Saturday, November 19, 2011

Хүүхдийг хүмүүжүүлэх монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас…

Хүнээр хүн хийж авна гэдэг бол эцэг эхчүүдийн ихээхэн тулгамддаг зүйлүүдийн нэг юм. Гэхдээ манай монголчууд хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж хүнээр хүн хийж авахдаа олон арван жилийн арвин туршлагатай ард түмэн юм. Монголчууд ихэвчлэн хүүхдийн хүмүүжилд ардын аман зохиолыг түлхүү хэрэглэж байсан байна. Үүнд: үлгэр, домог, туульс, зүйр, цэцэн үг, түргэн хэллэг, жороо үг, дайралцаан, мэтгэлцээн, наадам үг зэргээр хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж, уран цэцнээр өгүүлэх чадвартай, оюун ухааны өндөр чадамжтай, сэтгэн бодох чадваруудыг нь түлхүү хөгжүүлдэг байсан байна. Мөн үүгээр зогсохгүй тоглоом наадмаар хүүхдийг хүмүүжүүлдэг байсан. Үүнд: морь уралдах, хөвгүүдийг хооронд нь барилдуулах, цүү хаях, ардаа алчуур хаях, нуугдаж тоглох зэрэг тоглоом наадгайг хүүхэд хүмүүжүүлэх гол арга хэрэгсэлээ болгож байсан байна.

Мөн түүнчлэн монголын ард түмэн олон зууны турш хүүхдийг сурган хүмүүжүүлэх хэд хэдэн арга хэрэгслэлтэй байсан байна. Үүнд:

•  Монгол ард түмний зан заншил, ёс заншил

•  Эх хэл

•  Гэрийн сургууль гэх зэрэг арга хэрэгсэлүүд байдаг байна.

Мөн түүнчлэн монголчууд эрт дээр үеэс хүүхэд бүрийн зан авир өөр өөр байдагтай холбогдуулан өөр өөр аргаар сургаж хүмүүжүүлдэг байсан байна.

Жишээлбэл: Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга!

Ууртай хүнд ширүүн хэлбэл аюул болох тул ухуул!

Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна!

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул битгий хэрэгс! гэх мэтээр тусгасан байдаг байна.

Мөн хүүхдийн сурган хүмүүжүүлэхэд дараах зүйлсийг мөрдөх нь чухал. Үүнд:

Ардын сурган хүмүүжүүлэх 10 зарчим

1. Хүүхдээ зөв хайрла.

2. Хүүхдээ хамгаалж яв.

3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ.

4. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад.

5. Хүүхэдтэй цуг үйл хий.

6. Хүүхэддээ амьдрах ухаан заа.

7. Өөрийнх нь хүч чадлыг хэлж өг.

8. Чих зөөлөнтэй болго.

9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу.

10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга.

Хүүхдэд цээрлэх 6 зүйл

1. Гашуунаар бүү тэтгэ. Архи дарс гэх мэт согтууруулах ундаа хүүхдийн ой ухаанд муугаар нөлөөлдөг.

2. Амттанаар бүү цатга. Их чихэрлэг зүйл хэрэглэснээр шүд өвдөх чихрийн шижин болон бусад өвчлөлүүд үүсэх магадлалтай.

3. Өнгөнд бүү шунуул. Хүүхдийг багаас нь үнэт зүйл эдлүүлснээс хожим хэтэрхий цамаан болдог.

4. Мөнгөнд бүү шунуул. Хэтэрхий тансаглахаас болгоомжилж, аав ээжийн ариун цагаан буяныг арвижуулан хямгадах

5. Улай бүү үзүүл. Хүүхдэд улай үзүүлэх, элдэв хорон үг хэлэх, хэрэлдэх, зодолдох зэрэг үйлдлийг үзүүлэхгүй байх.

6. Нойронд бүү автуул. Манай ард түмэн ургах нартай уралдан босож ажил төрлөө амжуулдаг. Хэтэрхий их унтах нь цаг хугацаа алдах аюултай. Мөн монголчууд “Унтах идэх нь ихэдвэл уруудахын” шинж ч гэж ярьдаг.

Мөн түүнчлэл монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд:

“Гурав хүртлэх насны хүүхдээ хаан мэт дээдэл.

Тав хүртлэх насны хүүхдийг хатан мэт хайрла.

Таваас дээш насны хүүхэдтэй харцын ёсоор харьц.

Арван гурваас дээш насны хүүхэдтэй найзын ёсоор харьц” гэсэн байдаг ба энэ нь хүүхдийн нас насны онцлогт нь тааруулж харьцаж байх нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг гэсэн санааг агуулж байгаа юм.

Eh survalj: Mama.mn

No comments: