүрч хорвоогийн сайхныг хамтдаа эдлэн жарга. Монголын их хаан Тулуйн Мөнх “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” гэж хэлсэн. Амьдралын зам ямар ч байлаа гэсэн уг сайтыг түшин, улс амьтны өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас илүү чухал шүү!

No comments: