Thursday, November 3, 2011

Үс уналтыг эмчлэх арга

Үс унах нь түр зуурын, халзралт гэсэн хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай.

Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна. Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй, гэхдээ бас буруу хооллолт ч нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой.

Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Үсний түр уналтын үед

Үсийг өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан нь олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй.

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд үс уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дур-гүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно.

Тухайлбал:

Хуйхандаа иллэг хийх. Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск

Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20-30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай В аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск

Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй. Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.

Үсэндээ тэжээл өгөх хэрэгтэй. Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Туулайн мах, ногоон вандуй, тугалын мах, буурцаг тогтмол хоол хүнсэндээ хэрэглэж занш. Мөн цитрусын төрлийн жимс, киви идэх хэрэгтэй.

Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралт

Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай.

/Геологи уул уурхайн мэдээ/

No comments: