Яагаад эхэндээ бүх зүйл сайхан байсан мөртлөө тодорхой хугацааны дараа үнс нурам төдийхөн болж хоцордог юм бол? Заримдаа үнэхээр учрах төөрөггүй хүмүүс гэж байдаг ч, ихэвчлэн бид өөрсдийнхөө муу зуршлуудаас болоод сайхан хайрыг “нүцгэн гараараа” хөнөөж орхидог.
Бид өөрсдийнхөө буруу гэдгийг мэддэг хирнээ л, хийсэн алдаатайгаа нүүр тулж харьцахаас айн зугтсаар байдаг. Тэгээд л дараагийн харилцаан дээрээ яг өнөөх алдаагаа гаргаж эхэлнэ. Сэтгэлзүйн муу зуршлуудаа хаях цаг болжээ!
1. Хүн бүрийг өөрсдийнхөө хэрэгт хутгах
Зарим хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгаж чаддаггүй. Нөхөртэйгөө хийсэн хэрүүлийн деталь бүрийг найзууд чинь мэдэх албагүй. Магадгүй тэр маргааны дараа чи хайртыгаа уучиллаа ч, найз бүсгүйчүүд чинь хамтрагчид чинь муу санасан хэвээр хоцрох болно. Эсвэл найзуудаас чинь хэн нэг нь өөр хүнд та хоёрын тухай ярьж, хайрт чинь өөрсдийнхөө тухай хүмүүст ярилаа гэж уурлах болно. Өөрийнхөө амьдралыг өөрөө л авч яв.
2. Маргаандаа шударга бус хандах
Хос болгон хоорондоо үг зөрдөг. Энэ бол маргаангүй үнэн. Гэвч зөрчилдсөөр байх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гэж оролдох хоёр өөр юм. Хэн нэгний эмзэг сэдвээр оролдох, хувийн нууцыг нь сөргүүлж хэлэх нь чамайг шударга бус гэдгийг харуулж байгаа юм. Хэрэлдэнэ гэдэг бүдүүлэг зан гаргах эрхтэй болно гэсэн үг биш. Хичнээн уур чинь хүрсэн байсан ч, хэрүүлийн дундуур хэлсэн үг чиний тэр хүнийг хэр үнэлдгийг харуулна. Магадгүй тэр хэлсэн үгийг чинь мартаж болох ч, чиний түүнд төрүүлсэн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Тиймээс эелдэг бай.
3. Хэзээ ч түрүүлж уучлал гуйхгүй байх
Уран цэцэн үгтэйнхээ ачаар ямар ч асуудлыг үргэлж өөрийнхөө зөв, эсрэг талынхаа буруу болгож дуусгадаг авъяастай бүсгүйчүүд бий. Гэхдээ төрөлхийн мэтгэлцэх чадвартай ийм эмэгтэйчүүд хайр дурлалын тал дээр яагаад амжилтыг олдоггүй гээч? Тэд хэзээ ч өөрийнх бурууг хүлээдэггүй юм. “Их мэдэгч”-тэй үерхэх хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Чамайг байнга гомдоодог хирнээ түүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нэгэнтэй хамт байвал тэр харилцаа Титаникаас хурдан мөхнө. Тийм биш гэж үү? Хайртыгаа хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй шүү.
4. Үргэлж хожимдох
Хэрэв чи түүнээр өөрийгөө хүндлүүлэхийг хүсч байвал, чи бас түүний цаг завыг хүндлэх ёстой юм. Үргэлж болзооноосоо хожимдох нь түүнийг чухалчилж үздэггүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ зуршлаа засахгүй бол чи нэг л өдөр өөрөө түүнийг хүлээгээд хоцорч мэдэх юм. Гэхдээ ганцаараа...
5. Өөрийгөө хайхрахаа болих
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ нь өөрийгөө хайхрахаа болихоос өөр юм шүү. Харилцааны эхний үед бид бүгд л гадаад төрхөндөө анхаардаг ч, түүний дэргэд тайван байдаг болмогцоо , өөрөөр хэлвэл түүнийг өөртөө дурласан гэдэгт бүрэн итгэлтэй болмогцоо гоо сайхандаа анхаарал хандуулахаа больж эхэлдэг. Буруу л хөдөлж байна даа. Мэдээж болзох болгондоо хөлөө өвтгөдөг өндөр өсгийтийг углаж, бүтэн цаг тольны өмнө эргэлдэх хэрэггүй л дээ. Гэхдээ анх түүнтэй уулзахдаа ямар тачаангуй, ялдам эмэгтэй байсан, яг тэр чигээрээ үлдэхийг эрмэлзээрэй. Өөрийгөө зөнд нь хаях нь хамтрагчид чинь өөрт нь таалагдах гэж хичээхээ больсон, эсвэл өмнөх сайхан бүсгүй зүгээр л “баг” байсан гэдэг 2 ойлголтын аль нэгийг өгнө. Ядаж л уруулаа өнгөлчих. Тэгэхгй бол тэр чиний өмнөх дүр төрхтэй адилхан бүсгүйг эрж эхэлнэ шүү.
6. Хамтрагчаа голох (“Түүнээс илүү нь надад олдоно!”)
Хэн нэгэнтэй дэр хуваана гэдэг бэлэг болохоос биш ял биш. Нэг хүнтэй удаан байгаад ирэхээр эхлээд түүнд яагаад дурласнаа бид мартаж орхидог юм. Хэрэв бид түүнийг үл тоомсорлож эхэлвэл тэр өөрийг нь үнэлдэг, хүндэлдэг, хайрлаж чаддаг өөр нэгнийг хайна. Өөр бүсгүйд чиний залууг чамаас илүү инээмсэглүүлэх боломжийг бүү олго.
Source: Goolingoo.mn
No comments:
Post a Comment