Saturday, November 5, 2011

"Дотор хүн" буюу хүний дотоод ертөнц гэж чухам юу вэ

Эрхэм уншигч та сэтгэлдээ юу гэж бодно, энэ бүхэн чинь дотоод ертөнцөд чинь хуримтлагдан "дотор хүн"-д нөлөөлдөг байна.

Өөрөөр хэлбэл юу бодож байна тэр л зураглалаар болно гэсэн үг. Жишээ нь өвдчихгүй юмсан, хэрэлдчихгүй байх юмсан, ажилгүй болчих вий, шалгалтандаа уначихвал яана гэсэн гутранги бодол чинь тийм зураглалыг тархинд суулган дотоод оюун ухаан, "дотор хүн"-д нөлөөлдөг байна.

Амжилтанд хүрэх гэдэг тийм ч амар биш. Өөрөө өөрийгөө ялан дийлэх ч бас амаргүй хэрэг. Ямар нэгэн зүйлийг хийж бүтээнэ гэчихээд хийж бүтээсэн юмгүй тэгэсгээд нэг их шамдалгүй яваад байдаг. Энэ бол та "дотор хүн"- тэйгээ зөрчилдөөд хийж чадахгүй байгаа хэрэг. Иймээс "дотор хүн"-ээ өөрчлөхийн тулд та өөрөө хичээх хэрэгтэй. Бас "дотор хүн"-ээ зөв сэтгэхүй бодлоор хүмүүжүүлэх хэрэгтэй.

Гутранги бодолд хэзээ ч бүү авт. Үүнийхээ оронд бүгдийг хийж бүтээж чадна гэсэн эерэг бодлоор өөрийгөө цэнэглэ. Ингэж чадвал "дотор хүн" чинь чамайг залж чиглүүлээд юунд ч хүргээд өгнө. Амны билгээс ашдын билэг гэж үг байдаг. Ашид ирээдүйнхээ төлөө гэсэн зөв сэтгэлтэй байж эерэг бодлоор өөрийгөө цэнэглэж байвал аливаа үйлс бүхэн өөрөө аяндаа бүтэх магадлалтай.

Хүний сэтгэл зүрх гэдэг анхилуун цэцэгсээр дүүрэн цэцэрлэг л гэсэн үг. Харин цэцэрлэгч нь та өөрөө юм. Энэ цэцэрлэгийг урам зориг, идэвхи санаачлага гэх мэт хураар тэтгэж, хичээл зүтгэл, эр зориг гэх мэтийн бордоогоор сайтар бордож байвал анхилуун үнэрт тансаг цэцэгс өнгө өнгөөр дэлбээлж чамайг аз жаргалтай, баяр хөөртэй, өөдрөг үзэлтэй байлгах болно гэдэгт итгээрэй. Цэцэгсийн билэгдэл гэж бий. Үүнд,

-Улаан сарнай хайр дурлалыг,

-Шар сарнай гэр бүл нөхөрлөлийг,

-Цагаан сарнай эв эе, найр журмыг,

-Цэнхэр сарнай ажил хэрэг, үйлс бүхээлийг билэгдэж байдгийг санахад илүүдэхгүй.
Ертөнцийн түм буман цэцэгс бүхэн бүгд өөр өөрийн ид шидтэй. Ид шид бүхэн нь өөрийн гэсэн увьдистай. Цэцэгсийн анхилуун үнэр хүний дотоод сэтгэлд хүрч "дотор хүн"-д нөлөөлөх нь бий. Гэвч анхилуун үнэрт сайхан цэцэгсийн зэрэгцээ,

-Санаагаар унах,

-Гуниглах,

-Шаналах,

-Ирээдүйдээ үл итгэх,

-Харуусал гомдол... зэрэг сөрөг бүхнээр тэжээгдэн амилдаг хар сарнай хүртэл сэтгэл зүрхний цэцэгсийн хүрээлэнд ургана.

Хар муу санаа, атаа жөтөө, хор хөнөөлийн шарилж хамгийн том талбай эзэлж ургадаг. Иймд хог ургамлыг дэлгэрэн газар авахаас нь өмнө цэвэрлэх ёстой. Эс тэгвэл бусад анхилуун цэцэгсийг ургахад саад болно.
Өөрөө өөрийгөө зөв удирдах гэдэг ердөө л энэ болой. Дотоод ертөнц, дотоод сэтгэлийн цэцэрлэгт ургасан анхилуун үнэрт цэцэгсийг таниас өөр хэн ч тордон ургуулж чадахгүй. Зөвхөн та л өөрөө түүнийг тордож цэвэр тансаг, эрүүл өөдрөг байлгаж чадна. Эрхэм уншигч та бүхэн одоогоос "дотор хүн"-дээ зориулан сэтгэлийн далд ертөнцдөө анхилуун сайхан цэцэгсийн үрийг суулгаарай. Танд амжилт хүсье.

/Хань/

No comments: