Friday, November 14, 2008

Цаг бол алт

Цаг бол алт. Цаг хожвол бүхнийг хожно. Хайран цаг. Бага цагт ихийг амжуул. Цаг нартай уралдан. Энэ мэтчилэнгээр цаг тойрсон оновчтой хэллэгийн жагсаалтыг үргэлжлүүлбэл уртаас урт цуваа үүснэ. Цаганд алагчлал, ялгаварлал гэж байхгүй. Баян ядуу, дарга цэрэг, багш сурагч бүхэнд цаг нэг нүүртэй. Хамгийн шударга зүйл.

Тэнгэр бурхан бүх хүнд амьдралынх нь турш хоёр зүйлийг үнэгүй хайрласан. Нэг нь амьсгалах агаар, нөгөө нь ашиглах цаг. Харамсалтай нь ашиглах цаг хязгаартай. Бүх хүнд тэгш заяасан баялаг, өв хөрөнгө бол цаг. Цаг хэмээх ид шидтэнийг хэн цаламдаж өөрийн зоргоор зөв ашиглаж чаднав тэр азтан хүссэн зорьсондоо заавал хүрч чадна. Хэн цагийг дэмий нөхцөөж байнав, тэр өөрийн амьдралдаа санаатайгаар хор хүргэж байгаа аз муутан.

Би өмнө нь эрдмийг эрхэмлэх, түүнийг эзэмдэх шидэт түлхүүр болох хичээл зүтгэлийн талаар ярьсан. Одоо цагийг аль болох үр ашигтай ашиглах тухай ярьж эхэлснийг ойлгож байгаа байх аа. Хүүхэд залуучууд Та нарт бүгдэд чинь хүслийг хангагч чандмань эрдэнэ бэлэн заяасан байгаа. Энэ чандмань эрдэнэ - цагийг аль болох үр ашигтай ашиглаж сурах ур ухаан дотор байдаг юм. Цагийг үр ашигтай зарж сурвал эрдэм боловсролын гэрэлт оргил өөд цойлох шидэт хүлгийг эзэмдлээ гэсэн үг.

Нэгэн алдарт хэл шинжээч “Миний амжилтад хүрсэн нь гоц авьяас бус. Өдөр бүр өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх” гэж дурсан өгүүлсэн байдаг. Тэрээр амьдрахын тулд үйлдвэрт ажилчнаар ажиллах явцдаа эртний болон тухайн үеийнхээ 18 хэл, Европын хорин хоёр аман аялгууг төгс эзэмшсэн байсан гэнэ.

Мунхгийг агуу болгон хувиргахад ганц цаг ч болсон нөлөөтэй гэдэг. Монголчууд бид цаг ашиглах талдаа дийлэнх нь маруухан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бүх нийтээрээ цаг баримтлах гэдгийг бараг мэддэггүй байсан үе. Нийслэлд хүн ардыг алба амины аливаа ажилд цаг баримталдаг болгохын тулд 1924 оноос эхлэн ширмэн ууранд дарь авалцуулан хүчтэй дуу гаргаж үд дундын дохио өгдөг болсон түүх бий. Тэр үеийг бодвол одоо овоо болсон ч учир дутагдалтай хэвээр.

Намайг дунд сургуульд сурч байхад манай сургууль дотор “өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй” гэсэн томоос том бичигтэй лоозон дурайж байдаг байж билээ. Биднийг цаг ашиглуулж сургаж байсан багш нарын маань нэг арга байх. Ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ нэн чамбай, алдартай нэгэн байжээ. Амжилтынх нь нууц юунд байна гэж түүнээс асуухад “Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж бүү хойш тавь гэсэн сургаалийг хатуу чанга баримталж ирсэн төдий л юм” гэж маш энгийнээр тайлбарласан байдаг.

Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг гэдгийм. Цагийг үр ашиггүй өнгөрөөвөл оюун санаан дотор хогийн хорт ургамал дүүрдэг. Цаг дэмий нөхцөөдөг, юу ч боддоггүй толгой чөтгөр шулмын ажлын байр болно. Цагт гамгүй, залхуу хүн чөтгөр толгойгоо дэрлэх дэр нь болж өгдөг. Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно.

Би хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг байлаа. Нэг нь манай тэнд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй. Бий болгож болохгүй юу гэж асуулаа. Та нарт чөлөөт цаг гэж байх учиргүй гэж намайг хэлэхэд тэд гайхасхийгээд л өнгөрсөн. Нөхөгддөггүй хайран цагийг нөхцөөн үрж болохгүй гэж миний хэлснийг хожуу ч гэсэн тэд ойлгох болно. Цагтай уралдан суралц. Чөлөөт цагийн тухай бодож гиюүрч байснаас чөлөөгүй шамдан суралц.

Өнөөдөр дэмий үрсэн цагийг маргаашийн цагаар зээлдэж нөхье гэж хэн хэлж чадах вэ? Цаг үе маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь даяаршлын хаялга, үр дагавар биз. Хуучин дадал зуршил гэдэг амь бөхтэй наалданга царцанги зүйл. Хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор орж ирээд хойморт суучихдаг урилгагүй зочин бол хуучин дадал зуршил-өөрчлөлтийн чөдөр тушаа. Залуус шинэ цагийн боловсролд нэвтрэхийн зэрэгцээ цаг үеийнхээ өөрчлөлтөд хэзээд бэлэн байх ёстой. Ингэж байж цаг үеэсээ түрүүлдэггүй юм аа гэхэд хоцрохгүй мөр зэрэгцэн алхах болно. Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундартал сууж суралцсаны үрээр энэ бүхнийг хүн хийж чадна.

Алдарт Микеланжелогийн урланд нэгэн язгууртан ирж цээж баримлаа бүтээж өгөхийг хүсчээ. Тэрээр 10 хоногт баримлыг дуусгаж тавин шир- хэг алтан зоос төлнө үү гэлээ. Аравхан хоногт бүтээсэн баримал хэтэрхий үнэтэй байна гэж язгууртан ундууцав. Микеланжело хариуд нь Ноёнтон, та нэг зүйлийг мартагнаад байна уу даа. Цээж баримлыг аравхан хоногт бүтээдэг болох хүртлээ суралцахын тулд би гучин жил зарцуулсан юм шүү гэдгийг...” гэсэн гэдэг.

Өөрийнхөө болон өрөөл бусдын цагийг хайрлаж сурцгаая. Харамч бус өгөөмөр буянтан болж болно, гагцхүү цагийг харамлаж сур. Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болоод бусдын хайран цагийг үрнэ гэдэг дээд зэргийн бүдүүлэг үйлдэл гэдгийг үргэлж санаж явцгаа. Хүнтэй цаг тохирчихоод тэвчээрийг нь барагдтал хүлээлгэх нь хүнд суртлын хамгийн адгийн шинж, соёл боловсролгүйгээ бусдад харуулах хамгийн анхны дохио мөн.

Францын хувьсгалыг удирдсан улстөрч Мирабо гэдэг алдартай хүн байлаа. Тэрээр өөрийнхөө тухай “Миний амин хүчний ихэнх хэсэг залуу насанд минь үргүй зарагдсан юм даа” гэж халаглан харамссан байдаг. Монголын ирээдүй болох хүүхэд, залуус Та нар залуу насандаа эрдэм боловсролд шамдалгүй “амин хүчний ихэнх хэсгийг үргүй зарж”, цаг алдсан мунхаг үйлдлээ хожмын өдрөө ухаарч амаа барин гаслахгүйн тул одооноос дээд зэргээр хичээн шамдацгаахыг ой тоонд чинь хүргэхээр энэ бүхнийг ярилаа. Ухаан мэдтүгэй

No comments: