Friday, November 14, 2008

“Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ”

Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билигтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий.

Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан.

Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билиг сургаал билээ.

Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг.

“Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа” гэж амжилтын оройд цойлсон эрхмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий. Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.

“Эрдэнэсийн арал”, “Хар сум” зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны “Би зовлон зүдүүр нөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар ч нөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна” гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж, бэрхшээлийг сөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай.

Суу билигт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг. “Зоригловол бүтнэ” гэх үг тэдний сэтгэлийн мөнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч “Эр чадал, илд эзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч, бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ” хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэл хадгалагджээ. “Агуу их хатан зориг гэдэг бол агуу их нинжин сэтгэл мөн” гэж Америкийн яруу найрагч Г.Лонгфелло шүлэглэсэн.

Бүтээлч хүнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хөмрөг нь далай мэт баялгаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгүй ээ. Суу билигт Шекспир “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж сургасны учир ийм ажээ.

Зүрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм бүтээх гэж хүсэж мөрөөдөж яваа эрмэлзэл тэмүүлэлд чинь чөдөр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа үйлийг хийхдээ мохошгүй туйлбартай, няцашгүй хатан зоригтой байж, ухааны чадлаа дүүрэн ашиглахыг хичээцгээ.

Манай залууст би чадах болов уу, дийлэх болов уу, бүтэх болов уу гэсэн болгоомжлол түгээмэл. Шийдэмгий зоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хүлээс нь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосоо няцах, чадвараа мохооход хүргэнэ. Болгоомжлох нь нэг талдаа сэтгэлгээний залхуурал мөн. Болгоомжлол гэдэг нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийн архаг хомсдол гэж үздэг хүмүүс байдаг. Болгоомжлол нь яв явсаар хүнийг зориггүй, туйлбаргүй болгох нь бий. Гэхдээ болгоомжлох нь бүхэлдээ муу зүйл биш ээ.

Эрүүл саруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтой хольж хутгаж, ад үзэж болохгүй. Эрүүл болгоомжлол нь ямар нэг шийдвэр гаргахдаа юмс үзэгдлийн наад цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомж эргэлзээ нь нинжин сэтгэл, зөн билиг, зөв мэдрэмжээс эх сурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээс сэрэмж сургамж болдог учир эрүүл болгоомж ач тустай.

Эрүүл болгоомжтой хүнийг хашир егзөр хүн гэж хүндлэн үгийг нь сонсож, зөвлөгөөг дагадаг нь монголчуудад эртнээс уламжлагдаж ирсэн хэв ёсны нэг мөн билээ. Залуучууд Та нар элдэв шийдвэр гаргахдаа эрүүл болгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэг болгоомжийг таягдан хаяж, зориг золбоотой хичээнгүйлэн шамд. Эмгэг болгоомжлол даамжирвал айдас хүйдэс рүү хөтөлнө.

Өөртөө итгэлгүй хүн л аймхай хулчгар байдаг. “Алив муу чанарын дотроос адгийнх нь айж хулчийх явдал мөн”. Хийвэл бүү ай гэдэг. Аймхайчуул хүчээ үзэх, чадал заах, туршиж оролдох, бүтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн үйл амьдралд хүн шиг оролцох нь байтугай олигтойхон тэнүүн амьсгалж чадахгүй болтлоо доройтдог. Тэд үргэлж санааширч, ёстой санаа нь сансарт сачий нь хатавчинд хэвтэнэ. Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийж чадахгүй, уруу доройхон, гутруу гундуухан насаа элээх болдог юм. Ийм дорой амьдралд өөрийгөө аваачиж хэрхэвч болохгүй.

Өөрийн хүчинд итгэл олох замд атаа жөтөө, эргэлзэл тээнэгэлзэл, болгоомжлол, айх сүрдэх зэрэг олон саад бэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааны үр, бусдын чадал эрдэмд хордож мөчөөрхсөн хуудуутай сэтгэл юм. “Атаа хорсол бол төмрийг идэх зэв” гэсэн үг бий. Атаа хорсол өөрөө гүтгэлэг, бусармаг явдал, гэмт хэргийн үүсгүүр. “Атаат хүн хэзээ ч баяр баясгаланг эдэлдэггүй”. Залуу хүн бусдын амжилтад атаархан жөтөөрхөх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Хүний сайн чанарыг олж харж тусган авч чаддаг, түүнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чин зүрхнээсээ эрмэлзэх бодолтой хүн өөрийн хүч чадалдаа итгэж, хийсэн бүтээсэндээ урамшиж, улам урагшлах зориг хүчийг олж авна.

Өөрийн сул талуудаа алхам алхмаар ялж сурах нь амжилтад хүрэх урт аяны замд чинь найдвартай унаа хөсөг болж өгнө. “Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрбээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй гэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө 10 цагаас орой 18 цаг хүртэл өөр ажил хийх шаардлагатайгаа учирлав.

Та өглөө 04-10 цаг хүртэл бүтэн зургаан цаг юу хийдэг вэ? гэж асуухад залуу зураач “Унтдаг” гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш, насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө 04-09 цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ. Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний 04-09 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалыг ёсчлон биелүүлж, сул талаа засаж залруулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг.

Залуус Та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Ийм дэглэмд суралцахын тулд зүтгэл оролдлого зайлшгүй чухал. “Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай.

Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүүлж байвал ер түүнээс хол гарахгүй. Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй” гэж хэлсэн зүтгэл оролдлогоо шахан дайчилж байж, хүн төрөлхтөнд давтагдашгүй бүтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хүний үгийг залуус Та бүхэн тусган авч, мөрдөөсэй гэсэн хүслээр дамжуулж байна. Зүтгэл оролдлоготойгоор хичээж чармайвал хэн ч хүсэж мөрөөдсөн том зорилгодоо хүрч чадна.

No comments: