Saturday, November 19, 2011

Нярайн шарлалт гэж юу вэ?

Нярай хүүхдийн 50-60 хувьд арьс нь шаргал туяатай болох үе байдаг бөгөөд үүнийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Энэ нь төрсний дараах эхний болон хоёрдах долоо хоногт тохиолддог. Ихэнх хүүхдэд нярайн шарлалт түр зуурын, аюул багатай зүйл байдаг бөгөөд энэ нь өөрөө аяндаа эсвэл бага зэргийн эмчилгээний үр дүнд арилдаг. Гэвч цөөн тохиолдолд хүнд хэлбэртэй тохиолддог бөгөөд энэ үед нүдэнд нь шарлалт илэрч байгаа эсэхийг маш сайн анзаарах хэрэгтэй.

Яагаад шарлалт үүсдэг вэ?

Цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пигментийн хэмжээ ихсэх нь арьсны шарлалтын шалтгаан болдог. Цусны хөгширсөн улаан эс задрах үед задарлын бүтээгдэхүүнээс нь билирубин үүсдэг байна. Бүх хүмүүсийн цусанд билирубин байдаг бөгөөд энэ нь элэг болон өтгөнөөр гадагшилдаг. Хүүхэд төрөхөөс өмнө жирэмсэн эмэгтэйн элэг түүний билирубиныг биеэс нь зайлуулж байдаг. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэг өөрийн үйл ажиллагааг бүрэн гүйцэд явуулж эхлэх хүртэл хэсэг хугацаа шаардагддаг. Энэ үед нярайн шарлалт хэмээн нэрлэгдэх арьс шаргал харагдах өөрчлөлт илэрдэг байна. Энэ хэлбэрийн шарлалтыг эмч нар нярайн физиологийн шарлалт гэж үздэг. Ихэвчлэн хүүхэдэд төрсний дараах 2-3 дахь хоногт шарлалт нь илрэх бөгөөд 2 долоо хоногийн дотор өөрөө аяндаа арилдаг. (Дутуу төрсөн хүүхдэд шарлалт нь 5-7 хоногт дээд хэмжээндээ хүрч 2 сар хүртэлх хугацаанд алга болдог) Шаргал өнгө нь хүүхдийн хөлийн хуруунаас эхлэн дээшилж цээж хүзүү болох хамгийн сүүлд нүүр гэсэн дараалалаар арилдаг байна.

Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт үүсэх нөхцөл болдог. Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгаран гарах ёстой билирубин биеэс бүрэн гадагшилдаггүй байна. Хэрэв ийм байдал үүсвэл эмчтэйгээ хүүхэд хооллолтын талаар зөвлөлдөх, хөхөөр хэрхэн зөв хооллох зөвлөгөө авах шаардлагатай.

Шарлалт нь хүүхдэд ямар нөлөөтэй вэ?

Шарлалт бол тийм ч санаа зовоох асуудал бишээ. Гэхдээ хүүхдийн цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хийхгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан нярай хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гардаг байна.

Шарлалт нь дараах хүүхдүүдэд илүүтэйгээр тохиолддог байна. Үүнд:

• Танай хүүхдүүдийн хэн нэг нь нярайн шарлалттай байсан бол

• Төрөх үеийн хөхрөлттэй төрсөн бол. (хөхрөлтийн нэг хэсэг болсон улаан эсүүд задрах үед биллирубин ихээр үүсдэг.)

• Дутуу төрсөн бол / дутуу төрсөн хүүхдийн элэг бүрэн үйл ажиллагаа явуулах чадваргүй байдаг тул билирубины солилцоонд дутуу оролцоно/

Шарлалттай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдийг төрөх үед шарлалтай эсэхийг эмч нар шалгаж үзнэ. Хэрвээ төрсөний дараах 24 цагийн дотор нярайн шарлалт илэрвэл зайлшгүй шинжилгээ хийх шаардлагатай. Мөн билирубины хэмжээ их байж магадгүй тохиолдолд төрсний дараах 3-5 хоногт мөн ажиглалтанд байдаг. Та төрөөд удалгүй эмнэлгээс гарсан тохиолдолд хүүхдийнхээ биеийг ээж та л сайтар ажиглаж байх нь чухал юм. Хүүхдээ шарлалттай эсэхийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

• Байгалийн гэрэлтэй орчинд хүүхдээ байлгах

• Хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгаа эсэхийг ажиглах

• Хэрвээ хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгаж үзээрэй.

Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 3-аас дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

Төрсний дараах эхний 24 цагт шарлалт илэрвэл энэ нь яаралтай хяналтанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Энэ төрлийн нярайн шарлалт нь нийтлэг биш бөгөөд голдуу эх болон хүүхдийн цусны бүлгийн тохиромжгүй байдлаас болдог. Хэрэв таны цусны бүлэг O эвсэл Rh-negative (резус сөрөг) бол энэ нь хүүхдийн цусны бүлэгтэй тохиромжгүй байж болох юм. Жирэмсний хяналтын үзлэгийн үед таны цусны бүлгийг тодорхойлж эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг мэдсэн байх шаардлагатай бөгөөд харин хүүхдийг төрөн төртөл нь цусны бүлгийг тодорхойлох боломжгүй байдаг. Иймд хүүхдийг төрөнгүүт цусны бүлгийг нь тодорхойлох шаардлагатай байдаг. Хэрэв та резус сөрөг цустай харин хүүхэд тань резус эерэг цустай байгаа нөхцөлд нярайн цус задрах өвчин үүсч болзошгүй. Мөн төрсний дараах эхний 24 цагт илэрч буй шарлалт нь элэг, цөсний хүүдий, ходоод гэдэсний эмгэг, мөн халдвар, төрөлтийн үеийн гэмтэл, дутуу төрөлт зэрэг шалтгаануудын улмаас үүсч болдог байна.

Шарлалтыг хэрхэн эмчлэх вэ?

Нярайн шарлалт ихэнх тохиолдолд аяндаа арилдаг боловч шаардлагатай тохиолдолд фото эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй, аюулгүй арга юм. Хүүхдийн нүдийг халхалж хэт ягаан туяагаар шарж өгснөөр билирубиныг шээсээр илүү хурдан ялгарах хэлбэрт шилжүүлдэг. Өөр нэгэн арга нь били-хөнжил хэмээх туяагаар шарах арга бөгөөд энэ нь эмчийн заавраар хийгдэх ёстой. Фото эмчилгээ нь ихэвчлэн үр дүн сайтай байдаг боловч хүнд хэлбэрийн шарлалттай хүүхэд болон эмчилгээний явцад хүүхдийн билирубины түвшин үргэлжлэн нэмэгдсээр байвал эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлж цус сэлбэх болон бусад эмчилгээ хийх шаардлагатай болдог. Та өөрөө хүүхдээ сайн хөхүүлж хооллосноор баасаар гадагшлах билирубины хэмжээг нэмэгдүүлж шарлалтыг багасахад туслах болно. Хэрэв танай хүүхдэд шарлалттай холбоотой асуудал байвал эмчид үзүүлж зөв арга хэмжээ авснаар хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.

Eh survalj: Mama.mn

No comments: