Saturday, November 19, 2011

Охин минь ээждээ гомдвол гомддоо

Ээжтэйгээ ярих дургуй гэвүү охин минь
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Бүлээрч хоносон шөнөжин "ээжээ" дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл алсаас тарни шивнэж бурханд даатгачаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж өгөөгүй
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Орчлонд мөрөө тамгалж хөлд оржээ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй, хол байлаа
Орхиж гарчаад хайртай гэж хуурдаг муу ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо

Ангирхан чи минь ээжээ гэж хэлд оржээ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан муу ээждээ
Амь минь чи гомдвол гомддоо

Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь

Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэн уужирдаг шүү үр минь

Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа жиндэх вий гээд
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж явнаа

Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа өвдөх вий гээд
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л чамайгаа үнсэж явнаа

Амьтны хүүхэд аав ээжтэйгээ эрхэлж л байг яахав
Адилхан миний үр элэг бүтэн юм чинь
Алаг зүрхний минь гүнд амин хайраар уяатай
Алхам зайгүй ээжтэйгээ явдаг юм чинь

Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь

Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйнээ
Шувуудын түрүүчээр ээж нь үрдээ очноо

Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүд бүрийг чинь амилуулнаа

....... ээж нь үрдээ очноо

Goyo shuleg bnaa. Uree sanaad setgel uvdchihluu. Zohiogchiig ni olsongui.

Eh survalj: mglradio.com

No comments: