Аз жаргалтай амьдралыг цогцлооход хэрэгтэй нэн чухал чанар бол өөртөө итгэх итгэл. Хүн хичнээн ч мэдлэг чадвартай байсан гэсэн, өөрийгөө үнэлэхгүй бол ямар ч талбарт амжилтанд хүрч чадахгүй. Хүүхдийг өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй болоход аав ээжийн хандлага хамгийн том нөлөөтэй.
1. Хүүхэддээ хайр энэрэлийг мэдрүүл. Бид хэвлийд байхаас нь л хүүхэддээ хайрыг мэдрүүлдэг байх ёстой. Хүүхэддээ хичнээн ч уурласан байсан “Хэрвээ чи төрөөгүй байсан бол...”, “Чамайг гаргаснаас болоод...” гэсэн үгийг бүү хэл. Тэр таны хувьд ямар нандин хүн болохоо мэдрэх эрхтэй. Хайрлагдана гэдэг хүүхдэд ирээдүйд амьдрах итгэлийг өгдөг.
2. Магтаж сайшаа. Та хүүхдээ мэдлэг боловсролтой, мундаг хүн болгоё л гэж бодож байвал гаргасан жаахан ч гэсэн ахиц дэвшлийг нь магтаж байх хэрэгтэй. “Ээж нь хүүгээрээ/охиноороо маш их бахархаж байна” гэдэг үгийг тогтмол хэл.
3. Гэхдээ үнэмшилтэй магтаал хэл. А үсэг бичиж сурлаа гээд, түүнийг “Энэ дэлхийн хамгийн ухаантай хүүхэд” гэсэн цолоор өргөмжлөх хэрэггүй. Ингэх нь түүнийг дэндүү онгироо, сэхүүн болгож магадгүй. “Би төвт” үзэлд хэт баригдсан хүүхэд найз нөхөдгүй нэгэн болж хувирдгийг санаж явахад илүүдэхгүй.
4. Зорилготой байхыг сурга. Түүнийг шалгалтан дээрээ 80B аваад ирэхэд нь “Сайн байна, дараагийн шалгалтан дээрээ бүр 90 авч чадна гэдэгт чинь ээж нь итгэж байна” гэж хэлээрэй. 5 настай охиндоо орой ажлаасаа тараад ирэхэд нь үдээсээ үдэж сурсан байх даалгавар өг. Энэ мэтчилэн жижиг зүйлс хүүхдэд тань өөрийгөө дайчлаж сурахад тусална.
5. Өөрийг нь биш, гаргасан үйлдлийг нь шүүмжил. Хэрэв таны хүүхэд дүүгээсээ тоглоомыг нь булааж авбал “Чи ямар муу хүүхэд вэ?” гэж зэмлэхийн оронд “Сайн ах нар дүүгээсээ тоглоом харамладаггүй юм” гэж хэлсэн нь дээр юм. Болж өгвөл муухай, муу гэсэн үгийг хэрэглэхээс зайлсхий.
6. Хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэл. Хэрэв таны хүүхэд “2+2=3” гэж бичсэн байвал шууд буруутгахын оронд яагаад тийм хариу гаргасан учрыг нь асуу. Тэр таныг гайхшруулах шалтгааныг хэлж ч магадгүй. Түүнчлэн бяцхан үрийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Багшийнхаа хэлсэн шүүмж үгэнд гомдож суувал, түүнд “Миний хүү багшийнхаа үгэнд гомдсон юм байна тийм үү?” гэж хэлээд бүх юм түүний сайн сайхны төлөө болохыг хэл. Өөрт нь мэдрэгдэж буй зүйлийг өөр хүн ч бас ойлгож байгааг мэдвэл тэр илүү нээлттэй байж чадна.
7. Хүүхдээрээ бахарх. Түүн шиг мундаг хүүгийн/охины ээж аав болсондоо ямар их баяртай байдгаа байнга мэдрүүлж бай.
8. Хүүхэддээ бусдын талаар сайнаар ярьж өг. Найзууд, гэр бүл, өвөө эмээ зэрэг хайрлах ёстой хүмүүсийнх нь талаар эерэгээр ярьж өг.
9. Хүүхдээ хэзээ ч бусадтай бүү харьцуул. Ялангуяа ах дүү, найзуудтай нь түүнийг жишиж болохгүй. Ингэх нь түүнийг өөрийнхөө талаар муугаар бодоход, цаашлаад атаа хорсолтой болоход хүргэнэ. Таны хүүхэд байгаагаараа л онцгой, цорын ганц.
10. Багш, асрагчид нь хүүхдийнхээ сайн чанаруудыг хэл. Хичээлийн шинэ жил эхлэх үед хүүхдийнхээ багштай уулзаж, тэдэнд түүний юуг хамгийн сайн хийж чаддаг, юунд маш их дур сонирхолтой болохыг нь хэл. Таны хүүхэд бусдаас юугаараа өөр болохыг нь ойлгуул. Ингэвэл тэд таны үрийг эерэг нүдээр харна.
11. Тэднийг юу ч хийж байсан, хайрлана гэдгээ ойлгуул. Хичээл дээрээ муу дүн авсан ч бай, хамгийн үнэтэй даашинзыг тань урж орхисон ч бай, тэднийг хайрлахаа хэзээ ч болихгүй гэдгийг ойлгуул. Хүүхдэд хайрлагдахгүй байгаа мэт мэдрэмж хэзээ ч төрөх ёсгүй.
12. Эцэг эх ч бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийгөө ч бас эерэг өнцгөөс нь харж сурах ёстой. Хэрэв та өөрөө бүрэг, дуугүй, гутранги нэгэн бол хүүхдээ зоригтой болгож өсгөнө гэдэг юу л бол. Өөдрөг хүн л хэн нэгнийг үнэлж байгаагаа харуулж чадна.
No comments:
Post a Comment