Saturday, November 19, 2011

Нярай хүүхдийг хувцаслах ба хувцасыг нь тайлах

Хүүхдийг өлгийдөөөгүй тохиолдолд хувцаслах хэрэгтэй. Тиймээс хүүхдийн хувцасанд нь илүүтэйгээр анхаарал хандуулах нь зүйтэй. Мөн түүнчлэн хүүхдийн бөгсөн хэсгийг хамгаалахын тулд живх болон даавууг хийж өгөх хэрэгтэй. Нярай хүүхэд толгойгоороо маш их хэмжээний дулаан алддаг тул түүнд зайлшгүй малгай өмсгөх нь чухал юм. Нярай хүүхдийн хувцасыг сонгохдоо аль болох хөдөлгөөнд нь саад учруулахгүй байхаар сонгох хэрэгтэй. Хүүхдийн хувцасыг угаалгын машинаар угаах боломжтой, хөдөлгөөн хязгаарлахгүй уян хатан шинж чанартай, байгалийн гаралтай материалаар хийсэн байх хэрэгтэй ба угаахад будаг гардаггүй байх нь чухал. Хүүхдийн хувцасанд оосор бүч, уяа, цахилгаан товч байх шаардлагагүй. Учир нь эдгээр нь хүүхдийг нухаж арьсыг цочроодог байна. Мөн хүүхдэд шинээр худалдаж авсан хувцасаа заавал угааж ариутгаж байж өмсгөх хэрэгтэй. Учир нь үйлдвэрлэлтийн үеийн химийн хор, худалдаалах явцад гаднаас нян орсон байж болзошгүй юм. Хүүхдийн хувцасыг угаалгын нунтаг, зайлагчаар зайлж болохгүй ба учир нь эдгээр бодисууд нь хүүхдийн арьсанд харшил өгөх магадлалтай байдаг.

Нярай хүүхдийн хувцасанд анхаарах зүйлс:

• - Хүүхдэд байнга малгай өмсгөх, нярай хүүхэд толгойгоороо дулаанаа алддаг тийм учраас түүнд малгай өмсгөх чухал. Халуун өдрүүдэд хүүхдэд нарнаас хамгаалсан малгайг өмсгөх хэрэгтэй.

• - Бээлий. Нярай хүүхдэд бээлийн өмсгөх нь зайлшгүй хэрэгтэй зүйл. Учир нь хүүхэд гараараа нүдээ хатгах, нүүрээ урах зэрэг сөрөг үр дагавартай байдаг.

• - Дугтуй захтай цамц. Энэ нь хүүхдийн толгой чөлөөтэй орж гардаг байна.

• - Бойтог. Энэ нь хүүхдийн хөлийг дулаан байлгах зориулалттай ба дотроо зайтай хөл нь чөлөөтэй хөдөлж байх хэрэгтэй.

• - Бүтүү сунадаг хувцас, энэ нь маш өргөн хэрэглэддэг ба өмсөхөд хялбар, хүүхэд мөлхөж эхэлтлээ өмсөх бөгөөд удаан эдэлгээтэй тул эдийн засагт ч хэмнэлттэй байдаг байна.

• - Охидын плате. Энэхүү охидын даашинз нь дотуураа өмсөх трикотой хамт байдаг тул хүүхдийн хөлийг дулаахан байлгадаг. Гэхдээ трико нь хүүхдийн гуя хөлийг хэт чанга барихгүй байх нь чухал

• - Хөвөн даавуун зөөлөн оймс. Оймс нь хөлд эвтэйхэн, зайтай, хүүхдийн хөл болон хөлийн хуруунуудыг барихгүй байх хэрэгтэй.

• - Дардаг товчлууртай ба зангуутай хувцас сонгох нь чухал. Учир нь урдаа болон салтаан доороо дардаг товч болон зангуутай байх нь хүүхдийн живхийг солих ба хувцаслахад хялбар байх болно. Дээрх хувцасыг сонгож хүүхдэд өмсгөх хэрэгтэй.

Хүүхдийг яаж хувцаслах вэ?

Хүүхэд ер нь биенд нь хамаагүй хүрэхэд уурлаж уйлдаг. Тиймээс ээж аавуудын нэг санаа зовдог зүйл бол яах аргагүй хүүхдээ хувцаслах байдаг. Тиймээс түүнийг хувцаслахдаа тэвэрч, энхрийлэх, үнсэх зэргээр аргадаж байгаад хувцаслах ба эхлээд бүх хувцасаа өмсгөхөд бэлдэж тавих хэрэгтэй. Хүүхдэд ширүүн хандаж болохгүй түүнд маш болгоомжтой зөөлөн хандах нь чухал.

1. Дотуур цамц өмсгөх. Цамцны энгэрийг өөр лүү харуулаад гартаа цамцаа хумхиж барина. Цамцны арын хэсгийг хүүхдийн толгойн дээд хэсэгт нь байрлуулна.

2. Зөөлнөөр хүүхдийн эрүүн доор цамцны урд талыг оруулах ба цамцыг аль болох өргөөш нь сунгаж хүүхдийн нүүрэнд хүрэхгүй байх

3. Хүүхдийн толгой ба биеийн дээд хэсгийг дээш өргөж цамцны арын хэсгийг доош нь буулгах

4. Хэрвээ хүүхдийн цамц ханцуйтай бол та өөрийнхөө нэг гарын хуруунуудыг ханцуйнд хийж ханцуйг өргөн болгох ба нөгөө гараараа хүүхдийн гарыг барьж өргөн болгосон ханцуй луу хийнэ

5. Хуниастай хүүхдийн гэдсэн дээр байгаа цамцыг зөөлөн доош нь татаад салтаан доор байгаа товчийг товчилно.

Бүтэн биеийн сунадаг цамцыг өмсгөхдөө:

1. Хүүхдийн хувцасны бүх товчийг тайлж бэлдээд орон дээрээ тавих бөгөөд хүүхдээ хувцасан дээрээ тавина.

2. Цамцны өрөөсөн гуяыг хумиж бариад хүүхдийн хөлийг болгоомжтой дотор хийнэ.

3. Та нэг гараараа хувцасны ханцуйны нь үзүүрээс барьж дээш нь болгоод ханцуйг хумхиж барина. Ханцуйны нүхийг аль болох том болгож сунгах хэрэгтэй ба ингэснээрээ хүүхдийн хуруунууд чөлөөтэй орох болно. Нөгөө гараараа хүүхдийн гарыг ханцуй руу чиглүүлж хийх ба эхний гарт бариулснаар хувцасны ханцуйг өмсгөж дуусах болно.

4. Ингээд сүүлд хувцасны бүх дардаг товчийг товчлох хэрэгтэй.

Нярай хүүхдийн хувцасыг тайлах

Хүүхдийг орон дээрээ эвтэйхэн хэвтүүлээд хувцасыг нь тайлахад бэлдэх хэрэгтэй ба гэнэт хувцасыг нь тайлахад хүйтэн агаараас үүдэн хүүхдийн гэдэс дүүрэх зэрэг таагүй мэдрэмж төрөх магадлалтай тул хүүхдийн гэдсийг илж жаахан дулаацуулж байгаад хувцасыг тайлах хэрэгтэй. Хувцасыг нь тайлсны дараагаар хүүхдийг хурдан өлгийдөх буюу дулаан хөнжлөөр хучих нь зүйтэй.

Битүү хувцасыг тайлах

• - Хувцасны бүх товчнуудыг тайлж нэг гараараа хүүхдийн хувцасан дотуур гараа оруулж хөлийг нь дээш нь сугалж авна

• - Ингээд хөлийг нь сугалсаны дараа хувцасыг дээш болгож нуруун дор нь байрлуулна

• - Тэгээд дээд хэсгийг нь тайлахдаа ханцуйн дотор гараа хийж хүүхдийнхээ тохойноос барьж нөгөө гараараа ханцуйны үзүүрээс татаж сугалж тайлна.

• - Хүүхдийнхээ хүзүү, нуруун доогуур гараа хийж биеийн дээд хэсгийг өргөж тайлсан хувцасаа татаж авна.

• - Цамцыг бүхэлд хумиж барих, ингэснээрээ хүүхдийн нүүрийг шүргэхгүй байх

• - Цамцны зах хэсгийг аль болох сунгаж татах хэрэгтэй ба эвтэйхнээр хүүхдийн толгойноос гаргана

• - Ингээд хүүхдийн нуруу, хүзүүг өргөж тайлсан цамцаа татаж авна.

No comments: