Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину... Р.Чойном
Thursday, May 17, 2012
Минамата өвчний талаар мэдвэл зохих 10 зүйл
Manaid suuliin ued mungun us-iig ih zambaraagui hereglej baigaa, bodvol yamar ih hor urshigtaig sain uhaarahgui baigaan bolov uu?
Enehuu niitleliig unshaad uzeerei!!!
1. Минаматагийн өвчин гэж ямар өвчин юм бэ?
Минаматагийн өвчин Минаматагийн эрэгт хаясан үйлдвэрийн хаягдал метил мөнгөн aгуулсан усаар бохирдсон загас, хавч, дун, хясаа зэрэг далайн амьтдыг хүмүүс их хэмжээгээр идсэнээс болж үүссэн. Минаматагийн өвчин бол халдварт юмуу удамшлын өвчин биш юм. Энэ өвчнийг 1956 онд албан ёсоор илрүүлж 1968 онд Японы Засгийн газар үүнд Чиссо ХХК гэм буруутай болохыг зарласан.
Хүнийн биед орсон метил мөнгөнус гол нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Гар хөлийн мэдээ алдах, сулрах, ядрах, чих шуугих, харааны талбай нарийсах, сонсгол алдагдах, хэл яриа тод биш болох, хөдөлгөөний эвсэл алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Минаматагийн өвчний эхэн үед хүнд өвчилсөн зарим хүн мэдрэлээ алдан ухаангүй болж өвчилснөөс хойш нэг сарын дотор нас барж байв.
Архаг Минаматагийн өвчинтэй хүмүүсийн толгой өвдөх, байнга ядрах, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах, мартамхай болох зэрэг илэрхий ажиглагдахгүй боловч хүний өдөр тутмын амьдралд төвөг учруулдаг шинжүүд илэрдэг. Түүнчлэн ураг эхийнхээ хэвлийд байхад эх нь бохирдсон загас идсэнээс болж метил мөнгөнусны хордлогонд орж төрөлхийн Минаматагийн өвчинтэй төрсөн тохиолдлууд байдаг. Минаматагийн өвчнийг эмчлэх аргыг олоогүй байгаа тул шинж тэмдэгийн эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ төдийгөөр хязгаарлагдаж байгаа. Минаматагийн өвчин хүний бие махбодид гэмтэл учруулахаас гадна үүнээс болж ялгаварлан гадуурхагдах зэрэг нийгмийн хор уршиг бас бий.
2. Органик мөнгөнус гэж ямар бодис вэ?
Хүн төрөлхтөн маш эртнээс мөнгөнус хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд тухайлбал Нара хот дахь Их Будда бурханыг алтдахад (1709) мөнгөнус хэрэглэсэн мөн Эдогийн үед (1615-1867) эм ба нүүрний энгэсэгт мөнгөус хэрэглэдэг байсан нь тодорхой болсон. Японд нэрэнд нь “Нью” гэдэг үг орсон газрууд мөнгөнус үйлдвэрлэж, хэрэглэж байсан газрууд байдаг.
Мөнгөнусыг органик биш ба органик гэж ангилдаг. Металл мөнгөнусыг органик биш мөнгөнус гэж үздэг ба флюоресцентийн гэрэл, батарей, термометр зэрэг хэрэглээний зүйлс үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Минаматагийн өвчний үүсгэгч метил мөнгөнус нь органик мөнгөнусын нэг төрөл юм. Энэ нь цагаан өнгөтэй нунтагархуу бодис бөгөөд халуун рашааны хүхэр шиг үнэртэй. Ходоод гэдэс болон дотор эрхтэнд амархан шингэж цусаар дамжин тархи, элэг, бөөр тэр бүү хэл урагт хүрдэг. Метил мөнгөнус их хортой, маш их уршиг тарьдаг бодис юм.
3. Минаматагийн өвчнөөр хэдэн хүн өвчилсөн бэ?
1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Кумамото болон Кагошима мужийн 17 мянга гаруй хүн Минаматагийн өвчнөөр өвчилсөн тухай тодорхойлолт авах хүсэлтээ гаргасан. Засгийн газар тэднээс 2262 хүнд (1246 нь нас барсан) тодорхойлолт өгсөн. 1997 оны 8 дугаар сард 10353 хүнд Минаматагийн өвчнөөр өвчилсөн тухай тодорхойлолт өгч Засгийн газраас санал болгосон тусламж аваагүй өвчтөнүүдэд зориулсан “Эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөө”-ний дагуу нэг удаагийн нөхөн төлбөр олгосон. Иймд албан ёсоор 12615 хүн органик мөнгөнусны хордлого авсан гэсэн үг юм.
Гэвч Минаматагийн өвчнийг албан ёсоор илрүүлэхээс өмнө нас барсан, илрүүлсний дараа өвчнөө албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх буюу эмнэлгийн тусламж авах өргөдлөө гаргаж амжилгүй нас барсан хүмүүс бий. Цаашилбал өөр янз бүрийн шалтгаанаар өргөдөл гаргаагүй хүмүүс байгаа тул нийт өвчилсөн хүмүүсийн тоог яг тодорхой мэдэх боломжгүй юм.
Өвчин зөвхөн Минаматагийн районд гараагүй. 1964 онд Нийгата мужийн Агано голын дагуу Шова денко корпораци мөнгөнус хаяснаас болж тэнд Минаматагийн өвчин гарсан. Үйлдвэрүүдийн хаягдал мөнгөнуснаас хордлого болж хүний эрүүл мэнд хохирсон тохиолдол Хятад, Канад улсуудад гарсан тухай тайлан бий. Сүүлийн үед Амазон, Танзанийн гол, нуурууд мөнгөнусаар бохирдсоноос эрүүл мэндийн ноцтой асуудал үүссэн.
4. Чиссо гэж ямар компани байсан бэ?
Чиссо компани Мейжигийн төгсгөл үед 1908 усан цахилгаан станцийн компаниар гараагаа эхэлсэн. Цахилгаанаа ашиглан карбидийн үйлдвэр байгуулж түүнээсээ өмнө химийн бордоо үйлдвэрлэгч Японы хамгийн том химийн компаниудын нэг байв.
Чиссо компани өргөжихийн хэрээр Минамата ч бас өргөжин тэлж байлаа. Минаматагийн хүн ам өсч, Кумамото мужийн тэргүүлэх аж үйлдвэрийн хотуудын нэг болсон байв. Үйлдвэрийн дарга асан нь мужийн захирагч болж бус нутагт Чиссогийн нөлөө ихсэж, иргэд улам бүр Чиссогоос хамааралтай болж байв.
Чиссо химийн бордоо үйлдвэрлэхийн зэрэгцээ цууны хүчил, винил хлорид болон өөрийнхөө үйлдвэрлэлд хэрэгтэй хуванцаржуулагчдыг үйлдвэрлэж байв. Чиссо дайны дараах Японы эдийн засгийн огцом өсөлтийг бүрдүүлж байсан компаниудын нэг юм.
Тайшогийн үеээс эхлэн (1912-1926) Чиссогийн үйлдвэрийн хаягдал усаар далайн ус бохирдох асуудал үе үе үүсч байв. Гэвч компани 1932 оноос 1968 он хүртэл ацетальдегид үйлдвэрлэхдээ органик биш мөнгөнусыг катализатор болгон ашигласаар байв. Ацетальдегидийг цууны хүчил, винил хлорид үйдвэрлэхдээ ашиглаж үйлдвэрлэлийн явцад үүсэн хажуугийн бүтээгдэхүүн болох метил мөнгөнусыг 1966 он хүртэл үндсэндээ ямарч зөвшөөрөлгүйгээр далайд хаяж байв.
Чиссо үйлдвэрийнх нь хаягдал ус Минаматагийн өвчний шалтгаан болж байгааг мэдсэн хойноо ч гэсэн энэ ажиллагаагаа зогсоогоогүй. Минаматагийн өвчний анхны шүүх хурлын үеэр тэдний энэ үл ойшоосон хайхрамжгүй байдлыг хатуу шүүмжилж байв.
5. Чиссогийн өнөөгийн байдал ямар байгаа вэ?
Чиссо ХХК-ийн төв Токио хотод, гурван үйлдвэр нь Минамата болон Чиба, Окаяама мужуудад байдаг. Чиссо Минамата үйлдвэр нь шингэн кристалл, презервант буюу хадгалалтын бодисууд, хаталтын эсрэг бодисууд, цахилгаан эрчлээст утас (ES fibers), химийн бордоо г.м. голлон үйлдвэрлэдэг. Минаматагийн үйлдвэрт 200 (2000 оны 9 сарын байдлаар) 700 гаруй хүн ажилладаг, одоо ч гэсэн Минаматагийн чухал компаниудын нэг юм.
Чиссо их хэмжээний нөхөн төлбөр төлөх өртэй. 1975 оноос Чиссогийн санхүүгийн байдал муудаж эхэлсэн. Нөхөн төлбөрөө төлөх чадваргүй болох аюултай байсан тул муж ба улсын Засгийн газар 1978 оноос эхлэн мужийн бонд гаргаж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мужийн бондоос 1997 оны 3 дугаар сар гэхэд 321.8 тэрбум иен гаргасан ба Чиссо 244.6 тэрбум иенийг Кумамото мужид эргүүлэн төлсөн.
6. Минаматагийн эрэг ямар болсон бэ?
Минаматагийн эргийн шаар тунадаст мөнгөнусны концентраци 25 с.о.х-аас (саяд оногдох хувь/ррм) хэтэрсэн байсан ба эргийн талд нь хиймэл газар барих, талыг нь тор татаж цэвэрлэх 48.5 тэрбум иений өртөгтэй ажлыг 14 жилийн турш хийж асуудлыг шийдвэрлэсэн. Бүх зардлыг Кумамото мужийн захиргаа хариуцсан. Энэ ажлын үр дүнд Минаматагийн эргийн зарим хэсэг нь 58 га хиймэл газар болж хувирсан. Минамата эргийн усны чанар сайжирч Кумамото мужийн хамгийн тунгалаг, цэвэр усны нэг болсон тул хүмүүс усанд сэлэх, тоглоход санаа зовох зүйлгүй болсон. Бохирдсон загас тархахаас сэргийлэх, мужийн иргэдэд баталгаа өгөхийн тулд 1974 онд мужаас эргийн аманд таславч торнууд байрлуулж мужийн загасчдын хоршоотой эргийн орчимд загасчлах хамтын ажиллагааны тохиролцоо хийсэн. Тэдний барьсан загасыг Чиссо худалдан авч устгал хийдэг болсон.
Минаматагийн эргийн загас, хавч, дун, хясаан дахь мөнгөнусны хуримтлал 1968 онд Чиссо компани ацетальдегид үйлдвэрлэхээ больсноос хойш буурсаар байгаа. Кумамотогийн Засгийн газраас 1994 оны 6 дугаар сард хийсэн судалгааны дүнгээр улсын стандартаас хэтэрсэн хэмжээний (нийт мөнгөнус 0.4 с.о.х, метил мөнгөнус 0.3 с.о.х.) мөнгөнус агуулсан ямар ч төрлийн загас байхгүй болох нь тодорхойлогдсон. Иймд Кумамотогийн Засгийн газар Минаматагийн эргийг 1997 оны 7 дугаар сард аюулгүй бүс гэж зарлан 9 дүгээр сард нь таславч торуудыг хураасан. Одоо Минаматагийн эргийн загас, хавч, дун, хясаа г.м. нь эргээс гадна газруудынхтай нэгэн адил аюулгүй болсон.
Таславч торыг хурааснаас хойшхи гурван жилд загас, хясаа, дун, хавч г.м. дэхь мөнгөнусны агууламжийг жилд хоёр удаа шинжилж байв. Ийм өргөн хүрээнд байгаль орчноо сүйтгэж, иргэдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан явдлыг туулж өнгөрүүлсэн Минаматагийн тэнгисийн талаарх мэдээллийг дэлхий дахинд түгээж үүнээс сургамж авч их зүйл бүтээхийг чухалчилав. Үүний тулд удаан хугацаанд ажиглалт хийх хэрэгтэй юм.
7. Өвчтнүүдэд ямар нөхөн төлбөр олгосон бэ?
Зургийн тайлбар: 1996 онд өвчтнүүдийн холбоо ба Чиссогийн хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж буй нь.
Шүүх 1973 оны 3 дугаар сард Минаматагийн өвчний шүүх хурлын шийдвэр гаргасны дараа өвчтнүүд ба Чиссо шууд хэлэлцээрүүд хийж эхэлсний үндсэн дээр 1973 оны 7 дугаар сард нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар тодорхойлолт авсан өвчтнүүдэд 16-18 сая иений нэг удаагийн тайвшруулах нөхөн төлбөр төлсөн. Түүнчлэн жил бүрийн төлбөр, эмчилгээний зардал, асаргаа сувилгааны зардал, оршуулгын зардал, халуун рашааны эмчилгээний зардал болон зүү, төөнүүрийн зардлыг төлсөн. Мөн Чиссо эргэлтийн сан байгуулж түүнээс өвчтнүүдийн живх, гэрийн асаргаа, гашуудлын бэлэг, массаж эмжилгээ, эмнэлэгт ирж буцах унааны зардлыг төлж байв.
Цаашилбал тодорхойлолт авах хүсэлт гаргаагүй ч гэсэн дөрвөн мөч нь дөрвүүлээ мэдээ алдах, их хэмжээний загас, хавч, дун, хясаа идсэн г.м. тодорхой нөхцөлүүдийг хангасан хүмүүст Кумамото муж Минаматагийн өвчнийг эмчлэх төслөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй эмчилгээний төлбөр болон бусад эмчилгээний зардлыг \сард 16-22 мянган иен\ төлсөн.
Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөөнд үндэслэн метил мөнгөнусаар хордсоныг илтгэх тодорхой нөхцлүүдийг хангасан хүмүүс \Минаматагийн өвчнөөр өвдсөн тодорхойлолт бүхий хүмүүсээс бусад\ нэмэлт нөхөн төлбөр авахгүй гэж Чиссотой тохиролцсоны үндсэн дээр 2.6 тэрбум иений нөхөн төлбөр авсан \нас барсан өвчтнүүдийг оруулаад\.
8. Өвчтнүүд юу хүссэн бэ?
Минаматагийн өвчин гарснаас хойш дөч гаруй жил өнгөрчээ. Минаматагийн өвчин туссан хүмүүст энэ дөчин жил хүнд бэрх, маргаан тэмцлийн жилүүд байв. Өвчтнүүд шүүх ажиллагаа, хэлэлцээрүүдийн үед муж улсын удирдлага, Чиссог Минаматагийн өвчнийг үүсгэж, өвчтнүүдэд туслахгүй байсныхаа төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг шаардаж байв. Мөн өвчлөгчдийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, яаралтай засах арга хэмжээ авахыг шаардаж байв. Тэд энэ бүх хугацаанд орон нутгийнхаа нийгмээс тусгаарлагдах бус хүнийн хувьд, Минаматагийн иргэнийн хувьд зүй ёсоор хандаж байхад хамгийн их анхаарал хандуулахыг хүсч тэмцсэн юм.
Минаматагийн өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй. Ихэнхи өвчтөн өдөр бүр эмнэлэг явж шинж тэмдэгийн ба нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Өвчтнүүдийн нас ахихын хэрээр эмнэлэгт хэвтэх юмуу гэртээ эмнэлгийн тусламж авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Наслалт эрчимтэй явагдаж байгаа нийгэмд өвчтнүүд хүмүүсийн дунд санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсч түүнийг нь Минаматад бүх нийтээрээ анхаарч үздэг юм.
Биеэ хөдөлгөж чадаж байгаа хүмүүс нь чадах хэмжээндээ хөдөлгөж байгаа гэдгийг хэлэхэд илүүц биз. Газар тариалан, загасны аж ахуй эрхлэх нь хүнд хөдөлмөрт тооцогддог боловч өвчтнүүд нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ажилладаг. Зарим өвчтөн компани \конторт\ ажилладаг. Өвчтнүүд шинж тэмдэгтэйгээ амьдарч сурсан. Гэвч Минаматагийн өвчний талаар эргэлзээ сэжиг, буруу ойлголт байсаар л байна. Зарим өвчтөн гэр бүр төрөл садандаа хүртэл Минаматагийн өвчтэй гэдгээ хэлж чадахгүй байх тохиолдол байсаар байна. Зарим хүмүүс Минаматагийн өвчин дахин хэзээ ч бүү давтагдаасай гэсэндээ туршлагаа бусдад ярих, залуу үеийнхэнд хичээл заах зэрэг ажилд өөрийгөө зориулж байна.
Бидний материаллаг хөгжилд хүрэх хүсэл, байгаль орчны сүйрлийн дүнд бий болсон Минаматагийн өвчний золиос болсон хүмүүсээ орхилгүйгээр цаашид юу хийж чадах вэ? Тэд биднийг одооноос эхлээд цаашид юу хийж чадахаа байнга бодож байхыг хүсч байгаа.
9. Мояай наоши гэж юу вэ?
“Мояай” гэдэг үг хоёр завийг холбох буюу хамтдаа ямар нэг юм хийх гэсэн утгатай. Бид хоршооны төслүүдийг “Мояай наоши” гэж нэрлэн Минаматагийн өвчний асуудлуудыг шийдвэрлэх, нэгэн цагт хүмүүсийн хоорондын, хүн байгалийн холбоо алдагдаж байсан энэ газарт нүүр тулах, ойлгох, хамтран ажиллахыг чухалчилсан.
Минаматагийн өвчин анх гарах үед хүмүүс өвчнийг халдварт өвчин гэж үзэж байсан тул өвчтнүүд айл хөршийнхөнтэйгөө хамт байхад бэрхшээлтэй болсон. Чиссогийн хаягдал усан дахь мөнгөнус өвчний шалтгаан гэдгийг тогтоосны дараа хүртэл Чиссогоос хамааралтай хүмүүс өвчтнүүдийг үл ойшоож байв. Шүүх ажиллагаа, нөхөн төлбөрийг Чиссогийн оршин тогтнолд халдах аюул гэж үзэж байв.
Дээр нь өвчтнүүдэд нөхөн төлбөр олгох тал дээр ялгавартай хандах, хонзогнох, гүтгэн доромжлох явдлууд гарч байв. Тодорхойлолт авахыг хүссэн хүмүүсийн дунд хуурамч шинж тэмдэг үзүүлсэн хүмүүс хүртэл байсан гэдэг. Өвчнийг шалтгааныг Чиссо компани тарьсан боловч Минамата санхүүгийн хувьд Чиссогоос хамааралтай байсан тул иргэдийн дунд тэмцэл, дайсагнал бий болсон. Өөр өөр талыг баримтласан хүмүүсийн харилцаа удааны хугацааны турш ноцтой байдалд байв.
Гэвч энэ бүх үл ойлголцлыг даван туулж дайсагналцснаар юуг ч бүтээхгүй гэдгийг ойлгосны дүнд удирдлага, иргэд, Минаматагийн өвчтнүүд яриа хэлэлцээ, үйл ажиллагааны дүнд Минаматаг дахин бүтээн байгуулахаар хамтран ажиллаж байна.
10. Бид Минаматагийн өвчнөөс юу сурч авах вэ?
Mинаматагийн өвчин Чиссогийн үйлдвэрийн хаягдлаар бохирдсон засаг, хавч, дун хясаа идсэнээс болж үүссэн. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн дунд тэмцэл үүссэн.
Минаматагийн иргэд ус, хоол хүнс бол хүний амьдралын гол хэрэгцээ тиймээс үнэлж баршгүй зүйл, гэр ахуйн ба аж үйлдвэрийн хог хаягдлыг байгаль орчныг бохирдуулах байдлаар хаяж болохгүй гэдгийг ойлгосон.
Массаар үйлдвэрлэж, массаар хэрэглэж, массаар хаяж байгаа нь бидний амьдралыг тав тухтай, хөгжингүй болгож байгаа боловч бидний байгаль орчин, эрүүл мэнд хорт утаа, химийн хор бордоо, хүнсний хадгалалтын бодисууд болон өөр олон янзын хорт бодисуудаас болж туйлдаж байна. Бид материалын хувьд баян амьдралынхаа тухай гадаад орнуудтай ямар харилцаатайгаасаа салгаж бодож үзэж ч чадахгүй. Минаматагийн өвчин бидэнд өвчтөн бас гэмт хэрэгтэн болохыг маань хэлж өгч байгаа юм.
Мөн бид байгаль орчныхоо хүчин амьдарч байгаа гэдэг үүднээс байгаль орчинтойгоо зэрэгцэн орших, хүмүүс, гол мөрөн, далай тэнгисийн тухай бодох, найдвартай хоол хүнсний талаар бодох, ахуйн ба үйлдвэрийн хог хаягдлыг багасгах дахин боловсруулах ба орон нутгийн асуудлаа шийдвэрлэхийг анхааруулж байна.
Минаматагийн өвчний талаар мэдвэл зохих 10 зүйл
Энэ товхимол “Минаматагийн өвчний талаар мэдвэл зохих 10 зүйл” товхимолын шинэчилсэн хөврүүлэг болно \Анхны хэвлэл 1994 оны 11 дүгээр сар, шинэчилсэн 1997 оны 9 дүгээр сар\.
Зохиосон: Минамата хотын Минаматагийн өвчний музей
Утас: 0966-62-2621
Минаматагийн өвчний музей
Утас: 0966-63-5800
Хамтарсан: Тацуо Ямамото
\зургийг\ Хироюки Хизен
Минаматагийн өвчний үндэсний институт
Хэвлэсэн: Минаматагийн байгаль орчны бүтээн байгуулалтын төсөл
Удирдах хороо
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment