Friday, November 14, 2008

Өөрийгөө ялах нь

Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. “Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм” гэж бусдын төлөө асаасан гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.

“Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг. Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал” гэж америкийн яруу найрагч Ж.Лоуэлл бичжээ. Давуу сайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, зан араншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээн зөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэх сэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм. Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутай хэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээ хөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртон дөхсөөр байх нь гарцаагүй.

Хүний оюун ухааныг хөглөж, эх орон нэгт иргэдээ зүгээр байлгахгүй хөдөлгөн сэрээдэг байсан Сократ “ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө” гэж хэлсэн. Гэтэл хорвоо ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү засаг төрөө засаж сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Өөрийн сул тал, муу зуршлийг ялан дийлж чадвал түүний хоосорсон орон зайг давуу тал нь нөхөн эзэлж, сайн үйл бүтээх зай багтаамж уужран өргөсдөг жамтай.

Би хүүхэд, залуустай уулзахдаа байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг жишээ болгон ярьдаг юм. Тэр эрдэмтэн цаг гэдэг олдошгүй ховор эрдэнэ үлэмж хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хирнээ өглөө эрт босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг дэмий өнгөрөөдөг байжээ. Их унтдаг муу зуршлаа таягдан хаяхаар хатуу шийдэж, эрт босож байхаар сэтгэл шулуудсан ч нэг л болж өгөхгүй, унтчихаад байв. Ингээд өөрийн зарцаасаа тусламж гуйж, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь мөнгө өгч байхаар тохиролцов.

Эхний үед нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван унтуулсангүй гэж уурлаж уцаарлаж байжээ. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ “Яагаад амласан цагтаа босгосонгүй вэ?” гэж үглэнэ. Энэ мэт байдалд зарцынх нь уур хүрчээ. Бас тохирсон ёсоор мөнгөө авах сонирхол зарцад байлгүй яахав. Тэгээд цаг болохоор эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоёр талаасаа хичээл зүтгэл гаргасны дүнд сайхь эрдэмтэн өөрийгөө ялан муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босож судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь тавиу болжээ. Хожим нь “Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь зарцын минь хүч юм” гэж эрдэмтэн дурсан бичсэн байдаг.

Зовлон зүдүүрт нэрвэгдсэн хүн өөрийгөө ялж, сэтгэлд багтамгүй зориг тэвчээр заан байж, амжилтанд хүрч, алдар нэрээ мөнхөлсөн жишээ захаас аван олныг дурдах бололцоотой. Шулуун дардан замаар зогсолтгүй өгссөөр амжилт ололтын оргилд гарч чадсан гайхалтай жишээг харин олоход бэрх. Хүн унаж, босож байж юм бүтээдэг хойно арга ч үгүй биз. Амьдралын бэрхшээл саад хүний өсөж дээшлэх орон зайд хана хэрэм, хаалт саад биш, харин гишгэх шат, ширүүн урсгалт голын цаана гарах гүүр дамнуурга нь болно. Бэрхшээл хүнийг дардаг, харин хүн түүнийг ялж бүтээх туурвих хүсэл нь оргилдог.

Канадын уугуул иргэд – улаан арьстнаас гаралтай нэгэн уран бүтээлчийн тухай өгүүлсэн үнэн түүх сэтгэлд хоногшин үлджээ. Тэрээр чулууны сийлбэрчин. Түүний бүтээсэн чулуун сийлбэрүүд ертөнцийн олон музей, цуглуулгад хүндтэй байранд байдаг гэсэн. Тэр барилгачин байгаад осолд орж бэртэн, эргээд мэргэжлийн ажлаа хийх чадваргүй болжээ. Түүнийг угийн авьяасгүй, жирийн нэгэн гэдэг байж. Эмнэлэгт хэвтэж байхдаа мод зорж өдрийн уртыг өнгөрөөн, азгүй хувь заяаны гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Дараа нь чулуу сийлэхээр зоригложээ. Эхлээд хоёр сийлбэр урлаж тус бүрийг нь 50 доллараар зарахаар төлөвлөв.

Эхнэр нь тал үнээр нь л хүн авч магадгүй гэж маргаж байсан гэдэг. Гэтэл худалдан авагч маргааныг таслан нэг сийлбэрт нь хоёр дахин өндөр үнэ өгч, нөгөөг нь арав гаруй дахин илүү үнээр дуртайяа худалдан авчээ. Арван жилийн дараа түүний сийлбэр 30 мянган доллараар үнэлэгдэх болов. Тэрээр удаан сэтгэж, ургуулан бодож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж, асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл гарган байж тахир дутуу болсон оюун сэтгэлээ ургуулан төлжүүлж, өөрийгөө ялж билгүүн эрдэм төгөлдөр, уран гартай сийлбэрч болж чадсан байна. Сайн үйл бүтээсэн хүн эрт орой хэзээ нэгэн цагт заавал ач буяныг нь үзнэ. Хүн биеэ мэдэж, эрдмээ ухаарч, сул талаа танин өөрийгөө ялж чадсан тэр цагт хүссэндээ хүрч, зорьсонтойгоо золгоно.

Хүн язгуураас хоёр их төөрөгдөлд орсоор ирсэн. Нэг нь өөрийн гэмийг бусдаас хайдаг. Нөгөө нь золгүй явдлаа өөрөөсөө холдуулж заяа тавилан төөрөг гэж бодон сэтгэлээ хуурдаг. Өөрийн гэмээ ухаарч чадна гэдэг өөрийгөө ялж байгаа сэтгэл зоригийн тод илэрхийлэл. Гэмээ ухаарч байгаа хүн өөрийн хатгасан гадсанд дахин бүдрэхгүй урагшлах дархлаагаа бий болгож дөнгөж байгаа том ялалт юм. Золгүй явдлаа зохиомлоор холдуулахыг чармайх хэрэггүй. Золгүй явдлыг хүссэн хүсээгүй өөрийн биеэр туулна. Тэр бүгдийг заяа тавилан, төөрөг гэх зүйл рүү чихээд эвлэрээд суугаад байвал удахгүй түүндээ эргэлтгүй ялагдаж боол нь болон дарлуулна.

Хүн сурч мэдэх, өсөж өөдлөхөд хамгийн хорлонтой дайсан нь залхуурал. Залхуу хүн цаг хугацааны үнэ цэнийн талаар туйлын бага төсөөлөлтэй. Хойш тавих, зүгээр суух, сугарч хоцрох, биеийн амрыг харах тэдний хувьд амьдралынх нь утга учир мэт. Тэгээд ч ухаант өвгөд “залхуу хүнд маргааш олон” гэж шоглон, “залхуугаас заяа зайлна” гэж сургамжилж ирсэн.

Залхуу занг ялж дийлэхгүйгээр заяа тэгш явна гэж үгүй. Залхуу хүн ямагт сэтгэл дутуутай байдаг. Сэтгэлийн дутууг ялж нөхөхгүйгээр амжилт ололт, төгс төгөлдөр, сайн зүйлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Сэтгэл дутсан, нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн юм бүхэн урт насгүй, сайнаар хэлэгдэхгүй, эзэндээ баяр баясгаланг авчрахгүй, бусдад үнэлэгдэхгүй. Тийм болохоор монголчууд “сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно” хэмээн ярьж, хэрэгжүүлж байдаг юм.

“Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил өөрийгөө үл хянах хүний сэтгэлд хүсэл шунал дүүрнэ” гэж Бурхан багш сургасан. Шуналын сэтгэлийг ялан дийлэх нь хүний өөрийгөө ялах баатарлаг зориг, аюул гамшгаас биеэ аврах авралын од гийсэн чөлөө учрал билээ. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болоод олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” гэдэг. Атаа, жөтөө гэдэг нь муу хүний муухай араншингийн нэг, ажил амьдралын садаа, амар амгалангийн халгаа, ахиж дэвшихийн хаалт билээ.

Өчүүхэн боловч атаач зан сэтгэл санаанд чинь шүглэсэн бол түүнийг ялж дийлэн, салахыг бод. Атаархал бол ховлох, гүтгэхийн төрсөн дүү байдаг нь жам. Атаа жөтөө, хов жив, гүтгэлэг гүжирдлэг хэзээ ч сайныг дагуулдаггүй тул энэ “ах дүүс”-ээс аль болох холхон байхыг хичээ.
Сэтгэл, үйлдэл, зан араншинд хургасан сөрөг бүхнээс салахын тулд өөрийгөө ялж чадах итгэлийн дархлааг залуу хүн бүр өөртөө ургуулан төлжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө ялах нь ухаантай хүний утга учиртай үйлдэл. Гэхдээ дайраад ирсэн саар бүхнийг ялах гэж зовж байснаас тойроод гарах, ойртуулж хавьтуулахгүй байхыг хичээх нь илүү чухал шүү.

“Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъё хэмээн хичээгтүн.
Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээгтүн.
Амандаа чалчаа шалигийг бүү өгүүлье хэмээн хичээгтүн.
Санаандаа хортой сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээгтүн.
Энэ дөрвөн зүйл хичээлийг хичээн чадваас хэдий бурхан эс боловч сайн хүмүүн болох нь магад болой” хэмээн сударт өгүүлсэн нь бий.

No comments: