Sunday, June 24, 2012

1. Өөрийгөө хянах чадвар: Энэ юу вэ: Больмоор байсан ч, өөрийнхөө зорилгын төлөө өөрийгөө дайчлах. Яагаад энэ чухал гэж: Өөрийгөө хянах, удирдах чадвар нь чамайг хэцүү сонголтыг (фитнесс клуб луу явах) өөрийнхөө хүсч байгаа амархан биелэгдэх сонголтоор (нойр) солихоос сэргийлж чадна. Саяхны судалгаагаар өөрийгөө дайчилж, “шахаж” чаддаг их сургуулийн оюутнууд илүү онц сурахаас гадна, ядаргаа, уур бухимдлын хэмжээгээрээ ч бага байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн тэд бусдаасаа илүү өөртөө итгэх итгэлтэй байжээ. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Өөрийнхөө өмнө тавьж байгаа том зорилгынхоо талаар бусдад ярь, тэмдэглэл хөтөл. Энэ зорилго чинь чамд хичнээн чухал болох тухай эргэцүүл, өөрийгөө урамшуул. Чиний толгойнд хүсэл тэмүүллийн чинь үнэ цэнэ хэдий чинээ тод байна, төдий чинээ чи автоматаар зөв үйлдлийг хийх болно. Судалгаанаас үзэхэд нэг зүйл дээр өөрийгөө дайчилж чадсан хүн (жишээ нь дасгал хийх, шалгалтанд бэлдэх), дараа нь өөр юун дээр ч болов хүчтэй байж чаддаг аж. 2. Хатуужил: Энэ юу вэ: Хатуу сорилтуудыг үл анзааран, зорьсон зүйлийнхээ хойноос тууштай явах чанар Яагаад энэ чухал вэ: Том зорилтыг “том” гэдгийг ухамсарлахад багагүй хөдөлмөр шаардана. Банкны мэргэжилтнүүдээс авахуулаад урлагийн салбарт тодорч яваа хүмүүсийн амьдралын түүхийг судлахад тэд бүгд өөрийгөө байнга сорьж, тэсвэр хатуужлаа нэмсээр явдаг нь тогтоогджээ. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Жижиг зорилтуудаас илүүтэй өөрийнхөө өмнө удаан хугацаанд биелэх том зорилт тавьж түүнийхээ төлөө тэмцээд үз. Чадахгүй гэж боддог байсан зүйлсээ чадах гэж мэрий. Ямарваа нэг зүйлийг бүрэн хийхэд цаг хугацаа болоод урам зориг их шаарддаг. Тиймээс хэрэв чи хатуужилтай болохыг хүсч байвал, өөрийнхөө хийдэг зүйлийг өдөр бүр илүү чадвар шаардсан, хэцүү ажил болгож сорьж байх хэрэгтэй. 3. Сониуч зан: Энэ юу вэ: Арай өөрийг, арай шинийг эрэлхийлэх хүсэл Яагаад энэ чухал вэ: Сониуч хүмүүс амьдралаас илүү их таашаал, сэтгэл ханамж авч чаддаг. Учир нь тэд сэтгэл хөдлөлөө ажил хэрэг, зорилго болгож “хөрвүүлж” чаддаг юм. Ямарваа асуудлыг шийдэх өөр, хялбар, шинэлэг гарцыг олох чадвар зөвхөн сониуч хүмүүст бий. Хэдийгээр үүнийг төрөлхийн араншин гэж үздэг ч, хөгжүүлж болох чанаруудын нэг юм. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Бид ихэвчлэн ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг болмогцоо цааш хөгжихийг эрмэлзэхээ больчихдог. Тиймээс урьд нь мянган удаа хийж байсан зүйлээ, маргааш арай өөрөөр хийх гээд үзээрэй. Их энгийн жижигхэн зүйл байсан ч болно. Өглөө бүр хайртыгаа нэг л янзаар сэрээдэг байсан бол, маргааш өөрөөр сэрээх гээд үз. Өдөр бүр нэг л замаар явдаг бол маргааш өөр замаар яв. Хорвоо дэлхийд ямар нэг зүйлийг хийх цор ганц арга гэж байдаггүй, сониучирхавал хоёр дох, гурав дах аргуудыг нээх болно. 4. Өөдрөг чанар: Энэ юу вэ: Тун удахгүй хамгийн сайхан зүйлс тохиолдоно гэдэгт бат итгэлтэй байх чанар Яагаад энэ чухал вэ: “Санаа нь сохор бол нүд нь сохор” гэдэг хэлц бий. Хэрэв чи оюун санаандаа сайхан зүйл болно гэдэгт итгэлтэй байвал, гарч ирж байгаа боломжуудыг олж харах магадлал чинь өснө. Өөдрөг хүмүүс илүү хурдан, боломжийн ажилд орж, өөдрөг хүмүүс унасан ч хурдан сэргэдэг амьдралын жишээ бид олныг мэднэ. Аз жаргал ойрхон байгаа гэдэгт итгэдэг хүмүүс түүнд бэлтгэлтэй байдаг. Дээрээс нь аз унаад ирэхэд аль хэдийн алгаа тосоод зогсчихсон байсан хүмүүс л түүнийг барьж авч чадна. Харин аз байдаг гэдэгт итгэлгүй, гараа хумиад зогсож байсан хүмүүс хэзээ ч хүссэнээ олж авахгүй. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Өдөр бүр амьдралд чинь болсон гурван сайхан зүйлийн тухай бодож бай. Тэгээд тэр гурвыг биелэхэд юу нөлөөлсөн талаар ч бас бодоорой. Жишээ нь өнөөдөр цалин чинь нэмэгдсэн, яагаад гэвэл чи хичээнгүйлэн ажилласан тухай, эсвэл өнөөдөр чи ажлынхаа залууг хоолоор дайлсан, учир нь тэр чамд олон удаа тус хүргэж байсан тухай бодож болно. Ингэснээр өөрийнхөө амьдралд анзааралгүй өнгөрөөдөг аз жаргалуудаа олж мэдэрнэ. 5. Хайрлах: Энэ юу вэ: Бусдыг халамжлах, бусдын төлөө сэтгэл зовох, нандигнах, халуун дулаан сэтгэл Яагаад энэ чухал вэ: Хайрлаж чаддаггүй хүн байдаг юм уу? гэж чи бодож магадгүй. Гэвч хайраа илэрхийлж чаддаггүй хүмүүс хайрладаггүйгээс өөрцгүй. Найзтайгаа цуг туулсан нэг км зам ганцаараа явснаас илүү хурдан дуусдаг. Үүнтэй адилаар амьдралын аливаа бэрхшээл саадын өмнө хайртай хүмүүстэйгээ хамт байгаа хүн хүчин мөхөсдөх нь бага байдаг. Заавал цуг байхдаа ч чухал биш, хайртай хүмүүсийнхээ тухай бодоод алхах үед ч хол замыг хормын төдийд туулдаг юм. Хайр хүнд хүч өгдөг гэсэн үг. Яаж үүнийг хөгжүүлэх вэ: Амьдралын эцсийн буудал дээр очсон үедээ хүн юунд хамгийн их харамсдаг вэ? Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөгөөгүйдээ. Тиймээс найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүсийнхээ зөвхөн зовлонтой үед нь биш, сайхан үеийг нь ч бас хуваалцаж байхыг хичээ. Энэ бол жаргалыг түгээж, жаргалыг хүртэх зам. 6. Бусдыг мэдрэх чадвар: Энэ юу вэ: Бусдын чангаар хэлж чадахгүй байгаа зүйлийг мэдэрч, ойлгох Яагаад энэ чухал вэ: Ядаргаатай дарга, ширүүхэн маргаантай нүүр тулах үедээ эсвэл хэн нэг чиний таньдаг хүн гэнэт дуугаа хураах юм уу, ойлгомжгүй үйлдэл гаргах үед тэдний дотор юу болоод байгааг таньж мэдэх гэж оролдох нь өдөр тутмын чинь амьдралыг илүү утга учиртай болгоно гэдэгт итгээрэй. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Даргынхаа, хамтра ажиллагчийнхаа, эгчийнхээ, найзынхаа дотроо бодож байгаа ч илэрхийлж чадахгүй байгаа зүйл нь юу болохыг бодож олох гэж хичээ. Хэрвээ чиний таамаглал зөв гэж бодож байвал, яг тэр тухай нь тэдэнтэй ярилцах гээд үз. Өөрийг нь хэн хүнээс илүү ойлгож байгаа чамайг хараад тэд тун их баярлах болно. Бусдад санаа тавьдаг болоход сургадаг энэ чанар чамайг хүний яг сонсохыг хүссэн үгийг хэлдэг, хүссэн үйлдлийг хийдэг болоход тусална. Найз бүсгүй чинь чам руу чангаар хашгирмагц эргүүлээд уурлахаасаа өмнө сүүлийн үед түүний амьдралд ямар өөрчлөлтүүд гарсныг бодож үз. Өнгөн талаас нь биш, түүний зүрх сэтгэлийн оронд өөрийгөө тавь. 7. Талархах: Энэ юу вэ: Өөртөө болон бусдад, энэ хорвоо ертөнцөд байгаа сайхан бүхнийг талархалтайгаар хүлээж авах Яагаад энэ чухал вэ: Бид өдөр тутам баярлалаа гэдэг үгийг автоматаар тоолж барамгүй олон удаа хэлдэг. Гэхдээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа үргэлж илэрхийлж байх нь бусдад болон өөртөө жаргалыг авчрах арга юм. Хэн нэгний хувьд чухал үйл хийсэн гэдгээ мэдрэх сайхан биш гэж үү? Заавал ямар нэг үйлдэлд ч биш өөр юунд ч талархаж болно. Хоол идэж байгаадаа, дуу сонсож байгаадаа, эсвэл зүгээр л амьд байгаадаа... Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: “Баярлалаа” гэдэг үгээ дэлгэрүүлж хэл. Найз залуудаа “Миний нохойг салхилуулсанд баярлалаа. Тэгээгүй бол би хоцрох байлаа” гэж хэл. Хүүхэддээ “Ээждээ цай аягалж авчирсанд баярлалаа. Яг цай уумаар санагдаад байсан юм” гэж хэл. Ингэвэл чи бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна, талархасан сэтгэлээ илүү гүнээр мэдэрнэ. 8. Амьдралын тэмүүлэл: Энэ юу вэ: Амьдралыг эрч хүч, урам зориг, баяр баясгалан, тэмүүлэлтэйгээр туулах Яагаад энэ чухал вэ: Урам зоригтой хүмүүс ямар ч ажлыг өөртөө сайхан зүйл өгнө гэж бодож хийдэг. Тиймээс тэдэнд очих шагнал нь ч өндөр байдаг аж. Өдөр хоногийг зүгээр л нөхцөөдөг хүмүүс хэзээ ч өөрийн хийсэн зүйлийнхээ шанг бүтнээр нь хүртэхгүй. Учир нь тэд аливааг үргэлж аргацаадаг. Яаж энэ чадвараа хөгжүүлэх вэ: Зарим хүмүүс цаанаасаа л амьдрах эрч хүчтэй байдаг. Гэхдээ тэднийг ийм байхад эрүүл мэнд, бусдад гаргадаг зан ааш, урдаа тавьсан зорилго нөлөөлдөг байна. Өөрийнхөө амьдралыг өөрөө зугаатай болгодог хүмүүс юу ч хийсэн таашаал авч чаддаг. Урам зориг халдвартай. Тиймээс хэрэв өөрөө тийм болъё гэж бодож байвал, идэвхтэй, сонирхолтой, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлүүл. Source: Goolingoo.mn

No comments: