Saturday, November 19, 2011

Хүүхдийг чийрэгжүүлэх

Монголчууд бид эрт дээр үеэс хүүхдээ нар, агаар, ус зэрэг байгалийн хүчин зүйлээр чийрэгжүүлж ирсэн уламжлалтай. Хүүхдийг ингэж чийрэгжүүлэх нь хүүхэд халуун хүйтэнд хэт цочромтгой бус дархлаа сайтай эрүүл чийрэг болон өсөн торнидог байна.

Агаараар чийрэгжүүлэх нь:

Бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөнд агаар салхи бол зайлшгүй чухал зүйл юм. Мөн түүнчлэн агаар салхи нь ямар үнэ төлбөргүй учир эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Иймээс хүүхдийг дулааны улиралд 1-3 настайд өдөрт 3-4 удаа 15-20 минут салхинд гаргах чухал ба харин хүйтний улиралд буюу \-15,-18 градус хүйтэн байх тохиолдолд салхинд гаргахгүйгээр хүүхдийн өрөөний салхивчийг онгойлгож агаар салхи оруулж байх нь чухал юм\. Мөн түүнчлэн хүүхдийг төрсний дараагаар хуурайлах бүрдээ 1-3 минут нүцгэн байлгах хэрэгтэй ба хүүхэд томрох тусам задгай байх хугацааг нэмэгдүүлж 10-15 минут хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Хүүхдийг хүйтэн сэрүүний улиралд гарч салхилуулахдаа хэт удаан байлгаж болохгүй ба гадаа хүйтэнд удаан уйлуулах нь хүүхэд хүйтэн агаар залгиж уушги үрэвсэх магадлалтай байдаг байна.

Агаарын засал

Энэхүү агаар засал гэдэг нь хүүхдийг 2 сартайгаас нь эхлэн өрөөний темпратурыг нэмэх 19-өөс нэмэх 15 градус хүртэл буулгаж хүүхдийн хувцасыг нимгэлэж өрөөний агаарт дасгахыг хэлнэ. 2 сартай хүүхдийг 18-19 градус темпратурт 3 нас хүрэхэд нь өрөөний темпратурыг 15-16 градус дулаантай болгох хэрэгтэй ба эхний агаар заслыг 3-5 минутаас эхлээд 30-45 минут хүртэл хугацааг сунгана. Ингээд агаар заслын эхний өдөр хүүхдийг майк, өмд, оймс, жижиг шаахайтай байлгана. 3-4 долоо хоногийн дараагаар зөвхөн майк улавчтай байлгах ба энэ үед хүүхэд чөлөөтэй идэвхитэй тоглож байх нь чухал юм.

Наран шарлага

Хүүхдийн биеийг наранд шарсанаар хүүхэд өөрт шаардлагатай Д амин дэмийг авдаг байна. Мөн түүнчлэн хүүхдийн цусны найрлагыг сайжруулж гадны хортой нөхцөлд хүүхдийн арьсыг бэлддэг ба рахитнаас урьдчилан сэргийлдэг байна. Наран шарлагыг хүүхдэд 4 сартайгаас эхлэн хийж эхлэх хэрэгтэй ба өглөөний 11 цаг, оройн 17 цагийн наранд хүүхдийг шарах нь үр дүнтэй байдаг байна. Эхлээд хүүхдийг наранд шарахдаа нэг минут нуруугаар нь, дахиад нэг минут хэвлийгээр нь нар луу харуулж хэвтүүлнэ. Энэхүү наранд шарах хугацааг 2 хоног бүрт нэг минут нэмэгдүүлсээр нэг ой хүрэхэд 20 минут хэртэй наранд шардаг байх хэрэгтэй. Ингээд нэгээс дээш насанд 30 минут, хэрвээ таны хүүхэд хөхдэг бол хөхүүлэхээсээ өмнө 30 минутын өмнө хөхүүлсний дараа 1-1,5 цагийн дараа наранд шарах нь үр дүнтэй байх болно. Хүүхэд бүтэн зуны турш 25-30-аас ихгүй наран шарлага хийсэн байх шаардлагатай. Ийнхүү хүүхдийг наранд шарж байхдаа хүүхдэд цагаан малгай өмсгөж, буцалсан ус сайн уулгах хэрэгтэй ба наранд унтуулж огт болохгүй. Наран шарлага нь хүүхэд бүрт тохиромжгүй тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй шүү ээжүүдээ.

Усан засал

Усан засал нь хүүхдийн амьсгалын дээд замын судаснууд хүчтэй агшихгүй байх ба хүүхдэд салхид цохиулах хатгалгаа тусах аюулаас урьдчилан сэргийлж чаддаг байна. Энэхүү усан засал нь усанд оруулах, усан арчилт, усан шавшлага, хөл угаах зэргээс бүрдэнэ.

Усанд оруулах

Нярай хүүхдийг цэвэр байлгах хэрэгтэй. Учир нь хүүхдийн арьс маш эмзэг зөөлөн байдаг тул хөлрөх, шүлс гоожих, шээх зэрэгт арьс нь цочирч улайдаг байна. Гэхдээ нярай хүүхдийн хүйг цөглөж гүйцсэний дараа усанд оруулах хэрэгтэй. Хүйн цөглөөгүй тохиолдолд хүүхдийг зөөлөн хөвөн даавуун алчуурыг буцалсан бүлээн усаар норгож биеийг нь зөөлөн арчиж цэвэрлэх хэрэгтэй. Нярай хүүхдийн нүүр гар зэргийг цэвэрлэхээс гадна түүнийг хуурайлах бүрдээ биеийн арьсыг цэвэрлэж байх ба нугалаа ихтэй \суга, цавь, хүзүү, гуя, чихний ар, бэлэг эрхтэнг\ хэсгийг илүү сайн цэвэрлэх ёстой. Ингээд хүйн цөглөсний дараа хүүхдийг бүтэн биеэр усанд оруулах хэрэгтэй. Тиймээс дараах зүйлсийг урьдчилан бэлдсэн байх шаардлагатай. Үүнд:

• - Хүүхэд усанд оруулахад тохиромжтой зориулалтын банн

• - Зориулалтын баннандаа ёроолоос нь дээш 10-15 см орчин буцалгаж хөргөсөн ус хийх ба усны темпратур нь 37С байна. Эхний 6 сар хүртэл ийм темпратуртай байх бөгөөд 6 сараас дээш сартай хүүхдэд 36С байна.

• - Хөвөн даавуун зөөлөн алчуур

• - Усанд орсны дараа өмсөх угаасан хувцас

• - Дулаан өлгий биеийн шингэн саван, хүүхдийн тос зэргийг бэлдсэн байх шаардлагатай.

Хүүхдийг дараах дарааллаар усан оруулах нь хэрэгтэй.

Хүүхдийг усанд оруулах гэж хувцасыг нь тайлахдаа хаалга цонхоо хааж салхи оруулахгүй байх нь чухал ба хүүхэд усанд оруулах тасалгааны темпратур нь 22С байх хэрэгтэй.

• - Хүүхдийн чихэнд ус оруулахаас сэргийлж ургамалын тосонд шингээсэн \гэхдээ тосыг сайн шахаж гаргасан байх\ хөвөнгөөр чихийг нь бөглөх

• - Хүүхдийг хөлнөөс эхлээд угааж эхэлдэг. Нэг гараараа хүүхдийнхээ хүзүү толгойг түшиж хөлнөөс эхлээд толгой хүртэл угаана

• - Хүүхдийн зориулалттай зөөлөн савангаар бүх биеийг нь жигд савандах ба биеийн нугалаа ихтэй газрууд болох хүзүү, цавь, суга, чихний ар тал, хөл гарын хуруунуудын хоорондох, бэлэг эрхтэнг сайтар угаах нь чухал

• - Нүдэнд нь савангийн хөөс орохоос сэргийлж хүүхдээ дээш харуулж байгаад духнаас нь дагз руу чиглүүлж угаах хэрэгтэй

• - Хүүхдээ усанд оруулж дууссаны дараа дээрээс нь бүлээн усан гоожуулж саванг арилгадаг.

Ус нь хүүхдийн биеийг бүрэн далдаж байх хэрэгтэй ба нэг нас хүрэхэд өнжөөд нэг удаа усанд оруулах, 1-3 насанд долоо хоногт 2-3 удаа, 4-өөс дээш насанд долоо хоногт нэг удаа усанд оруулна. Хүүхдийг уснаас гаргахдаа анх оруулсан уснаасаа 1-2 градус хүйтэн ус дээрээс нь гоожуулах ба ингээд хуурай зөөлөн алчуураах биеийг нь арчина.

Усан арчилт

Энэхүү усан арчилтыг хүүхдийг 5 сартайгаас эхлэн хийх хэрэгтэй бас зөөлөн үсэрхэг даавуун алчуурыг 36 градусын усанд базаж биеийг арчиж эхэлнэ. Дараах дарааллаар арчилтыг хийнэ. Хөлийн ул, эрээн булчин, гуя, гар, хэвлий, нуруу, цээж, хүзүү гэсэн дарааллаар усан арчилтыг хийнэ.

Энэ үед танай гэрийн дулаан 20 хэмээс доошгүй байх хэрэгтэй ба мөн анхны усан арчилт нь 36 градус байсан бол аажимаар усны темпратур буурч 30-33 градус болно.

Усан шавшлага

Хүүхдийг нэг наснаас нь эхлэн энэхүү усан шавшлагыг хийж эхэлдэг байна. Янз бүрийн хувин болон төрөл бүрийг хутгуураар ус хутгаж хүүхдийн дээрээс асгана. Ингэж усан шавшлагыг 1-2 минут хийгээд хүүхдий арьсыг улаан болтол нь зөөлөн алчуураар үрээд дараа нь дулаан хувцаслах нь чухал юм. Хүүхдийн дээрээс ус хийхдээ толгой дээрээс нь хийж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Хөл угаах

Хүүхдийн хөлийг угаахдаа нэг нас 6 сартайгаас 2 насны хооронд угааж эхлэх ба унтахын өмнө угаана. Хүүхдийн хөлийг угаахдаа 35-36 градус байх ба цаашид 3-4 хоног тутамд усныг темпратурыг нэг градусаар буулгасаар байгаад 18-22 градуст хүргэнэ. Хөлийг угааж эхлэхдээ дулааны улиралд эхлэх хэрэгтэй.

Eh survalj: Mama.mn

No comments: