Saturday, November 19, 2011

Хүүхдийн сэтгэл зүй

Хүүхдийн сэтгэл зүй нь үүсээд 100 жил болж байгаа болохоор харьцангуй залуу шинжлэх ухаанд тооцогддог. Дээхэн үед төрөлт их, хүүхдийн эндэгдэл ч их байсан болохоор хүүхэд насыг тэгэсхийгээд л өнгөрдөг, анхаарал татахааргүй зүйл гэж үздэг байсан. Хүүхэдтэй холбоотой түүх, соёлын дурсгал тун цөөн байдаг нь үүний нэг нотолгоо юм.

Бас нэгэн жишээ нь хүүхдийн хувцаслалт гэж үздэг. Хүн аль болох хурдан хүүхэд наснаас гарч, том хүмүүсийн амьдралд хөл тавих ёстой гэж үздэг байсан болохоор хүүхдэд зориулсан тусгай хувцас ч үүсээд хэдхэн зууныг нь үдэж байна.

Хүүхдийн сэтгэл зүй нь бусад бүх сэтгэл зүйгээс шинжилгээний онцгой нэгжээр ялгагдана. Энэ нь нас буюу хөгжлийн үе шатууд юм. Ингэхэд насны тоо ба сэтгэл зүйн нас хоёр нь давхцах албагүй. Дийлэнх тохиолдолд амьтны оюун ухааны хөгжил өндөр байх тусам төрөхдөө бие даах чадвараар дорой байж, хүүхэд нас нь удаан үргэлжилдэг.

Хүүхдийн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь удамшиж ирсэн өгөгдлүүд үү, эсвэл орчин уу гэсэн маргаан нь конвергенцийн онолыг бий болгосон. Конвергенц гэдэг латинаар ойртуулах гэсэн үгнээс гаралтай болохоор хүүхдийн хөгжилд удамшил, орчин хоёр адилхан нөлөөлдөг гэсэн онол юм.

Сэтгэл судлаач З. Фрейд нь хүүхдийн сэтгэл зүйг ойлгоход маш их үүрэг гүйцэтгэсэн юм. Фрейд нь өөрийн боловсруулсан чөлөөт төсөөллийн аргыг ашиглан насанд хүрэгчдийн сэтгэл зүйг шинжлэх явцдаа сэтгэцийн дийлэнх асуудлын шалтгаан нь хүүхэд насанд авсан сэтгэгдэлд байна гэсэн дүгнэлт хийсэн юм. Түүнчлэн Фрейдын охин Анна Фрейд нь сэтгэгдлийг судлахад тоглоом анхдагч үүрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан юм.

Хүүхдийн сэтгэл зүйн талаарх Э.Эриксоны байр суурь нь сэтгэл зүйн хөгжлийг үе шатуудад хувааснаараа сонирхолтой юм. Үүнд:

o • I үе шат. Нярайн үе. Энэ шатанд үед хүрээлэн буй орчинд итгэх суурь итгэл бүрэлдэн тогтоно. Иймд хүүхдийг тэвэрч, түүн рүү инээж, бүүвэйлж, түүнтэй ярилцана. Энэ шатанд элдэв цээр, албадлага ашиглалгүйгээр өөртэй нь ингэж харьцаж байгаа нь цаанаа ямар нэгэн утгатай гэдгийг ойлгуулах нь маш чухал. Гэвч амьдрал дээр ямар ч цээр, албадлага ашиглахгүй байна гэж бараг байдаггүй.

o II үе шат. Бага нас. Энэ үед хүүхэд өөрийгөө бие даасан, чөлөөтэй гэдгийг ойлгон, түүнээ хамгаалан, бусдаас хамааралгүй шинэ “Би”-тэй болсноо нотлохыг хичээнэ. Энэ бүхэн нь хүүхдийг хөлд орсон цагаас эхэлнэ. Ичих, эргэлзэх мэдрэжмтэй болно. Өөрөөр хэлбэл нэг талаас биеэ даахыг эрмэлзэх, нөгөө талаас ичих, эргэлзэх мэдрэмж. Ийм нөхцөлд хүүхдийн бие даах эрмэлзэлийг хэт цээрлэж, хорих нь цаашид үргэлж эргэлзэх, ичих хандлагатай хүн болгон төлөвшүүлэх аюултай.

o III үе шат. Зугаацаж, наадах нас. Энэ шатанд идэвхтэй эрэлхийлэн хэрэгжүүлэх, санаачлага гаргах чадвар бүрэлдэн тогтдог.

o IV үе шат. Сургуулийн нас. Энэ насанд өөрийгөө бусадтай адилгүй зан чанартай байгааг болон бусдаас сул дорой байдалтай байгааг мэдрэх гэсэн хоёр мэдрэмж хэт давамгайлах аюул их байдаг. Эцэг, эхийн халамж, оролцооны тусламжтгайгаар сургуулийн зүгээс тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байх нь хүүхдийн хувьд ач холбогдлоо алдаж, гэр бүл нь хамгийн таатай, дотно газар нь болж хувирдаг.

o V үе шат. Хямралын үе. Энэ шатанд хүүхэд нас дуус, бие даасан том хүний амьдралд хөл тавихтай холбоотой гүнзгий хямрал үүснэ.

Ийнхүү нэг үе шатаас нөгөөд дамжин хөгжиж буй хүүхдийн сэтгэц нь тухайн үе шатанд ч тэр, дараагийн шатанд шилжихдээ ч тэр нэг цул байдаг тул хүүхдийн сэтгэл зүйг аль нэг үе шатанд нь тусгаарлан, хэсэгчлэн судлах нь зүйд нийцэхгүй.

Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь энэ хямралын үе юм. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт гүйцэхээс гадна сэтгэл зүйн хувьд насанд хүрдэг. Улмаар энэ насны хүүхэд сэтгэл санаа болон биеийн хувьд өөрийгөө эцэг, эхээсээ тусгаарлаж, холдон өөрийн гэсэн үнэт зүйлс, үзэл бодол, танилын хүрээтэй болохыг эрмэлзэж эхэлнэ. Тун саяхныг хүртэл шимтэн сонсдог байсан эцэг, эхийнх нь үг, бодол үнэ цэнээ алдаж, үе тэнгийнхний нь бодол санаа илүү ач холбогдолтой болж ирнэ.

Насанд хүрч бие даах үйл явц нь хүүхэд болгонд адилгүй. Зарим хүүхэд сэтгэл санааны дотно байдлаа огцом таслаж, хэт түрэмгий байдал гарган бодит шалтгаангүй үгүйсгэсэн харьцаатай болж, юм болгон дээр өөрийн бие даасан, тусгаар байдалтай харуулах гэнэ. Тийм ч болохоор гэр бүлийнхээ уламжлал, дэг жаягийг ямагт эсэргүүцдэг.

Гэтэл зарим нь 16 хүрчихсэн атлаа хүүхдийн тоглоом сонирхсон хэвээр байж, үе тэнгийнхнээсээ дөлөх, багын адил юм болгон дээр том эцэг, эхийнхээ дэмжлэг туслалцааг авах гэх зэргээр өөртөө итгэлгүй байдал байнга гаргадаг эцэг, эхийн санааг багагүй зовоодог.

Ямар ч байсан энэ үед хүүхэд, эцэг эхчүүдийн харьцаанд хямрал үүсдэг. Үүний эцэг эхчүүд бэлтгэлтэй байж, заримдаа наанаа элдэв сөрөг үзэгдэл илэрдэг ч дотроо хүүхдийнх нь ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх эерэг өөрчлөлтүүд гарч байдаг гэдгийг ойлгодог байх ёстой.

Үүнээс гадна дан ганц эцэг, эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хэцүү байдаг гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд ба эцэг, эхчүүд хоорондын харьцаа нь ойлголт, ухаалаг хяналт, халамж дээр тогтож байх ёстой. Иймд хүүхдээ тоохоо болих, эсвэл хэт хатуу хяналтанд байлгах нь буруу юм. Хамгийн байж боломгүй зүйл нь сэтгэлийн хэлхээс тасарч, хүүхдийг зөнд нь орхих юм.

No comments: