Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрх шээлтэй тулгардаг, тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг.
-Харин өөрийгөө хэт доогуур үнэлдэг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд үүнээсээ болж их шаналдаг. Ихэнх хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь бусдын буюу дарга, удирдах ажилтнуудын санаа, бодлоос хамаардаг. Уг нь энэ тохиолдолд сэтгэлзүйчийн тусламж хэрэгтэй.
-”Нөхөр нь хүнд өвчтэй, ээжийн хараа муудаад байгаа учир ганцааранг нь гэрт орхиж болохгүй байна, хүү маань гадаадад ажиллаж байгаа, гэтэл хүүхдүүдээ мартчихсан бололтой, мөнгө явуулахаа байлаа, хажуугаар нь эхнэрээсээ салж буй сурагтай” гээд л асуудал ундраад байдаг. Та бүх асуудлыг нэг мөсөн шийдэх гэж улайраад амжихгүй болохоор сэтгэлээр унаж, бухимдаж, уйлж унждаг уу? Үүний оронд та сэтгэлзүйчид ханд. Өөрөөсөө дэндүү ихийг шаардахаа боль. “Өдөрт нэг л ажил амжуул”. Энэ бол одоо таны уриа.
-Өөрийн үнэлгээгээ дээшлүүлэхэд заримдаа ялимгүй зүйл шаардагддаг. Тэвчишгүй гэж үзэж байсан амьдралын орчны ганц зүйлийг өөрчлөхөд л бүх зүйл өөрөөр харагдана. Танай ганц өрөөнд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нэг нь нялх гэж бодьё, суурь даавуу угаах, хөхүүлэх, угж сүү, хоол унд танд маш сайхан хэтийн төлөв бүхий шинэ ажил санал болгожээ. Таны унтаж байсан эрч хүч сэргэж, бүхнийг амжуулаад зогсохгүй, огт танигдахгүй цоо шинэ хүн болно. Энэ бол ч өөрийгөө зөв үнэлж чадсаны ач.
-Та үе үе гэнэт ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарладаг болсон уу? Хамт ажилладаг хүмүүсийн үйлдэл, шүүмжлэл таныг галзууруулах шахдаг уу? Яагаад гэж өөрөөсөө асуу. Хүн болгон л таныг чадах гээд санагдаад байна уу? Өөртөө итгэлтэй хүний толгойд хэзээ ч ийм бодол төрөхгүй гэдгийг ойлго. Энэ бүхэн бол та өөрийгөө хэт доогуур үнэлдэгийн баталгаа. Түүнээс гадна байнга түгших, огт шалтгаангүйгээр айх, бухимдах, бүхэнд хайхрамжгүй хандах, бусдаас үргэлж юм гуйх хүсэх, гомдоллох, өөрийгөө байгаа байдлаасаа дор муугаар харагдуулахыг, хичээх зэрэг олон шинж байдаг.
-Эдгээр шинж танд илэрвэл өөрийгөө эрхлүүл, дуртай хоолоо хийж ид, ямар нэг юм худалдаж ав, амралтанд долоо хоног сайхан амраад ир.
-Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх арга:
1.Хагас цаг тайван суугаад бод одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг.
2.Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хий сэн бол ахиж тийм явдал бүү гарга.
3.Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз.
4.Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныгол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил.
5.Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй.
6.Дандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргэлж санаж яв.
7.Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй. Тэгээд дургүй зүйлээ, эсвэл хийж чадахгүй зүйлээ амладаг.
8.Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл.
/Хань сонин/
No comments:
Post a Comment