Friday, November 14, 2008

Сэтгэл ариун бол үйлс ариун

Түмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм. Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.

Зовлон шаналан миний буруу үйлээс үүдэн гарлаа хэмээн ойлгон бодох мэргэд тун ховор байдаг гэсэн. Харин ариун сэтгэлтэн бурууг бусдад тохохгүй өөрөөсөө эхлэн хайж, өрөөлийн зовлонг нимгэлдэг. Ариун сэтгэлтэн ойр тойрныхноо сэтгэлийн зовлонд унаган тарчлаадаггүй. Бусдын зовлонг өр зүрхнээсээ хуваалцах заяамал үүрэг түүнд ногдсон мэт бодож, үйлдэж явдаг юм. Далайн гүнийг хэмжиж болно. Ариун сэтгэлийн гүнийг хэмжих аргагүй, хязгааргүй уужуу уудам бөгөөд гүн гүнзгий билээ. Зэрлэг араатнаас илүү муу нөхрөөс айж яв. Яагаад гэвэл зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна. Сэтгэлийн шархыг анагааж эдгээх хэцүү.

Хүний баян хоосон нь хөрөнгөндөө биш дотоод сэтгэлдээ байдаг гэдэг. Дуусч дундаршгүй, элэгдэж хорогдохгүй хур баян хүн бол ариун сэтгэлтэн. Хүн биеийн хирээ байнга үрж, савандаж угаан цэвэрлэх мөртлөө сэтгэлийн буртгаа цэвэрлэхгүй хир дагандаа баригдан хүлэгдэн амьдрах нь туйлаас буруу. Ариун сэтгэлтэн дотор сэтгэлээ цаг үргэлж ариусган цэвэрлэж явдаг юм. Гар нь цэвэр мөртлөө сэтгэл нь бохир хүн байх. Гарын бохирыг угаахад амар, сэтгэлийн бохирыг цэвэрлэхэд хэцүү. Хүн болж хүй орчлонд төрснийх ариун сайхан байх учиртай сэтгэлээ адгийн муухай бөөгнөх хогийн сав шиг бузарлавал халаглаад барамгүй харамсал.

Хүнийг баярлуулбал өөрт баяр ирнэ. Сайн юм хэлэхэд муу гэж хүлээж авч байгаа бол тархи толгой чинь эргэж гүйцжээ гэж мэд. Тэр хэлж байгаа бол эсрэгээр нь хийнэ гэж бодох бодол чамайг эзэмдсэн бол үзэн ядах хорт сэтгэлдээ шатаж түлэгдэж яваагаа ухаар. Магадгүй тэр сайн санаж, хамгийн сайн хувилбарыг санал болгосон бол яахав? Хүний гэмийг олж харахыг битгий шимт. Хайж төнхөөд бүр хэрэггүй. Хүнээс хэрэгтэй ашигтай, ухаантай сургамжтай зүйлийг нь олж хар. Түүний хойноос хайж хөөцөлдөж олж мэдэхийг хичээ. Өнгөрч улирсан явдлыг үе үе битгий сөх. Ялангуяа сайн бус дурсамжийг сануулж хэлснээс сайн үр хүлээх хэрэггүй. Аньж ядан байгаа шархыг сэдрээн сэвтүүлэхээс цаашгүй. Сайхан дурсамжийг харин санаа нийлэн, сэтгэлээ уудлан ярилц. Урам сэргээсэн тэр яриа урдах замыг чинь засч, угтах ирээдүйг бүтээхэд ухаан бодол сэлбэж, урам зориг нэмнэ.

Ариун сэтгэлтэн муу муухай, нүгэлт үйлийг үйлдэх нь бүү хэл бодол санаанд нь байхгүй учир хэлэх ярих нь ч ариун цагаан. Тэд амандаа чалчаа шалигийг үл өгүүлнэ. Сэтгэл дэнслүүлэх сэрэмжгүй үгийг хаана ч хэлэхгүй. Хараалын бузар үг хэлж, гүтгэлэг гөрдлөг хийх нь байтугай хэл ярианы санд нь ийм зүйл байхгүй. Хэл яриа нь ариун хүн голд нь ортол гомдох хилс бөгөөд хэлтгий үгийг хэзээ ч, хаана ч цухуйлгахгүй. Үг хэл нь ариун хүн шалдир булдир яриа хөөрөөнд ажин түжин. Үг сөрж хэрэлдэхгүй, үг өөнтөглөн сөргөлдөхгүй. Хэлэх ярих нь дөлгөөн, хэн ч сонссон бахархам.

Ам хэлээ ариун байлгахыг хичээ. Зусар бялдуучийн үгнээс зайлж хол яв. “Бялдууч хүний хэлэнд нь бал, сэтгэлд нь хор байдаг” юм. Залуус та нарын сэтгэл үг хэл ариун бол баясгалан жаргалан байнга дагалдана гэдэгт баттай итгэж болно. Сайныг бодож, сайхныг хүсдэг хүнийг саруул ирээдүй угтан тосно. Бодол хүсэл нь бохирдсон хүн болохгүй, бүтэхгүйтэй зууралдана. Бодол хүсэл нь ариун хүн нүгэл хилэнцийн түйтгэрээс холдон зайлж, буян хишгийг хураан, бусдын хүндлэлийг хүлээнэ. Бодол хүсэл нь ариун хүн мууд бэлэн ч сайнд найдаж явдаг юм. Бусдыг өөрийнхөө эсрэг муу хэрэг бүү үйлдээсэй гэж хүсвэл бусдын эсрэг муу зүйл бүү хий. Өөдрөг итгэлтэй хүн өсөж өндийж, өөдлөн дэвжинэ. “Хүчирхгийг давж, бэрхийг гэтэлж байж хүн өсөж өндийдөг”.

Ариун итгэл–амжилтын угтал. Болно, бүтнэ гэсэн ариун итгэлээр жигүүрлэн байж зорьсон зорилгодоо зовлон багатай хүрч очно. Ариун итгэл гэдэг нь хар санаагүй, гэгээн тунгалаг итгэл. Ариун итгэл нь хор шингээгүй цэвэр тунгаамал итгэл. “Гайхахад ганц хором хэрэгтэй. Гайхах зүйлийг бүтээхэд олон жил хэрэгтэй” ч бусдад хоргүй, өөрт халгүй ариун итгэлээр зориглон зүтгэвээс гайхамшгийг ч бүтээж болно. “Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана” гэдэг. Атаа жөтөөгүй, хар хоргүй ариун итгэлийг хичээл зүтгэлтэй холбож чадвал хийх гэснээ төвөггүй хийж, хүрэх гэсэндээ түүртэлгүй хүрнэ.

Идээ ундаа ариун байх нь эрүүл явахын үндэс. Хоргүй сэтгэл, хорсолгүй үйлдлээр бүтсэн идээ ундаа ариун байна. Ариун бусыг хэрэглэсэн алдааныхаа төлөө асар өндөр үнэ төлнө. Гай аюул, хор уршиг, аймшиг айдас, нажид зовлонгийн хаанчлалыг тогтоохгүйн үүднээс бид ариун идээ ундааг дээдлэх ёстой. Бусдад буруу санахгүй, хүнд мууг үйлдэхгүй, хов жив хорон үгс ярьдаггүй, атгаг санаж мөчөөрхдөггүй, ажил үйл нь зөв хүний заяа тавилан нь ариун билээ. “Хүн бол ургамалархуу л юм, эсвэл ургана, эсвэл хагдарна. Гурав дахь зам гэж өгөгдсөнгүй” хэмээн орчин цагийн их сэтгэгчдийн нэг нь хэлсэн байна. Хүн ургамал адил хагдрахгүй, ургаж цэцэглэж байхын тулд бодол санаа, үйл ажил, үйлдэл хөдлөл бүхнээ зөв авч явах хэрэгтэй ажээ.

Цэвэр яваа хүн цээж тэнэгэр алхана. Бодол санаа, хэл яриа, хийж байгаа ажил, хэрэг явдал бүхнээ бусдын төлөө, гэрэл гэгээт маргаашийн төлөө зориулж байгаа хүний үйлс ариун байна. Хатаж ширгэсэн тойрмыг шувууд хаян орхиж, хагдарч хатсан цэцгийг зөгий орхин нисч, шатаж байгаа ойгоос ан араатан зугтан холддогийн адил ариун бус бүхнээс алслан холдох учиртай, бид.
Сэтгэл ариун, үг яриа нь ариун, бодол хүсэл нь ариун, итгэл ариун хүний үйлс ариун, зам мөр нь цагаан, заяа тавилан өөдөө байна гэдэгт та бүхэн итгэж найдаж яваасай гэж хүснэ.

No comments: