Saturday, November 19, 2011

Хүүхдийн чихээр хатгуулах

Хүүхдийн чихээр хатгуулах нь олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Чихээр хатгах нь ихэвчлэн нярай болон бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог өвчлөл юм. Учир нь хүүхдүүдийн сонсголын гуурсны онцлогоос хамаардаг байна. Хүүхдийн сонсголын гуурс өргөн, богино хөндлөн байрлах ба зөөлөн эдээр баялаг байдаг. Иймд залгиур болон хамарт байгаа нян нь хялбархан дунд чих рүү дамжин орох боломжтой. Ингээд дунд чихэнд орсон нян тэнд үрэвсэл үүсгэн хавагнуулснаас гуурс битүүрч түүгээр агаар орох боломжгүй болно. Ингэснээр дунд чихнээс ялгарах шингэн зайлуулагдаж чаддаггүй үрэвсэж хүүхдийн чих өвддөг байна. Нярай хүүхдийн чихээр хатгах нь дараах шалтгаануудаас үүдэн өвчилдөг. Үүнд:

• Ханиад томуугаар өвчлөх

• Улаан бурханаар өвчлөх

• Ягаан эсэргэнээр өвдөх

• Төрөх үед хүүхдийн дунд чихний хөндийд ургийн ус орсноос

• Хүүхдийн чихийг бөглөлгүйгээр гадуур салхинд гаргах зэргээс шалтгаалан хүүхдийн чих өвдөг байна.

Хүүхдийн чих өвдөхөд дараах шинж тэмдэгүүд илэрнэ. Үүнд:

1. Хүүхэд уйланхай болох

2. Толгойгоо хоёр тийш хөдөлгөж мөрөө шөргөөх

3. Гэнэт уйлах

4. Гараа сарвагануулж чихэндээ хүргэх гэж оролдох

5. Хөхөө хөхөхдөө уйлах. Учир нь сүүгээ сорох залгих явцад чихний хөндийд даралт үүссэнээр чих өвддөг

6. Хамар нь битүүрэх

7. Халуурах, өтгөн нь шингэрэх

8. Чихний арын овгор дээр дарахад уйлах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд хүүхдийн чихээр хатгаж байгааг илэрхийлнэ.

Хөхнөөсөө гарсан том хүүхдэд дараах байдлаар шинж тэмдэг нь илэрнэ.

1. 1. Дүлийрэх

2. 2. Чих жингэнэх буюу шуугих

3. 3. Тэнцвэр алдах

4. 4. Сонсгол муудах

5. 5. Цочромтгой болох гэх мэтээр шинж тэмдэг нь илэрдэг байна.

Эмчилгээ

Хүүхдийн чихээр хатгуулж байгаа тохиолдолд даруй эмчлэх нь чухал. Хэрвээ эмчлэхгүй удвал тархины мэнэн өвчинөөр өвчлөх өндөр магадлалтай байдаг. Чихээр хатгуулах өвчинийг дараах байдлаар эмчилнэ.

Эмчид үзүүлэх хүртэл хүүхдийг аль болох тайван байлгаж уйлуулахгүй байх хэрэгтэй. Чихний ард жижигхэн шилэнд бүлээн ус хийж жин тавина. Хамрыг нь сайн цэвэрлэнэ. Шүүс, ус, идээт булингар гарч буй талаар нь хэвтүүлнэ. Өлгийтэй хүүхдийг өлгийдэж шүүс гарч байгаа талаар нь үл ялих хазайлгаж хэвтүүлнэ. Нэн яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдийг эмчилнэ. Эмчийн заавраар өндөр халуурах үед хүүхдэд зориулсан өвчин намдаах, халуун бууруулах лаа эм, чихэнд дусаах дусаагуур хэрэглэж болно.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Хүүхдээ хөхүүлэхдээ аль болох хамрыг ил гаргаж амьгалахад чөлөөтэй байлгах хэрэгтэй. Мөн хүүхдийг хэвтэж байхдаа хөхүүлж болохгүй. Ханиад хүрсэн тохиолдолд хамрыг нь сайтар цэвэрлэж битүү байлгаж огт болохгүй. Мөн хүйтэн сэрүүн, салхитай өдрүүдэд хүүхдийн чихийг сайтар бөглөж гадуур гаргах хэрэгтэй.

Ээжүүдэд анхааруулахад:

Өвдсөнөөс хойш хэдэн долоо хоногийн турш дунд чихний хөндийд шингэн байсаар байдаг. Хэдэн сарын дараа уг шингэн өөрөө аяндаа шимэгддэг. Хэрэв шингэн шимэгдэхгүй бол /хүүхэд их цочромтгой байх, сонсгол нь сайжрахгүй бол / эмчид яаралтай хандах чухал.

Eh survalj: Mama.mn

No comments: