Friday, November 14, 2008

Өсөж хөгжихийн мөнхийн ундарга нь өөдрөг сэтгэл

Өөдлөн дэвжиж, өнгөтэй өөдтэй амьдрахыг хүсдэггүй хүн олон бий бил үү? Байхгүй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Гутранги үзлийн боол болчихсон арчаа муутайхан, маргаашийн гэрэл гэгээт амьдралын тухай бодохыг хүсдэггүй хүн мэр сэр байх. Тэд цөөхүүлээ. Монголчууд удмаараа өөдрөг хүмүүс.

Хавар байсан ч намар юм шиг, ховор байлаа ч элбэг юм шиг бодож чаддаг сэтгэлийн тэнхээтэй ард түмэн.



Өөдлөн дэвжих, өсөж хөгжих чин хүслийн мөнхийн ундарга нь өөдрөг сэтгэл юм. Өөдрөг сэтгэл бол ухаант хүн өөрийгөө гэрэл гэгээт ирээдүй өөд итгэл дүүрэн жолоодох дуусч дундаршгүй их хүч. Өөдрөгөөр сэтгэж амьдрах хүсэл зориг өглөө босоод гар нүүрээ угаадагтай адил хүний насан турш дагаж мөрдөх дадал хэвшил болох учиртай.

Алаг хорвоогийн түмэн зүйлийн өөдрөг гэгээтэй талыг харж явъя гэдэг зан араншинтай хүн байдаг, дандаа хар бараан руу нь харцаа тусгаж явдаг хүн ч тааралддаг. Юмны өөдрөг сайн талыг хардаг эгэл жирийн зөв хүн хар бараан руу харж явдаг, хар аргаар бэлжсэн баян чинээлэг, эрх мэдэлтэй хүнээс хавьгүй илүү үнэ цэнэтэй.

Ертөнцийн юмс үзэгдлийн өөдрөг гэгээтэй талыг харж, өөдрөг сэтгэлтэй байх хүмүүжил суртахууныг залуус бүхий л амьдралынхаа турш дагаж мөрдөх хэвшил заншлаа болгон тогтоогоосой гэж хүсэж зөвлөж байна. Энэ их чухал шүү. “Хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлд байдаг” гэж өмнө хэлсэн ишлэлээ давтая. Өөдрөг сэтгэлээ алдалгүй хичээж чармайж явах нь амжилт, аз жаргалд хүрэхийн баттай гишгүүр болж өгнө. Өөдрөг цайлган сэтгэлтэй, үнэнч шударга байх нь хүний амьдралын хамгийн гол баяр баясгалан. Өөртөө итгэх итгэл, эрчим чадал эндээс л төрж гардаг.

“Санаа заяа тэнцдэггүй, сахал хөмсөг нийлдэггүй” гэдэг болохоор хэчнээн өөдрөгөөр сэтгэн бодлоо ч бүх юм өөгүй тэгш, өөдрөг сайхан байж чадахгүй байх учир явдал хүний амьдралд тохиолдоно. Тухайлбал, зовлон бэрхшээлийг гэтлэн туулах шаардлага гарч болно. Энэ нөхцөлд аль болох шантрахгүй байх нь чухал. Хүссэн юмаа хөсөр хаяж, зорьсон юмаа зоргоор нь хаяж болохгүй гэдгийг дотор сэтгэлдээ бат хатуу тогтоож аваарай.

Тиймээс юу ч боллоо гэсэн өөдрөг үзлээ агшин хоромд ч алдаж гээж хэрхэвч болохгүй шүү. Өөдрөг үзэл, ирээдүйдээ итгэх итгэл хоёр ах дүүс юм. Ихэр хоёр ч гэж хэлж болно. Гэгээн гэрэлт ирээдүй, гэр хотлын тэгш дүүрэн амьдралд итгэн тэмүүлэх нь хүний зах хязгааргүй хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг. Ирээдүй гэдэг нь залуу хүний хувьд үл мэдэх, эс төсөөлөгдөх харанхуй битүү орон зай байх ёсгүй. Хаашаа, аль зүгт, юунд хүрэхээр зорьж яваагаа тодоос тод төсөөлж бай.

Юу хийхээ ч сайтар тооцоолсон байх учиртай. Түүнийгээ хэрхэн үйлдэхээ мэдэж байвал ирээдүй өөд хөтлөх зам тань бартаа саад, зовлон зүдүүр багатай байх нь эргэлзээгүй. “Маргааш галав юүлнэ гэж сонслоо ч өнөөдөр алимны мод суулга” гэсэн өөдрөг сэтгэлийн цогтой уриа, ирээдүйд итгэх итгэлийн цоглог дуудлага болсон энэ үгийг би залууст зориулан давтан хэлэх дуртай. Ирээдүйд заавал өөдлөн дэвжинэ, өнөөдрөөс маргааш зайлшгүй илүү сайн болно гэсэн хүсэл тэмүүлэл хүүхэд залуусыг мөнхөд дагуулах хөтөч нь болог.

“Өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах мартах” гэсэн өвөг дээдсийн гүн утгатай сургаалыг ой ухаандаа марталгүй бат тогтоож ав. Үүгээр өөдлөж байна уу, уруудаж байна уу гэдэг наад захын хяналтыг өөртөө тавьж заншвал чамд хэрэгтэй. Ер нь өдрийн явдлаа шөнөдөө бодож, маргаашийн явдлаа өнөөдөр бодож” сурах нь хүн бүрт хүнс хоол мэт хэрэгтэй үйл.

Ой модны өндөр намыг адилтгах аргагүй, арван хурууны урт богиныг тэгшлэх аргагүй болохоор хүн болгоны ирээдүйг адил тэгш байлгах боломжгүй. Гэхдээ тэнгэрлиг ирээдүй өөд халирч няцалгүй, гуйвалтгүй үнэнчээр тэмүүлж, түүндээ хүрэхийн төлөө цуцалтгүй үнэнчээр хичээн зүтгэвээс өглөгийн эзний сан хөмрөгөөс өгөөмөр баялгийн үр шимийг хангалттай хүртэнэ. “Тэнгэр бурхан баялгийг хүнд нь хайрлаагүй, харин хөдөлмөрт нь хайрласан юм” гэх цэцэн үг бий. Энэ нь хүмүүсийн амьдрал тэнгэр газар шиг ялгаатай байдгийн нэг тайлал бөгөөд тэнгэр бурхан хүний хичээл чармайлт, ажил хөдөлмөрийн үр дүнг үнэнээр хэмжсэний дараагаар түүнд нь таарч тохирсон баялгийг шударгаар хүртээдэг гэсэн үг юм.

Хүүхэд, залуус та нарын сурч мэдэх их хүслийн далайд дусал нэмэрлэж, сайн сайхан амьдрах мөрөөдлийн тэнгист цутгалан болох зорилгоор энэ бүхнийг ярьж байна. Аливаа үйлийг мэдэж байж хийдэг. Хэн ч бай ялгаагүй “мэдэхийн тулд биш, харин хийхийн тулд мэдэх хэрэгтэй”. Бүхнийг мэдэх хэт дэврүүн сэтгэлээр биеэ зовоогоод хэрэггүй, хэзээ ч амжилт олохгүй.

Бүхнийг мэдэх бардам хүсэлдээ хөтлөгдөн юм юмны зах зухаас сэглээд хаях нь “сүүдэртэйгээ уралдаад түрүүлдэггүйтэй” адил юм. Тэгээд ч “хэн ч бүхнийг мэдэж чадахгүй. Мэдэхгүй хэрнээ мэддэг дүр эсгэх нь ичгүүртэй”. Амьдралд хэрэг болох эрдмийг л нэн тэргүүнд мэдэхийг зорь. Ямар юм муухай вэ гэсэн асуултыг Ноён хутагт өөртөө тавьж “Үл мэдэгч муухай” гэж хариулсан байдаг. “Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас долоон дор” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй. Бас “их мэдэхийг бус гүнзгий мэдэхийг чармай” гэсэн мэргэдийн сургаал бий.

Даруу зан залуу хүний чимэг. “Таныг хэчнээн өндөр үнэлж байсан ч гэсэн би юу ч мэдэхгүй хүн гэж хэлж чадах зоригтой байхтун” гэж хэлсэн ухаантай бөгөөд даруухан эрхмийн үгийг та нарт дамжуулж байна. “Тун цөөхөн хүмүүс түүний дотор хамгийн гайхамшигтай хүмүүс л “мэдэхгүй байна” гэж илэн далангүй хэлж чаддаг” юм гэсэн.

Боломжийн сурсан, түүндээ эрддэг нэгэн оюутан “Дээд сургуульд сурах ёстой бүхнийг сурч эзэмшлээ” гэж бодоод анги даасан багшдаа баяртай гэж хэлэхээр иржээ. Тэгтэл багш нь “Би одоогоор мэдлэгийн эрдэнэсийн хайрцагт хүрэх хаалгыг олж харснаас ер хэтрээгүй” гэж хэлж бардам оюутны нүүрийг улайлгасан гэдэг. Авьяаслаг олон хүн бие тоох өвчинд нэрвэгдсэнээр гайхамшигт бүтээл туурвих тавилангаа хөсөр хаясан гунигт түүх цөөнгүй. Хэчнээн нүргээнт алдрыг хүртлээ ч даруу зангаа гээвэл тэр бүхэн чинь удаж төдөлгүй хөөс болон замхарна.

Жинхэнэ төлөв даруу гэдэг бол өөрийнхөө сайн талыг зөв зүйтэй, нэмж хачирлалгүй үнэлж цэгнэх явдал болохоос биш сайн талаа бүгдийг үгүйсгэх хэт даруу үйлдэл огт биш гэдгийг хэлэх ёстой. Агуу эрдэмтэн Ньютон хүртэл “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюуны асар их баялгаа энгийн даруухнаар үнэлэн өгүүлсэн байдаг. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдэг нь үнэн ажээ.

No comments: